Дүрслэх Урлагийн Музейн Төрсөн Өдөр
7 сарын 23-ны өдрийг Монголын Дүрслэх урлагийн музейн “Төрсөн Өдөр” хэмээн үздэг билээ. Олон түмэнд үүд хаалгаа нээсэн тэр цаг мөчөөс хойш эдүгээ 53 жилийн наадам цэнгэлийг өнгөрөөсөн байх аж. Ийнхүү музейнхээ товч түүхийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Г.Лхагвадулам, Эрдэм шинжилгээний ажилтан
Улаанбаатар хотын төвд орших 100 гаран жилийн настай барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа Их Соён Гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей юм. Оршин байгаа байшин ч, дотор нь хадгалж хамгаалж, судлан сурталчилж байгаа үзмэр бүтээл нь ч түүх өгүүлж байдаг.
Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1921 оны 11 сарын 19-нд Монгол улсын Ардын засгийн газар “Номын хүрээлэн”-г байгуулсан бөгөөд хожим “Судар бичгийн хүрээлэн” хэмээн нэрлэгдсэн.
Хүрээлэнгийн олон талт үйл ажиллагааны дотор музей байгуулах асуудал чухал байр эзэлж, энэ тухай Засгийн газрын 1921 оны 12 сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус “Судар бичгийн хүрээлэн”-гийн анхны баталсан дүрмийн нэгдүгээр зүйлд “… хүрээлэнгийн газраа МУЗЕЙ хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан, олон хүн үзэж танихуйц тус болгоно” гэж заасан нь шинэ Монголын музей үүссэн тухай өгүүлсэн анхны түүхэн баримт бичиг байлаа.
Ингэж тэртээ 90 жилийн намраас эхлэн түүх соёлын дурсгал, байгалийн баялгийн тухай ард түмэнд тайлбарлан таниулах, холбогдох мэдээ бүртгэх, үзмэр эд зүйлсийг цуглуулахаар орон нутагт төлөөлөгч томилон, дурсгалын зүйлийг судар бичгийн хүрээлэнд ирүүлэхийг хүссэн албан бичгийг аймаг хошуудад илгээх, чухал зүйлийг худалдан авах зэргээр эд өлгийг цуглуулж 1924 оноос музей байгуулах үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Энэхүү үндэс суурь дээр дараа дараагийн олон сайхан музейнүүд бий болон хөгжсөөр ирсэний нэг нь Дүрслэх урлагийн музей юм.
1965 онд Монголын Урчуудын эвлэлийн хорооноос эрхлэн эртний болон орчин үеийн дүрслэх урлагийн бүрэн хэмжээний үзэсгэлэн зохион байгуулж, тухайн үеийн Улс Төрийн Товчооны дарга, БНМАУ-ын СнЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй Намын Төв Хорооны Улс Төрийн товчоог урьж үзүүлсэн бөгөөд уг үзэсгэлэнгийн үед тухайн үед Урчуудын Эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм Монголын гэсэн “Эрмитаж”-ийг байгуулах санаачлагаа дээд байгууллагын хүмүүст ойлгуулж, урлагийн музейн үндсийн эхлэлийг тавигдсан аж.
Ингээд Ардын зураач, Урлахуй ухааны доктор Н.Цүлтэмийн санаачлага, Соёлын яамны сайд Болдын дэмжлэг зэргийг үндэслэн, Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 3 сарын 31-д Дүрслэх урлагийн музей байгуулах тухай 87-р тогтоол гаргаж, тогтоолоор “Монголын Дүрслэх урлагийн шилдэг бүтээл болон дэлхий дахины сонгодог урлагийн өв дээжисээс олон түмэнд срталчдах ажлыг цаашид улам өрнүүлэх зорилгоор Монголын Дүрслэх урлагийн музейг БНМАУ-ын Соёлын яамны дэргэд байгуулсугай” гэж заагаад уул музейг байгуулах бэлтгэл ажлыг Урчуудын эвлэлийн Хороо, Шинжлэх Ухааны академи зэрэг холбогдох яам газруудад даалгасан байна.
Ийнхүү “Дүрслэх урлагийн музей”-г Соёлын яамны харъяанд байгуулахаар болж, дээрх тогтоолын дагуу 1965 оны 4 сарын 15-ны өдөр Соёлын яамны сайдын 37-р тушаал гарснаар музей байгуулах комисссыг томилж, шинээр буй болох тулгар байгууллага байгуулах бэлтгэл ажилдаа оржээ. Комиссын даргаар Соёлын яамны орлогч дарга Ч.Пүрэв, орлогчоор Урчуудын Эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм нар томилогджээ.
Музей байрлах барилгыг тухайн үед олноо “Өндөр хоршоо” алдаршсан хуучны барилгын цэлгэр танхимууд нь музей байгуулах шаардлагыг бүрэн хангаж байсан тул музейн үйл ажиллагаанд тохируулан өөрчлөж, богино хугацаанд их засвар хийн музей нээхэд бэлэн болгов.
1966 оны 6 сарын 2-д Сайд нарын зөвлөл ба Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооноос хамтарсан шалгалт хийж, шалгалтаар зөвхөн МАХН-ын XV Их хуралд оролцох ах дүү коммунист намуудын төлөөлөгчдөд үзүүлэх түр зөвшөөрөл олгосон байна. Ингээд МАХН-ын Их хуралд уригдаж ирсэн гадаадын төлөөлөгчид манай музейн анхны үзэгчид болж, 1966 оны 7 сарын 23-д МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн удирдагчид ирж, дэлгэсэн үзмэр бүтээлүүдийг маш анхааралтай сонирхон үзэж, өндрөөр үнэлсэн гэдэг. Нам засгийн удирдагчид урлагийн музейг олон түмэнд өргөнөөр сурталчлах, музейн сан хөмрөгийн санг улам баяжуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч, төгсгөлд нь нийт хүмүүст нээж, үзүүлэхийг албан ёсоор зөвшөөрсөнөөр жил бүрийн 7 сарын 23-ны өдрийг Монголын Дүрслэх урлагийн музейн “Төрсөн өдөр” хэмээн үздэг билээ. Тэр цаг мөчөөс хойш эдүгээ 53 жилийн наадам цэнгэлийг өнгөрөөсөн байх аж.
Тус музей анх 26 хүний бүрэлдэхүүнтэй 50,000 төгрөгийн жилийн төсөвтэйгээр жилдээ 30 гаруй мянган үзэгчдэд үйлчилж байжээ.
Музейн нэгдүгээр давхарт орчин үеийн 250 гаруй бүтээл, хоёрдугаар давхарт эртний үеийн 100 гаруй бүтээлтэй, үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеийн анхны даргаар Б.Арилдий, урлаг судлаачаар Л.Сономцэрэн, сан хөмрөгчөөр н.Пүрэвжав, тайлбарлагчаар н.Сэнгэцохио (УГЗ), н.Дашням нар томилогдон ажиллаж байжээ.
Музейн дэргэдэх Үзмэр худалдан авах анхны комисст тус музейн урлагийн тасгийн дарга Н.Даваажав, сан хөмрөгийн эрхлэгч н.Пүрэвжав, урлаг судлаач Л.Сономцэрэн нараас гадна зураач А.Сэнгэцохио (УГЗ), барималч Н.Жамбаа (УГЗ) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, цугларсан үзмэр, эд зүйлийг хэлэлцэн, музейн сан хөмрөгт авах асуудлыг шийдвэрлэж байсан. Уг комист музейн ажилтнуудаас гадна зураач, уран бүтээлч, соёлын ажлын мэргэжилтнүүдийг гаднаас оруулж байсан нь үзмэр, эд зүйлийг урлаг, уран сайхны талаас бодитой үнэлэхэд чухал ач холбогдолтой байв.
Орчин үеийн бүтээлүүдийг Монголын Урчуудын Эвлэлийн Хороо эрхлэн зохион байгуулж, тухайн үеийн зураач, уран бүтээлчдийн бүтээлээс сонголт хийж, харин эртний урлагийн бүтээлүүдийг тухай үеийн нэрээр Улсын төв музей, Сүм музей, Шашны түүхийн музей, Эрдэнэ зуу музей зэрэг байгууллагуудаас дээд удирдлагуудын шийдвэрээр шилжүүлэн авч, анхны үндсэн сан хөмрөгөө бүрдүүлсэн. Музейн анхны гадаад урлагийн үзмэр нь 1968 онд БНХАУ-ын үзэсгэлэнгээс 194 үзмэрийг, 1969 оны 3 дугаар сард БНЭУ-ын гар урлалын үзэсгэлэнгээс 76 үзмэрийг шилжүүлгээр авснаар гадаад урлагийн сан хөмрөгийн эхлэл нь тавигдсан байна.
Музейн үзмэрийн тоо жилээс жилд баяжигдсаар 1989 онд урлагийн музейгээс орчин үеийн хэсэг нь “Уран зургийн галерей” нэртэйгээр тус музейгээс бие даан тусгаарлагдсан. Одоо Дүрслэх урлагийн музейн нь нэн эртний үеэс XX зууны эхэн үе хүртлэх Монгол зураач, урчуудын сор бүтээлүүдийг дэглэн үзүүлдэг.
1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас өмнө тус урлагийн музей монголын бусад музейнүүдийн нэгэн адил үйл ажиллагаагаа таван жилийн төлөвлөгөөтэйгөөр ажлын удирдамж хийн, жил бүр социалист уралдаанаар төлөвлөсөн ажлаа дүгнэдэг. Өөрийн үзэсгэлэнгийн танхимдаа зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг нийтэд дэлгэн сонирхуулах, орон нутаг, үйлдвэр албан газрууд, ерөнхий боловсролын сургуулиуд ба их, дээд сургуулиудаар явж, Монголын Дүрслэх урлагийн тухай, дэлхий сонгодог урлагийн тухай, монгол зураачдын тухай, тэдний уран бүтээлийн тухай зэрэг өргөн сэдвийг хамарсан лекц, яриа хийн, явуулын үзэсгэлэн гаргах, социалист орны хэвлэл, улсын чанартай хэвлэл мэдээлэлд музейн үзмэр болон, төрөл бүрийн үзэсгэлэн ба уран бүтээлчид тэдний уран бүтээлийг таниулах, сурталчлах ажлыг явуулж байжээ.
1966–1989 онуудад тухайн үеийн нэрээр Зөвлөлт Холбоот Улсын Москва, Ленинград, Киев, Ташкент, Баку, Улан-Удэ зэрэг хотод, социалист ах дүү орнуудын София, Братислав, Будапешт, Эрфурт зэрэг хотуудад жилдээ 1–2 удаа орчин үеийн бүтээл давамгайлсан найрамдалын сэдэвтэй үзэсгэлэн гаргаж, өөрийн үзэсгэлэнгийн танхимдаа зураач урчуудын үзэсгэлэнгээс гадна ах дүү найрамдалт орны үзэсгэлэнгүүдийг гаргаж, өргөн олондоо сурталчлан үйлчилдэг байжээ.
Ингэж харилцан үзэсгэлэн солилцох, ой баярын өдрүүд болон соёлын өдрүүдээр үзэсгэлэн гаргаж байхдаа өөрийн орны уран бүтээлчдийн үзмэр бүтээлийг сурталчлаад зогсохгүй, тухайн орны музейн тэргүүн туршлагыг судлах, тэдгээр судласан туршлагаа өөрсдийн нөөц бололцоондоо тохируулан ажил амьдралдаа нэвтрүүлж байсан байна.
1995 онд улсын хэмжээнд алдарт уран барималч, Соён гэгээрүүлэгч, шашин төрийн тэргүүн, Өндөр гэгээн, Чингис хааны алтан ургийн удам, анхдугаар Богд Жавзандамба — Гомбодоржийн Занабазарын 360 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ ойн хүрээнд тус музейг түүний нэрэмжит болгосон нь Монголын Дүрслэх урлагийн музейн нэр алдарыг улам өндөрт өргөж, дотоодод төдийгүй гадаадад нэр нь түгэх эхлэлийн гол хүчин болж өгсөн юм.
Зах зээлийн шилжилтийн үеэс эхлэн, дотоодын үзэгчдэдээ үйлчлэхийн зэрэгцээ дүрслэх урлагийн сургалт — сурталчилгааны төв болох эрхэм зорилтын үүднээс эрдэмтэн судлаач, зураачдын нээлттэй лекц уулзалт явуулахаас гадна музейн үйл ажиллагааны баримтлах бодлогод өөрчлөлт орж, ялангуяа улсын чанартай музейнүүдийн үзмэр бүтээлээр голчлон, монголын бахархалт урлагийн их өвийг зөвхөн өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд сурталчлах, түгээх үзэсгэлэн түлхүү зохион байгуулагдах болсон нь урлагт ээлтэй харийн ард түмний мэлмийг хужирлаж, орчин үеийн монголыг төдийгүй эртнээс уламжлагдаж ирсэн та бидний бахархах зүйлсийн заримыг нь ч болов харуулж чадсан юм.
Ийнхүү гадаад оронд томоохон үзэсгэлэн зохион байгуулах болсон нь урлагийн бүтээлээр монгол орны тухай мэдээллийг гадаадын соёлын өндөр боловсролтой, урлагийн өргөн мэдрэмжтэй, монголд ээлтэй үзэгчид жуулчдыг өөрийн оронд татах, жуулчлах үйл ажиллагаанд ихээхэн дөхөм болсон гэж үздэг. Үзэсгэлэн бүрд музейн үзмэрийн каталоги гарган, зарим нэг үзмэрт музейн стандартанд тохирсон рам жаазаар тоноглох зэрэг олон дагалдах ажлууд явагдаж байсан бөгөөд хойшид ч тэдгээр ажлууд үргэлжлэн явагдах болно.
1994 онд Францын нийслэл Парис хотын алдарт “Гимэй” музейд “Монголын Эрдэнэс” хэмээх үзэсгэлэнг анх удаа тухайн үед бидний нэрлэж заншсанаар гуравдагч оронд гаргасан нь соёлт хүн төрөлхтний оюун билгийн мэлмийд өнгөрсөн зууны гайхамшигт бурханч, зураач, урчуудын сонгодог бүтээлүүдийг дэлгэн толилуулсан нь ихээхэн шуугиан дэгдээж, дэлхийн урлагийн түүхийн аугаа дэвжээн дээр анх удаа XVII зууны алдарт уран барималч, Соён гэгээрүүлэгч Г.Занабазарын уран бүтээлүүд зохих байр сууриа эзэлж, үүнтэй уялдан тал нутгийн авъяаслаг ард түмний нэр төрийг дээдлэн дуурсгасан билээ. Эл үзэсгэлэнгийн үеэр Монголд анх удаа урлагийн бүтээлээр бүтээгдсэн каталоги хэвлэгдэн, үзэсгэлэн зохион байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр музейн танилцуулгыг өнөөгийн хэвлэлийн шаардлага хангахуйц танилцуулга болон нилээд тооны үзмэрээр ил захидал үнэ төлбөргүй хэвлэн бэлэглэсэн нь музейн санхүүжилтанд ихээхэн нэмэр хандив болсон билээ.
Энэ дуулиант үйл явдлаас үүдэн дэлхийн олон нэр хүнд бүхий орнуудаас “Монголын Эрдэнэс” үзэсгэлэнг гаргах хүсэлт, захиалга ирүүлснээс хойш удаах том хэмжээний “Mongolia the Legacy of Chinggis Khan” хэмээх үзэсгэлэнг АНУ-ын Азийн Урлагийн Музейд зохион байгуулсан. Үүнтэй салшгүй нэг чухал ажил бол үзэсгэлэн гаргах бүрт музейн гадаад харилцаа өргөжиж байсны нэг жишээ нь Азийн Соёлын сангаас тус музейд зориулан төсөл хэрэгжүүлэн, сан хөмрөгийн тохижилтыг сайжруулан, зохих хэмжээний үзмэрийн зориулалтын төмөр тавиур, шүлтгүй материалаар хийгдсэн цаасан хайрцаг, үзмэр боож баглах шүлтгүй цаас, шүлтгүй бөс даавуу зэрэг дагалдах материал хэрэгслэлийг хандивласан нь өнөөдрийн музейн үйл ажилд зохих ач тусаа өгсөөр байна.
Дээрх үзэсгэлэнгүүдээс хойш музейн үзмэрүүд БНСУ-д “Чингис хаан Их Монгол”, Герман, Унгар зэрэг орнуудад “Чингис хаан, түүний залгамжлагчид”, Испанид “Монголын нэг өдөр”, мөн Япон Нидерланд, Хятад, Бельги зэрэг орнуудад зохион байгуулж, гадаадын олон үзэгчдийг хамруулсан байлаа.
Жишээлбэл 1999 онд Нидерланд улсад зохион байгуулсан үзэсгэлэнг гэхэд л 3 сарын дотор баруун Европын 200 гаруй мянган үзэгч үзсэнээс Монголын урлаг тэдний сонирхолыг нь ихэд татаж байгаа нь тод илрэл болсон юм.
Монголчууд дээдлэн бахархаж шүтдэг шүтээн бурхадын зурмал, цутгамал, оёмол, шуумал, сийлбэр хөргүүд, ардын зан заншилуудын биет дээжсээс дэлхийн хүн зонд танилцуулах өргөн боломжийг дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр бүтээлээр дамжуулан нээж өгсөн нь дээрх үзэсгэлэнгүүдийн туйлын ач холбогдол оршдог.