Б.ШАРАВЫН ЗУРСАН “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ЗУРГАН ДАХЬ ГЭРТ ХОЛБОГДОХ ЗАН ҮЙЛИЙН ТУХАЙ

The Fine Arts Zanabazar Museum
3 min readJan 10, 2022

Сархинаг тоонотой гэрийн талаар

Эрдэм шинжилгээний ажилтан П.Баасанцэрэн

Халхын өмнөд, дорнод нутагт сархинаг тоонот /хэлхээ/ гэрээр цээж гэр барих, мөн түүгээр бүтэн гэр ч барьдаг байна. Иймээс энэ гэрийн яс мод нь гэр сууцны 2 төрлийн алт алиныг нөхөн төлөөлөх онцлогтой байсан байна.Мөн тухайн зургийн баруун урд хэсэгт айлууд гэрээ буулган тэмээнд ачаалсан байгаа хэсэг гардаг энэхүү хэсэгт нь сархинаг тоонотой гэрүүдийг буулгаж байх үйл явцыг харуулсан.

Б.Шарав /1869–1939/. “Монголын нэг өдөр” зургийн хэсэгт сархинаг тоонотой гэрийг буулган тэмээнд ачаалж буй байдлыг дүрсэлжээ.

Монгол гэрийн оройн хэсгийг унь тогтоож байдаг цагираг мод. Хүний амьдран суух орон гэрт нэн их өөрчлөлт, хувьсгал оруулсан зүйлийн нэг бол гэрийн тооно юм. Тооно нь орон гэрийн зай багтаамж ихэсгэх, гэрт гэрэл гэгээ орох, гэрийн модны бүтэц тогтолцоо зэргийг тогтооход голлогч үүрэг гүйцэтгэдэг. Монгол оронд гэрийн тооно нь үндсэн хоёр нэртэй уламжлагдан иржээ. Үүнд тооно гараач /хараач / гэсэн нэр томьёо тархсан байна. Гараач гэдэг нь Ховд аймгийн зүүн , баруун зарим нутагт дэлгэрсэн байхад хараач нь Увс аймгийн бүх нутаг, Баян-өлгий урианхай болон зүүн талын зарим нутагт тархсан байна. Харин тооно гэсэн нэр тус бусад нутагт дэлгэрчээ. Үндсэндээ баруун монголчууд хараач, гараач гэж нэрлэдэг байхад бусад нутагт тооно хэмээн нэрлэдэг.

“Гараач” гэдэг нь эртний хүмүүсийн нүхэн агуйд амьдарч байсан үеийн нүхнээсээ гарч орох үйлийг заасан “гар” гэдэг үйл үгээс агуйн нүхнээсээ гарч алс холын юм “Хар, хүмүүс агуй нүхнээсээ гарч алс холын юм” хар, харах, гэдэг нь эртний хүмүүс агуй нүхнээсээ гарч алс холын юм “хар, харах” гэсэн үйл үгээс гаралтай болов уу хэмээн таамаглаж байна. Эртний хүмүүсийн амьдарч байсан тэрхүү агуйн ам нь монгол гэрийн тооно, хараач болсон гэж судлаачид үздэг. XIX-XX зууны заагт монгол гэрийн тооно нь хийц, их бага хэмжээгээр ангилагдан цамхраат буюу сараалжин тооно, хэлхээ буюу сархинаг тооно, хуруутай хатгуур тооно, хүрдтэй тооно буюу хорол гэж ялгагдахын зэрэгцээ хийх аргаар нь матмал, зүймэл гэж ялгах, хэрэглэх байдлаараа хэлхээ болон хатгуур тооно гэж хэдэн төрөл зүйл байжээ. Манай энэхүү зурагт гарч байгаа гэрийн тооно нь хэлхээ буюу сархинаг тооно тэмээнд ачаалан зогсож байгаа юм.

Энэхүү тооныг хэлхээ тооно, сархинаг тооно, баруун монголд хүлээ хараач, өөлд тооно гэхчлэн нэрлэдэг. Сархинаг тооно нь уньтайгаа хамт хэлхээтэй байдаг учир байгалийн хүчтэй шуурганд гэр унахгүй, ачих тээхэд хялбархан болно. Мөн сархинаг тооноор ганцхан хүн хүртэл гэрийн яс модыг барих, босгох бололцоотой юм. Өөрөөр хэлбэл хэлхээ тооно нь нүүдлийн амьдралд дээд зэргээр зохицсон барьж буулгахад хялбар, нүүдэллэн аж төрөхөд хөнгөн авсаар юм.

Хэлхээ тоононы онцлог нь унь, тооно хоёр үргэлж хэлхээтэй хийгдэж, тооно нь хоёр тал дугуй болон дундуураа салдаг. Тооно нь хуруу мод, цамхраа /цамхаг/ буюу хүрд, үдээр, хэлхээ, тоононы боолт, оньс, дотуур, гадуур цагирагнаас бүрдэнэ. Гадуур цагираг гэдэг нь тоононы дээр буюу гадна талд, дотуур цагираг гэдэг нь тоононы доод хэсэг буюу дотор талд байхыг нь хэлэх бөгөөд тоононы их багаас хамаарч 4 болон 6 цагирагнаас бүрдэнэ /гадна 2, дотор 2, эсвэл гадна 3 дотор3/.

Хэлхээ тооныг хийхэд тусгайлан бэлдсэн олон хуруунуудад цагираг моднуудыг үднэ. Хоёр цагираг моднуудыг үднэ. Хоёр цагаригтай гэж тооцвол хуруу модны толгой буюу өргөн хэсэгт нэг үдэх, хуруу модны нарийн буюу унь хэлхэх хэсэгт нэг үднэ. Өөрөөр хэлбэл, олон хуруу модыг хоёр цагариганд бүгдийг үдэж тогтооно. Үүний дараа униа тоононы хурууны нарийн хэсэгт мөн хэлхэнэ. Тоононы боол гэдэг нь хоёр салангид тооныг нийлүүлж уях уяа юм. Харин оньс нь хоёр тал тооныг нийлүүлж бооход давхар оньсолж тогтоох үүрэгтэй. Мөн хэлхээ тооно нь цамхраатай болон хүрдтэй хоёр янз байна. Монгол оронд хүрдтэй буюу хорол тооно дэлгэрсэнтэй холбоотойгоор хэлхээ тоононы цамхрааг аажмаар хүрдээр оруулан хийх болжээ.

Хэлхээ тооно эдүгээ цагт Халхын өмнөд хэсэг Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим нутагт хэлхээ тооно хадгалагдан үлджээ. Мөн Өвөр монголын харчин, хорчин, цахар, түмэд, сөнөд, горлос ястанд мөн хэрэглэгддэг аж. Судалгаанаас үзэхэд хэлхээ тооно ойт хээрийн бүс нутгаас бусад говь, тал хээрийн бүс нутагт өргөн дэлгэр хэрэглэгдэж байжээ. ХХ зууны дунд үеэс нүүдлийн амьдралд гарсан өөрчлөлт, нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоон зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хэлхээ тоононы хэрэглээ багасжээ. Хэлхээ тооно нь нүүдэллэх, нутаг сэлгэх болон тээвэр хөсөгт ачих, тээхэд нэн тохиромжтой бөгөөд тооно нь дундуураа хоёр салж, унинуудыг хоёр хэсэг хумин боож, тэмээнд нуруу ачих, тэргэнд ачиж тоононы хумьсан хэсэгт хүүхэд боон эд зүйл хийн нүүхэд тохиромжтой байдаг.

--

--

The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог