Биднийг хэдэн мянганы тэртээх рүү аваачих янгирын дүрслэлт үзмэрүүд

The Fine Arts Zanabazar Museum
4 min readFeb 7, 2020

--

Янгир бол хадны зургийн хамгийн түгээмэл, элбэг дүрслэлийн тоонд зүй ёсоор ордог.

Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.

Янгирын дүрст хүрэл илд. МЭӨ 2000 жил.

Хүн байгальтай харилцах ухамсар сууж, өөрсдийнхөө түүхийн гайхамшигт эрин цагийн тухай, улмаар ертөнцийн тухай төсөөллөө дүрс загварт хөрвүүлэн харуулах гэсэн үйл явдал нь чулууны үеийнхний ертөнцийг үзэх үзлийн үндсэн агуулга байжээ. Ялангуяа «хадны зураг » нь тухайн үеийн амьдрал, шүтлэг, зан үйл, нийгмийн олон хүчин зүйлээс үүдэн бий болсон нэн ээдрээт (өнөөгийн ойлголтоор шууд тайлах аргагүй) үзэгдэл ажээ. Эртний урлагийн дүрслэл дундаас ЯНГИР –ийн дүрслэл содон шинжийг агуулсаар ирсэн.

Өдгөө Дүрслэх урлагийн музейд Өвөрхангай аймгийн Буга согоотын хадны зургийн “янгир”-ын дүрс бүхий хэсгээс хадгалж байна.

Буга согоотын хадны зургийн “янгир”-ын дүрс бүхий хэсэг

Энэхүү хадны зургийг цохиж цоолборлох аргаар хийсэн бөгөөд зургийг хурц үзүүртэй багажаар зуржээ. Эдгээр хадны зурагт янгир, буга, чоно, адуу, морьтой хүн, ан хийж буй зэрэг олон сэдэв зохиомжтой. Хадны зургийн дүрс зурлагын хэв маяг нь тухайн хүмүүсийн байгаль ертөнцтэй харьцах харилцааны явцад маш урт хугацааны турш бүрэлдэж хэлбэршсэн түүхтэй. Урчууд эрдэс чулуулгийн хатуу нягтад тохируулан багаж зэвсгээ ашиглаж эзэмшсэн нь хадны сийлмэл зургийн урлагийг улам өргөн цартай, дүрслэлийн хийц ажилбарыг олон төрөл бичлэгтэй болгосон байна. Зохиомж (composition) болон зураг дүрслэлд холбогдолтой байх хэд хэдэн амьтдын дүрслэл байна. 1.Буга, янгирын дүрсийг урлахдаа галбирын дагуу ухсан зурлагаар хөвөөлөн (0.5–1.5 мм) орчим гүн 2. Дүрсийн галбирын дагуу хүрээ тигээр 3. Дүрсийг галбирын дагуу нийт талбайгаар нь жигд хонхойлон ухсан 4. Дүрсийг маш нимгэнээр сийлсэн зэргээр зурсан байна.

Хадны зургийн дүрслэлийн хэв маяг, арга барил нь хоорондоо харилцан нягт уялдаа холбоотой бие биенийгээ дамжин илэрхийлэх хам шинжтэй ч тус тусын өвөрмөц онцлог шинжүүдтэй юм. Дүрслэлийн хэв маяг нь тухайн зургийн зохиомжийг илэрхийлэхэд онцгой үүрэгтэй бол дүрслэх арга барил нь тухайн дүрсийн бүтцэд шийдвэрлэх нөлөөтэй төдийгүй хэв маягийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болдог байна. Янгир бол хадны зургийн хамгийн түгээмэл, элбэг дүрслэлийн тоонд зүй ёсоор ордог. Монголын хадны зурагт тоо толгойгоор хамгийн олон сийлэгдсэн нь янгирын дүр юм . Янгирыг сийлэхдээ бүх талбайгаар нь хонхойлгон цохих мөн биеийн гадаад тэгийг хөвөөлөн цохих гэсэн дүрслэлийн хоёр үндсэн арга барилыг ашигласнаас гадна схемчлэх, сараачих, чимэглэх, хосолмол аргаар дүрсэлжээ. Янгирын гол таних тэмдэг болдог эврийг нь дан ганц зураасаар болон хоёр давхар зураасаар урт, богино, угалзарсан зэрэг янз бүрийн хэмжээтэйгээр дүрслэхээс гадна эврийг их олон нугачаатайгаар дүрсэлсэн нь ч нэлээд тохиолддог. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээс 170 гаруй газарт янгирын дүрслэл олж илрүүлсэн бөгөөд эдгээрийг судлаачид Палеолит, Мезолит Энолит, Хүрэл, Хүннү, эртний Түрэг үетэй холбож үзсэн байх ба хамгийн олон давтамжтай нь Хүрэл зэвсгийн үед тохиож байна. Өвөрхангай аймгийн буга согоотын хадны зурагт янгирыг хажуу талаас нь дүрслэхдээ тайван явж буй байдалтай дүрсэлжээ. Ийм загвараар сийлсэн янгир буга, ан амьтдын дүрслэлийг судлаачид хүрэл зэвсгийн үед хамруулан үзсэн. Хад чулуунаа янгирыг олон тоогоор дүрсэлж үлдээх нь Монгол нутагт оршин суугчдын эрхлэх аж ахуйг харуулж буй буюу эртний нүүдэлчдийн ан агнуурын гол олз омог янгир байсан тул үүгээр дамжуулан аж ахуйн өөрчлөлтийг тоймлон харах боломжтой ажээ. Эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалыг судлан, тэдний аж ахуй, нийгэм, оюун санааны түүхийг сэргээхийг бид оролдож байна хэмээн археологич Д.Цэвээндорж Арал толгойн хадны зургийн янгирын дүрслэлийн судалгаандаа онцлон дурджээ.

Янгирын дүрст хүрэл илд. МЭӨ 2000 жил.

Мөн Дүрслэх урлагийн музейд Монгол Улсын Хосгүй Үнэт өвд бүртгэгдсэн янгирын дүрст “Хүрэл илд” хадгалагдаж байна. Энэхүү хүрэл илд нь он цагийн хувьд МЭӨ 2000 жилийн үед хамрагдах бөгөөд хүрэл илдний тольтыг янгирын толгойн хэлбэртэй цутгахдаа нүд, чих, хоншоорыг нэлээд загварчлан нарийн гоёмсог эвэртэй дүрслэн, түүний хүзүү өргөсөн илдийн иш болж улмаар аагтай нийлж байна. Илд нь хоёр талдаа иртэй, үзүүр хэсгээрээ хугарсан, ишиндээ 12 ширхэг гөвгөр бүслэн гаргаж янгирын толгойн хэлбэртэй тольт хоёрын хооронд нь нягт уялдуулан уран сайхны аргаар бүтээжээ.

Ашигласан материал

Ч.Болдбаатар. Монголын хадны зургийн уран сэтгэмж дүрслэлийн сакраль шинж. Доктрын зэрэг горилсон бүтээл. УБ., 2000

Н.Батболд. Монголын хадны зургийн судалгаа Говийн бүсийн жишээгээр . Доктрын зэрэг горилсон бүтээл. УБ., 2011

Б.Өмирбек. Монгол Алтайн нурууны Хойд Хөлцөөтийн хадны зургийн судалгааны асуудалд. Докторын зэрэг горилсон бүтээл. УБ., 2013

У.Сарантуяа нар. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн дэлгэрэнгүй тайлбар. УБ., 2012

Д. Цэвээндорж, В.Д. Кубарев. Арал толгойн хадны зураг. УБ., 2005

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet