Г.Ерэнтэй дарханы Ган сийлбэр — Сангийн бойпор

The Fine Arts Zanabazar Museum
4 min readAug 26, 2024

--

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд монгол уран дархчуудын ур ухаанаа шингээн урласан сангийн бойпрууд хадгалагдаж байдгаас ”Ардын гар урлалын танхим”-ийн үзүүллэгийн танхимд олон нийтийн хүртээл болгон дэглэсэн нэгэн өвөрмөц хийцтэй сангийн бойпор буй. Тэрхүү сангийн бойпрыг Хөвсгөл аймгийн Далайчойнхор вангийн хийцээр овоглосон уран дархан Г.Ерэнтэй урласан ажээ.

Далайчойнхор хийцийн тухайд:Далайчойнхор хийцээр урладаг уран дархчууд нь Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-идэр, Архангай аймгийн Цахир, Тариат, Жаргалант, Хангай, Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл зэрэг сумдын нутгаар нутагладаг. Далайчойнхор хийц нь бусад уран дарханы хийцээс ялгагдах нэгэн нэрд гарсан хийц нь “ган сийлбэр” хийц юм. Уран дархчуулын ган сийлбэрийг цоолбор, хөндий, хавтгай ингэмэл хэмээн ялгамжтай нэрлэх боловч ган дээр хээ чимгийг сийлж алтаар чимэглэж, мөнгөөр жийжүүддэг нь сийлж хийх аргаас илт ялгаатай “эзлэхүүнт”( оворт) сийлбэртэй урладгаараа уг хийцийн онцлог оршдог. Далайчойнхор хийц тэр дундаа уран дархан Г.Ерэнтэйн гангаар сийлсэн арга барил болон бүтээсэн хаалттай зохиомжийг нь бусад хийц сийлбэртэй харьцуулан үзвэл “битүү сийлбэр” гэвэл илүү зохистой хэмээжээ.

Далайчойнхор вангийн хошуунд удам дамжсан уран дархчууд цөөнгүй байсны нэг нь Гомпилын Ерэнтэй (1872–1952) юм. Тэрээр Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул бөөчүүд овгийн дотроос тодорч халх даяар нэр алдарт гарсан уран дархан байв.Уран дархан Г. Ерэнтэй нь бурхан шашны эд зүйл болох дун, бишгүүр, бойпор, цөгц, хонх зэргээс гадна нүүдэлчдийн өв соёлыг илэрхийлсэн хэт хутга, хазаар, завьяа, тамгын дардас зэрэг зүйлсийг урласан байдгаас Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд уран дархан Г.Ерэнтэйн урласан сангийн бойпор, гарын тэмдэг, хэт хутга зэрэг эд өлгийн зүйл хадгалагдан судлагдаж үзэгч олны хүртээл болж байна.

Тус музейд хадгалагдаж буй уран дархан Г.Ерэнтэй урласан “Сангийн бойпор” нь: Тагны бариул, товчийг бүтэн арслан сийлж, түүний хүнхэр оройд таван нүдэн хээг цоолборлож, хананд бар нэг талд нь хангарди, нөгөө талд нь хүслийн таван эрдэнийг товойлгон урлажээ.

Мөн их биеийн хоёр бөөрөнд луу, хоёр оосрын гархины толгойд зээ бад, гурван хөлд лууны толгойн товгор дүрсийг сийлбэрлэсэн. Хоёр сэнжний зээ бадын толгойд гурван эрдэнэ сийлж, түүнээс дээш цулгуй гуу хэлбэртэй сэнжийг давхар хийсэн нь гайхалтай харагдана. Энэхүү сангийн бойпрын урт: 13.6см, өргөн: 13.6см, өндөр: 19.1см, жин: 915.4 гр хэмжээтэй. Гурван хэсэг салдаг онцлогтой.

1969 оны 3 сарын 28 өдрийн Монголын Дүрслэх урлагийн музейн 42-р тогтоолоор тус музейн үзмэрийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд Монгол улсын засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор баталсан “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт “-д Монгол улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэгдсэн байна.

Мөнгө хөөмөл, цутгуур, сийлбэр, цоолбор
Мөнгө хөөмөл, цутгуур, сийлбэр, цоолбор

Сангийн бойпорт дүрслэгдсэн дүрслэлүүдийн зарим нэг бэлгэдлүүд:

Хүслийн таван эрдэнэ: Санс:Pancha, Төвөд: ‘dod-yon-sna-inga.

Бурханы шашинд амгалан дүрт бурхдад зориулсан ширгэшгүй усан ундарга, элэгдэшгүй газар шороон дээрх саванд толь “дүрс”, пипа хөгжим “сонор”, жимс “амт”, арц бүхий лавай “үнэр”, хадаг буюу зөөлөн эд “хүртэхүй” зэргээр хүслийн таван эрдэнийг зөөлөн тахил хэмээн дүрсэлдэг.

Луу: Санс:Vritra, Төвөд: ‘brug.

Лууг хамгийн анх дүрсэлсэн дүрслэлийг авч үзвэл Хятадад хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны зураг дээр байх бөгөөд МЭӨ V зууны үетэй холбодог аж. Луу нь хамгийн эртний дүрст бэлгэдлийн нэг юм.

Хангарди:Санс:Garuda, Төвөд:Khyung, Mkhar-lding.

Санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг бол эрдэмтэн Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар ” толинд “гарди” гэж оруулаад “үлгэр домогт гардаг асар том шувуу” “хангарди” буюу “жигүүртний хаан” гэж тайлбарласан байна.

Арслан:Санс:Singha, Төвөд: Seng-ge.

Арслан нь очирт хөлгөний зарим бурхны хүлэг болдог бөгөөд хүч чадал, эр зоригийн бэлгэдэл хэмээн шүтэгддэг.

Бар: Санс:Vyaghra, Төвөд:Stag

Бурхны шашинд бар нь догшин дүрт сахиуснуудын хүлэг юм. Сахиуснууд барын арьс өмссөнөөр дүрслэгдсэн байвал сэтгэлийн хорыг тэвчсэний бэлгэдэл хэмээн үздэг.

Зээ бад:Санс:Kirtimukha,

“Нэргүй ховдог” “Эзний сүрт царай” “Нэр хүндэт царай” “Өнгө гэрэлт царай” гэх мэт олон утгыг агуулдаг. Зээ бад нь дөрвөн хүчтэний бүхий л шинжийг багтаан нэг дүрсэд хураасан бөгөөд зээ бадыг хөөргөний мөр, хэтний нүүр, сүм дуган, орд харшийн хана хаалганы чимэглэлд урласаар иржээ. Зээ бад нь бат бөх, хүчирхэг байдлыг илэрхийлдэг.

Таван нүдэн хээ:

Монголчууд эрт цагаас уламжлан хүндэтгэж ирсэн хээнүүдийн нэг нь таван нүдэн хээ юм. Таван нүдэн хээ нь дөрвөн арвайг нийлүүлсэн дүрстэй бөгөөд өсөж үржих, сайн сайхан бүхэн дэгжин дээшлэхийн бэлгэдэлтэй хэмээн үзэж хуяг дуулга, малын тамга, эд агуурс дээр дүрсэлдэг уламжлалтай.

Гурван эрдэнэ: Санс:Triratna, Төвөд: Dkon-mchog-gsum

Чухаг дээд гурван эрдэнэ буюу бурхан, ном, хувраг гэх “гурван эрдэнэ” бол аливаа бурхдын бие, хэл, сэтгэлийг илэрхийлдэг. Бурхны шашинд гэгээрэгсдийн үйл явдал (бие), үг яриа (хэл), үзэл санааг (сэтгэл) хэмээн төлөөлүүлэн үздэг.

Уран нарийн хийцтэй сангийн бойпрыг сүм хийдийн хүндэтгэлийн хаалга, бурхан шүтээний өмнө байрлуулдаг нь бурхдын таван мэдрэхүйн нэг үнэрлэхүйг, баясгах бэлгэдэлтэйгээс гадна элдэв муу зүйлээс орон зайг ариусгахад тустай гэж үздэг. Сангийн бойпрыг хүмүүс гэр орон, өрөө тасалгаанд арц, хүж уугиулахад зориулан алт, мөнгө, зэс, гууль, хүрэл, хаш чулуу зэргийг ашиглан урласаар иржээ.

Нийтэлсэн Сан хөмрөгч Б.Баттогтох

Ашигласан ном:

Я.Цэвэл.,2009.Монгол хэлний товч тайлбар толь.цахим хуулбар.Улаанбаатар.

Л.Батчулуун.,2009.Монгол дархны урлаг.боть II.Улаанбаатар.

Роберт Бийр ,2022.Төвдийн бэлгэдлүүд.Улаанбаатар.

Банзайн Зинамидар.,2007. Сайн ноён хан аймгийн далай чойнхор вангийн хошуу, түүний дархчууд.Улаанбаатар.

www.montsame.com

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet