Б.ШАРАВЫН ЗУРСАН “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ЗУРГАН ДАХЬ ГЭРТ ХОЛБОГДОХ ЗАН ҮЙЛИЙН ТУХАЙ

The Fine Arts Zanabazar Museum
5 min readFeb 9, 2022

--

Эсгий хийх зан үйл

Эрдэм шинжилгээний ажилтан П.Баасанцэрэн

Б.Шарав /1869–1939/. “Монголын нэг өдөр” зургийн хэсэгт эсгий хийх зан үйлийг дүрсэлжээ.

Их зураач Балдуугийн Шаравын Нэгэн өдрийн явдал туурвилд Арган сэвгээр өлзий чилсэн МУШГИА зөөж, зулхайн дэвжээд буулгаж байгааг үзмүү /3-р зураг/ ингэхлээр савж, сэмлэх үйлтгэлийн дараа мушгируулж амраагаад дан сэмэлгээ хийж зулах нь эсгийрэх чанарыг сайжруулж байдаг өвөрмөцөөр чигжүүлж нягтруулах урлахуй ухаан арга юм л даа. Орчин үеийн машинаар эсгий хийх, ноос бэлдэцтэй харьцуулахад болхи юм шиг атлаа нүүдэлчдийн саахь арга бага зардлаар үйлдвэрлэх сонгодог шинж чанарыг хадгалсаар иржээ. Эсгийг зуны сүүлч, намрын эхэн сар буюу хонь ахарласны дараахан ус хангалттай бэлтгэхэд дөхөм цэнгэг нуур, мөрөн голыг хөвөөдөх буйд тэгш газрыг сонгон товлосон өдрөө эхлэн эсгий хийдэг заншилтай билээ. Үс ноос алирч налах, сүлжилдэн улмаар сэгий хийж, ноос алгадах, ширмэл ширж чаддаг болсон явдал нүүдэлч эсгий туургатны соёлын чухал дэвшил болжээ.

Ийнхүү бүх эсгий туургатан эсгий хийх, зулхай тавихад ураг төрөг, нутаг нугаараа цугларан бүлгэмдэж, хүн амын ус ундаатан, газрын тэгш талбиун байрладаг бөгөөд хүч, хөдөлмөрт хэдий чинээн хэмнэлттэй, зулах дэвжээ сайтай, татахад уудам дөхүүтэй талдаа есөн гэчи хэрийн газар 15–20 удаа татах бөлгөө.

Эсгийн үйлтгэл үйлдвэрт хэрэглэх нойтон шир, эсгийн гол, бул, эх эсгий болон гийчин зочдод зориулж идээ будаа айраг сархад, эсгийн шүүсний хонь, татлагын бод, ус умдаа сэлтээ тэрлэн төхөөрч бэлдэх бүрийдээ бэлгэ дэмбэрлийг бодолцож, нягт нямбай зэхэж тохируулдаг ёстой байна.

1. “Монголын нэг өдөр” бүтээлийн туурвил зүй

Б.Шаравын туурвин бүтээсэн дүрийн дохио тэмдгийн утга илэрхийлэх шууд болон дам холбоосыг урлагийн түгээмэл хийгээд онцгой шүтэлцэлд авч үзэж судлахдаа ганц монгол зургаар явцууралгүй, дүрт сэтгэлгээний бусад салбарын илт болон, таамаглалт шинжийг харгалзан үзэх хэрэгтэй гэж эрдэмтэн Л.Батчулуун бичжээ.

Түүний уран дүрслэлийн арвин сан, зураас татлагын билиг танхай авьяас, өнгө зохиролын үндэстний өвөрмөц онцлогийг шингээсэн зураг дүрслэл үнэхээр хувьсгалт шинэ урлагийг тэлэн хөгжүүлсэн билээ. Б.Шаравын бүтээл хүн болгоны хардаг жирийн амьдралыг бус, энгийн нүдээр үзэшгүй, эгэл ухаанаар мэдэшгүй нууцсыг бүтээлээрээ нээж, тэдгээр мөнхийн дүрийг өнөө төдийгүй алс ирээдүйнхэн тольдон харах гайхамшгийг бүтээж өгчээ. Шарав хэмээх их билиг, авьяастан монголын ард түмний дундаас төрж, эргэцүүлэн нягтлахад цаанаа л учир утгатай, амьдралын түмэн явдлыг нухацтай дүрсэлснээрээ хүний сэтгэл оюунд нэгийг бодогдуулж байдгаараа эгнэгт амьдрах чадалтай гайхамшигт дүрийн тогтолцоотой урлаг бүтээжээ.

Харин монгол зургийн туурвилын хувьд Б.Шарав зураач зөрчлийг маш нарийн гаргаж, үйл явдлын халуун мөрөөр цаг үетэй нь холбон боловсруулсан нь гайхалтай ур чадварлаг зураач байсны баталгаа юм. Монгол зургийн туурвилд сайн, муу буюу эерэг, сөрөг хоёр хүчний солбицол тухайлбал сайны доторхи муу, муугийн доторхи сайныг үзүүлдэг гүн ухааны санаа тод тусч байна. Жишээлбэл, Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байна”, “Хайстай Лаврин”, “Богдын Ногоон ордон” аль алинд нь гол дүр, дүрслэлүүдийн ажил хөдөлмөрт шамдалтай сайн шинжийн зэрэгцээ зарим хуудуутай талыг харшуулан тусгажээ. Ийм эерэг, сөрөг арга билгийн эсрэгцсэн дүрслэлийн давхар харьцуулалтай бүтээл монгол зургийн өв уламжлалд ховорхон байдаг билээ. Ер нь амьдрал гэдэг угтаа сайн муугийн хосмолжлол, сайжран муужрахын дундаас гардаг жоргүй зүйл байна. Энэ нь нөгөө талаар зураач нийгмийн сэтгэлзүйг гайхалтай сайн мэдэрч, ямагт ээдрээтэй асуудлын учгийг тайлж, уран бийрээр утгыг нээхийг эрмэлзэн монгол зургийн амьдлаг ур гүйцэтгэлтэйгээр уран шийдэлд тухай бүр хүрч байсных юм.

Б.Шаравын бүтээлд дүр дүрслэлээ зохиохдоо үйл явдлыг зөвхөн хөврүүлэн тоочих бус, харин түүнийг оновчтой дүрээр задлан шинжлэх маягаар зангидан үзүүлж, тэдгээрийн үүтгэлийн мөн чанар, өрнөл, туйлыг гоц илэрхийлж, уран сайхнаар нэгтгэн дүгнэж чаддагаараа гайхалтай.

“Монголын нэг өдөр” бүтээлийн зүүн дээд талд болж байгаа үйл явдлууд их зураачийн оюун ухааны дүрээр буусан байгаль буюу эх нутгийнхаа ой шугуйн модыг зүй бусаар тайрч, болоогүй самрыг эх модтой нь доргион бусниулж, амьтан ургамлыг хөнөөж, нөхөж баршгүй хохирол учруулж байгааг гайхалтай уран нарийн зурж ёгтлол егөөдлийн галтай цогтой хэлээр илэрхийлжээ.

Зураач том, жижиг үйл явдлыг ихэвчлэн уул толгодоор хязгаарлан үзүүлсний дотор эсгий хийх, үрс гаргах, хурим найр зэргийг бүр онцлон зурсан бол самар түүж яваа хүүхдүүд, буга намнаж буй хар гөрөөчин, хулгайн анчин, дүлий цагаан, нагай орхидоггүй тарвагачин, зөвшөөрөл гоожингүйгээр мод цагаалж хөрөөдөж байгаа хүмүүс зэргийг манай эх орны өчүүхэн хэсгийг эзэлдэг ой шугуйн завсар чөлөөгөөр чигжиж зурсан нь нарийн шаглаа зургийн уламжлалыг санагдуулах төдийгүй унаган эх байгальдаа харалган үрэлгэнээр хандаж буйн үр дагаврыг хошигнон шоглож зурсан нь хуульч Сандагийн уран хошигнолын амт шимтийг эрхбиш санагдуулна.

