Архад Бакула-ийн дүр
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.
Монгол, Энэтхэг хоёр улс нь түүх соёл,шашин шүтлэг, хэл зохиол болон анагаах ухааны 2800 гаруй жилийн өнө эртний уламжлалт харилцаатай улсууд билээ. Монгол, Энэтхэг улсын харилцаа буддизмын суурин дээр батжиж буй болсон бөгөөд буддын гүн ухаан хоёр орны соёл уламжлалд нэвт шингэжээ.
Бурхны шашин Монгол оронд зөвхөн хаадын орд өргөө, мэргэдийн хүрээгээр хязгаарлагдалгүй нийгэм, улс төр, оюун санааны амьдралыг бүрэн бүтэн хамарч, энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болон гүн гүнзгий шингэсэн байдаг. Энэтхэг, Монголын эртний суут эрдэмтдийн судар номын өргөн харилцаа, сургааль номлолоор дамжин Бурхан багш хийгээд арван зургаан Найдангийн дүрийг Монгол оронд бүтээж шүтсээр иржээ.

Бурхан багшийн номын дамжлага арван зүгтээ дэлгэрч, ерөөл учралаар бурхны арван зургаан Найдангийн нэг Бакула Ринбүчигийн XIX дүр Монгол орноо залран сүсэгтэн олонд ном айлдаж, бурхны шашин, соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Энэтхэгийн Латаг нутагт XIX дүрийн Бакула Ринбүчи 1917 онд мэндэлсэн бөгөөд 1970 онд Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны бага хуралд МБШТ зохион байгуулахад анх удаа уригдан ирсэн байна. БНЭУлсаас БНМАУ-д суух элчин сайдаар 1990 оноос томилогдон ажилласан бөгөөд Монгол оронд бурхны шашныг сэргээх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Урьд цагт Бурхан багшийн арван зургаан Найдан болон түүний нэг Бакула Архадыг Монголын дүрслэх урлаг, оюун санааны ертөнцөд хэрхэн дүрсэлж ирснийг товч танилцуулахыг зорьлоо.
Их хөлгөний уламжлалд дахин төрөх хэмээх чухал ойлголт байдаг байна. Хутагт лам хувилгаад, ринбүчи[1] дахин төрөх нь бодьсадвагийн хувьд хамаг амьтныг амгалантай учруулах дээд зорилготой ажээ. Энэхүү “эрдэнэ”-ий нэгэн болбоос Архад Бакула[2] бөгөөд шавь нар нь гэгээнтэн хэмээн үздэг байсан. Туйлын үнэний үүднээс Бакула нь Амитаба (Цаглашгүй гэрэлт) бурхны дүр юм. Энэхүү үнэний үүднээс өнгөрсөн, одоо, ирээдүй орон зай ялгаагүй. Харьцангуй үнэний үүднээс Бакула Ринбүчи өмнөх төрөлдөө Бурхан багшаас өмнө гэгээрэлд тэмүүлж олон дахин төрсөн түүхтэй. Эдгээр төрөлдөө Бакула тэжээхүйн ухаанд мэргэшжээ. Нэгэн цадиг болох Пали хувилбарт тэрээр бурхан багшийн өмнөх дүрийг эмчилж эдгээж байсан бөгөөд бурхан багштай дахин учиржээ. Ийнхүү Бакула Ринбүчи Бурхан багшийн Арван зургаан Найдангийн 9 дэхь нь болсон. Тэрээр бурхан багшийн шавь нарын хамгийн өндөр настай бөгөөд ахлах нь болжээ.
Бодьсадва нугуудын өмнөх дүрийн тухай сайтар бичсэн Төвд gNas bcu сударт Бакула Ринбүчигийн дүр дүрслэлийн тухай маш нарийн тэмдэглэсэн байна.
byang gi sgra mi snyan na ni
‘phags pa gnas brtan ba ku la
dgra bcom ehm po dgu brgyas bskor
phyag gnyis ni’u la ‘dzin phyag ‘tshal
Уттара Куругийн хойд тивд
Арьяа Стхавира Бакула
Есөн зуун Архатын чуулганд
Гартаа мангус барьж оршино.
Бакула Ринбүчиг тус сударт өгүүлсэнээр мангус буюу эрднээр бөөлжигч хулгана барьсан буйгаар дүрсэлдэг нь хамаг амьтдыг ундаалан тэтгэж, оюун санааны хувьд дундаршгүй их баялгийг тэтгэхийг бэлгэддэг.

Найдан Багула номын хувцас асаан, эрдэнээр бөөлжигч хулгана барьж, цэцэг навчин дээр дэвссэн олбог суудалд хагас завилан сууна. Түүний эрдэнээр бөөлжигч хулганад хүрсэн хэн боловч мэдрэхүйн таван эрхтний жаргалаар цэнгэж, хоосон чанарыг илтэд ухааран, хамаг амьтныг энэрэн хайрлах сэтгэл төрдөг хэмээн судар номонд бичсэн байдаг. Тэрбээр хойд Даминян тивийн уулнаа 900 архадын хамт амьдардаг бөгөөд тус тивийн хүмүүс 1000 насалж, дуу чимээг нүдээрээ харж чаддаг хэмээдэг.

Шүтээн зурагт зохиомжийн төв голд Бурхан Багш 2 шавьтайгаа, тойруулаад Сэрвэү, Моеивү, Нагнай, Янлагжүн, ЛамданБэджид, Лампрандан, Ламчиндан, Дажинзин, Бакула, Содномлин, Лүйдэ, Мичидба, Мапамба, Дүйдан, Сэржом, Санбо 16 архадыг бүтээжээ. Хамгийн доор нь дөрвөн Махранз тэнгэрийг зэрэгцүүлэн бүтээгээд, дөрвөн Махранзын баруун дээд талд нь өглөгийн эзэн Хашан хаан их том гэдэстэй, цээж нүцгэн дүртэй, суугаа байдалтай, гартаа бумба хумх юм уу лавай барьсан хүзүүндээ эрихтэй, урт үстэй, зүүн гар талаас нь хоёр нүцгэн хүүхэд бие биеээсээ барилцан хөтлөлцөж, Хашан хаан руу гар сарвайж тоссон байдалтай, дөрвөн Махранзын зүүн дээд талд нь арван зургаан архадын сахиул хамгаалагч гэнэн Дармадала, хөхөмдөг үсийг дээшид боож шуусан, эрээн угалзтай гуталтай, монгол тойруулган захтай дээлтэй дүрсэлжээ.

Архад Бакула 2-р дүрдээ Энэтхэгийн 84 шидтэний нэг их мэргэн шидэт Дилоба буюу Шэйравсанбо (Пражньябадра) болж Махамудрын шидээр алдарт зургаан бясалгаачныг хөтлөн удирдаж , 3-дахь дүрдээ Энэтхэгийн их мэргэн шидэт Лаваба болж, 4-дэх дүрдээ Гадамбын мэргэдийн Хөвгүүн номд гардаг Дадбаданба хаан болж, 5-дахь дүрдээ Энэтхэгийн их Нагаржуна багшийн шавь Арьяа Шура буюу ловон Баво болж, алдарт Гучин дөрвөн цадиг-ийг зохиож, 6-дахь дүрдээ Энэтхэгийн улааны шашны нэрт зүтгэлтэн, нууц тарнийн их багш ловон Бадамжунайгийн хорин таван шавийн нэг, Хаянхярваа (Хаягрива) бурхны их увдист Жалба Чогъён болж, 7-дахь дүрдээ Хайдав Жунбын шавь Няммид Ринчинзундуй (Радна-удам) болж, 8-дахь дүрдээ алдарт Саран хөхөөний туужид гардаг Гэндэнван хааны номын багш Ишзин болж, 9-дэх дүрдээТөвдийн дөрвөн үндэс дандрын алдартай орчуулагч, лозава Ринчинсанбо болж, 10-дахь дүрдээ Төвдийн улааны шашны их тарнич, алдарт шүлэгч Миларайбын наран саран мэт 2 шавийн нэг Райчүн Дорждагва болж, 12-р дүрдээ Хайдавжэ богдын нүүр тулсан шавь Лодойчойжин архад болж, 13-р дүрдээ Басо Чойжалцангийн (Дармадуаза) шавь, мэргэн шидэт Чойжидорж (Махасидда Дармаважра) болж, 14-р дүрдээ гуравдугаар Банчин лам Лувсанбалдан-Ишийн гол шавь, ширээт Лувсанжамба (Сумадидана) болж, 15-р дүрдээ 8-р Далай лам Жамбалжамцын багш, ёнзин Ишжалцан болж, 16-дахь дүрдээ Лосалингийн хамбо Жэвзүн Агваанжамбал-Ишжамц болж, 17-р дүрдээ Ладагийн Лама-Юрү хийдийн анхдугаар ширээт лам Гончиграндолням болж, 18-р дүрдээ Ладагийн Бэтүв хийдийн гэгээн лам Лувсан-Ишданбижалцан болж явжээ. 19-р дүрдээ Бакула Ринбүчи Монголчуудын номын багш болжээ.
[1] Нисванисыг тэвчигч буюу сэтгэхүйн үйл бүтээлд тотгор саад бологч хүний аж төрөл, элдэв үйл, мунхаг харанхуй зэргийг гэтлэн давагч. Монгол хэлний их тайлбар толь.
[2] Бакула хэмээх нэр нь Багула хэмээх газар ургадаг нэгэн модны нэр бөгөөд Бурхан багш тэрхүү модны сүүдэрт сууж үр жимсээр нь хооллон бясалгал бүтээл хийж байсан түүхтэй холбоотой.
Ашигласан материал:
1.Т.Булган. Буддын философийн дэвтэр. УБ. 2010.
2.Л.Хүрэлбаатар. Бакула Ринбүчи Түвдэнчогнор. УБ. 1999.
3.Bakula Arhat’s Journeys to the North: The Life and Work of the Nineteenth Kushok Bakula in Russia and Mongolia.” In Buddhists: Understanding Buddhism Through the Lives of Practitioners.” Edited by Todd Lewis. Oxford: Blackwell Publishing, 2014.
4.The Role of Incarnate Lamas in Buddhist Tradition: A Brief Survey of Bakula Rinpoche’s Previous Incarnations Author(s): Nawang Tsering Shakspo Source: The Tibet Journal, Vol. 24, №3 (Autumn 1999).