“Монголын нэг өдөр” зурагт дүрүүдийн хэв шинжийг хоорондоо харилцан холбоотой мөртөө бие даасан тусгаар шинжээр нь хүүрнэл маягаар эрихлэн өгүүлж, сүүл, толгой холбон дүрсэлсэн байдаг. Энэ бүхнээс үндэслэн бодоход мөнөөх “Монголын нэг өдөр” зураг нэг өдрийн явдал төдийхөн бус, нэг насны үйл явдал, монгол нутаг, түмэн олны амьдралыг тольдон харуулсан бүхэл бүтэн хөлгөн их туульсын цараатай томоохон туурвил бүтээл болжээ. Монгол түмний амьдралын онцлогийг илэрхийлэхэд хэн ч харваас нүд хужирлах онгон сайхан байгаль, орчныг дүрслэн унаган монгол зан үйлийг илэрхийлж байна.

Шарав бүтээлээ «Монголын нэг өдөр» хэмээн нэрлэсний учир ч шөнийн харанхуй, гэрийн сүүдэрт бугшин орших мэт нийгмийн эрээнтэй бараантай учир явдлыг өдрийн нарны гэрлээр гийгүүлэн дүрсэлж, нийгмийн оюун сэтгэлгээний ертөнцийг тольдон туурвисны учир начрыг агуулж байгаа нь дээрх бүтээлийн оюун сэтгэлгээ юм. Тиймээс ч Марзан Шаравын бүтээл туурвилыг XX зууны монголын нийгмийн шүүмжлэлт хэлбэржсэн агуулга гэж нэгтгэн дүгнэж болно.

ДҮГНЭЛТ

Хүн төрөлхтөн уламжлалт соёлын өвөө судлан шинжлэх, хадгалан хамгаалах, уламжлуулан өвлүүлэх хүсэл энэ хүү Б.Шаравын бүтээлээс харагдаж байна. Монгол улс ХХ зуунд эрчимтэй хотжиж, эдүгээ нүүдлээс суурьшил руу шилжих явц үргэлжилж, суурьшмал болон нүүдлийн соёл зэрэгцэн оршиж байна. Гэвч алс хэтдээ нүүдлийн соёл маань улам бүдгэрэн гээгдэж, суурьшин амьдрах төлөв ихсэх хандлагатай болжээ. ЭСГИЙ ТУУРГАТАН гэж дэлхийд алдаршсан монголчууд манай тооллоос хавьгүй өмнө буюу эрт балрын цагаас эхлэн хонь малынхаа ноосоор эсгий хийж эдлэх аргыг амьдрал ахуйдаа нэвтрүүлээд хэдэн мянган жилийн туршид улам улмаар боловсронгуй болгосоор ирсэн билээ. Эсгийн соёл нь дор дэвсдэг навтаснаас эхлээд дотор нь залардаг өргөө гэрийн бүрээс хүртэл төрөл зүйлийн эдлэлийн бие хэрэглэгдэхүүн болох нь дээр өгүүлснээс нотлогдож байна.

Монголчуудын сууцны хөгжлийн нэгээхэн хэсгийг хүртэл гаргаж тавьсан бөгөөд үүсэл хөгжлийнхөө явцад эрс тэс уур амьсгал байгаль, цаг уурын нөхцөлд хэрхэн өөрчлөгдөж, нүүдэлчдийн сонгодог сууц болон шалгаран үлдсэнийг түүхэн баримт, зураглалаар харуулсан. Нүүхэд хөнгөн, барихад хялбар, бүхэлдээ хөнгөн авсаархан болохыг гэрийн мод хэрэглэл бүрээр аль болох нотлох харуулахыг эрмэлзсэн. Мөн нэг чухал зүйл нь гэртэй холбоотой ёс заншлыг олон талаас нь харуулах, гэрийн талаар соёлтой танилцах өргөн боломж олгосон зураг юм.

Энэ бүгдээс нэгтгэн дүгнэж үзвэл Шарав зураач их гярхай, харааны ой тогтоолт сайтай хүн бөгөөд амьдралыг бүтээлч хүний билгийн нүдээр харж, уран сайхнаар өв тэгш сайхан дүрслэн бүтээж чадсаны учир энэ бүхэн хойч үедээ урлан туурвихын үлгэр, дууриал болон үлдсэнийг бахархан тэмдэглэлтэй билээ.

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet