The Fine Arts Zanabazar Museum
5 min readMay 23, 2023

Д.Дамдинсүрэнгийн /1910–1984/ уран бүтээлийн онцлог хийгээд уламжлал

/Өлзийт найман тэмдэг, Төрийн долоон эрдэнэ, Таван хүсэл/

Монголын уламжлалт урлагийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ XIX зууны сүүл үеийн Их Хүрээний зураачидтай нүүр тулан уулзаж байсны хувьд тэр үеийн бүтээл туурвилын талаар үнэн зөв мэдээллийг залуу үеийнхэнд үлдээж өгсөн гавьяатай хүн бол Д.Дамдинсүрэн юм. Өдгөө түүний зурсан олон бүтээлүүд Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

Д.Дамдинсүрэнгийн 1963 онд бүтээсэн бурханы шашны утга агуулга бүхий хэд хэдэн зургуудаас “Өлзийт найман тэмдэг”, “Төрийн долоон эрдэнэ”, “Таван хүсэл” хэмээх бүтээлүүдийн талаар энд товч дурдлаа.

Тэрээр “Өлзийт найман тэмдэг” бүтээлийг гуашаар орчин үеийн өнгө, хэлбэрт оруулан хамтад нь бүтээжээ. Уламжлалын дагуу эдгээр бэлгэдлийг дүрслэн харуулахад салган зурах, эсвэл хоёроор, дөрөв, наймаар хамт зурах зэргээр бүтээдэг аргууд байдаг. Наймуулааг хамт бүтээх үед хэзээд хумхын хэлбэртэй болгон хумх нь алга болж, харин хумхын хэлбэрээр илэрсэн бусад долоон зүйлийн бэлгэдэлтэйгээ хумх нь давхар илэрхийлэгдэн харуулдаг уламжлалыг бага зэрэг эвдэн бумбын дүрсийг хамт оруулан дүрсэлжээ. Мөн дээр нь тухайн нийгэм, цаг үеийн үзэл санааг тусгаж өгснөөр дүрслэл нь илүүтэй баяжигдсан байна.

Түүний амьдарч байсан 1960-аад он бол Монголд хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарууд эрчимтэй хөгжиж эхэлсэн үе бөгөөд БНМАУ төрийн сүлдээ тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй болгон өөрчилсөн байдаг. Тариан түрүү нь улс түмний найрамдлыг илэрхийлэн, ард иргэд элбэг дэлбэг байж, урт наслахыг бэлгэддэг. Энэхүү өөрчлөлт нь уран бүтээлчдийн бүтээлүүдэд тусгалаа олж нам засгийн бодлого шийдвэрийг дэмжин, дагадаг байсныг илтгэнэ.

Жишээ нь: Өлзийт найман тэмдгийг давхарлан хамтад нь зурсны хоёр талаар өнгийн цэцэгс, тариан түрүү, эрдэнэ шиш, мөн самрыг мөчиртэй нь гэх зэрэг тухайн үед тариалдаг байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг уламжлалт дүрслэл болох нүдэлж буй цэцэг, жимс, навч зэрэгтэй хослуулан хамтад нь дүрслээд, бүтээлийн дээд талд хоёр цагаан тагтаа “Энх”, “Тайван” хэмээх хоёр үг бичсэн хадаг зуун нисэж буйгаар дүрсэлсэн нь нэн сонирхол татаж байна. Тухайн цаг үед цагаан өнгийн тагтааг энх тайвны бэлэг тэмдэг болгодог байсан билээ. Мөн түүний зурсан өөр нэг бүтээл болох “Төрийн долоон эрдэнэ” зургаас энэ өнгө дүрслэлийг харж болно.

Харин буддын шашны уламжлалд эдгээрийг хэрхэн дүрсэлж, бэлгэддэг байсныг тайлбарлавал:

Өлзийт найман тэмдэг

Бурханы шашны бэлгэдлүүдийн дотроос Өлзийт найман тэмдэг хамгийн алдартай. Эртний Энэтхэгт их хааны ор суухад хаантныг хүлээн авах ёстой бэлэг сэлт, хамгийн анхны өргөл барьцын зүйлс өлзийт найман тэмдгээр бүрддэг байжээ. Тиймээс бурханы шашнаас ч өмнө үеэс үүсэлтэй гэж болно. Бурханы шашин дэлгэрснээс хойш эдгээр тэмдгүүд нь Шагжамуни бурханыг гэгээрэлд хүрэх үед агуу их Вед шашны олон бурхадаас түүнд барьсан өргөл барьцыг төлөөлдөг болжээ.

Эдгээрийг товч дурдвал:

-Олон сахиусны дотроос лусын хаанаас “Эрдэнийн шүхэр” өргөөд шатам халуунаас хэлтрүүлэх, тачаал, түйтгэр, өвчин тахал, тэрс гажуугийн үйлээс гэтэлгэхийн хүч чадлыг бэлгэджээ.

-Эх болсон зургаан зүйл хамаг амьтанд төрөл арилжихын зовлонгоос гэтлэхийг ухамсарлах чадварыг бэлгэдэн Бурхан Буддад өргөн барьсан хос загасны өлзий тэмдгийг Бурхан багшийн анхны номлоо номлосон Варанасид дурдан дээр хатгамласан байна.

-Мөнхүү Бурхан багшийн ёсыг олсныг лавтайяа үзсэн Газрын охин тэнгэр “Мөнхийн рашаан дүүргэсэн алтан хумх” өргөн барьж тэнгэрээс рашаан буулган хайрласныг бэлгэджээ.

Эсруа тэнгэр Бурхан Буддагийн өмнө анх ирэн “Мянган хигээстэй алтан хүрд” өргөжээ. Энэ нь Номын хүрдийг эргүүлээд үнэн ёсыг ухуулахыг бурханаас хүсэн гуйж байгааг бэлгэддэг.

-Төрөл арилжихын төөрөгдлөөс огоот ангижрахын бэлгэдэл болсон цагаан лянхуаг Вед шашны нарны сахиус Суръяа өргөн барьжээ.

-Их тэнгэрийн сахиус Индра “Үлэмж их цагаан лавай” өргөөд Бурханы ёсны үнэнийг номлон дэлгэрүүлэхийг хүсэн гуйж байгааг бэлгэднэ.

-Өлзий зангилаа нь Энэтхэгийн шашны хувь заяа, эд баялаг, гоо сайхны бэлгэдэл болсон охин тэнгэр Лакшмийн хайртай эдлэл бөгөөд Бурхан багшийн хэмжээлшгүй их оюун ухаан , энэрэл нигүүлсэл өрөвч сэтгэлийн бэлгэдэл болдог.

-Ялгуусан чимэг буюу Дуаз Бурхан Буддагийн дөрвөн шимнусыг ялсны бэлгэдэл мэтчилэнгээр өргөсөн гэх бөгөөд үүнээс үүдэн эрт үеийн очирт хөлгөний бурханы шашинд өлзийт найман тэмдгийг найман дагина барьснаар дүрслэн “Өлзийт найман тэмдгийн дагина” хэмээн алдаршсан байна.

Мөн Төвөдийн уламжлалд эдгээр найман тэмдгээр Бурхан багшийн биеийг төлөөлүүлдэг байна.

1. Эрдэнийн шүхрээр тэргүүний

2. Хос загасаар мэлмийн

3. Эрдэнэ хумхаар нь хүзүүний

4. Лянхуа цэцгээр нь хэлний

5. Алтан хүрдэн нь өлмийн

6. Ялгуусан чимгээр нь биеийн

7. Лавайгаар нь үгийн

8. Өлзий зангилаагаар нь сэтгэлийн төлөөлөл болгон үздэг ба мод, алт, мөнгө, зэс, гууль, шаазан, хивс, торго дурдан дээр зурж буулган урлаад, шашны эрхэм шүтээн болгодог байна.

Хамгийн сонирхолтой нэг дүрслэл болох төвөдийн зураг бүтээл дотор, дөрвөн нүүрт шар Эсрүа тэнгэр болон цагаан Индар зэрэг найман сахиуснууд Бурханы заларсан эрдэнийн суудлын өмнө сөгдөн наманчлаад өөр өөрийн бэлгэдлийн өргөл болох алтан хүрд, цагаан лавай зэргийг өргөн дэвшүүлж байгаагаар зурсан нь бас бий.

Төрийн долоон эрдэнэ

Бурханы шашны уламжлалд Хаан төрийн долоон эрдэнэд хүрдэн эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнэ орно.

-Эрхэм мянган хигээст эрдэнийн хүрд бол Хүрдэн орчуулагч хааны их эрдэнэ юм. Наран мэт цацарсан энэ хүрдийг өмнөд Замбуутивийн Замба мөрний шижир алтаар урласан. Мянган хигээс нь Сайн галавын мянган бурханы мянган зүйлийн номыг төлөөлнө.

-Найман талд чандмань эрдэнэ нь харанхуйг гийгүүлэх, хүйтэнд дулаахан байлгах, умдаасахад, хамаг хүслийг бүтээх, үер мөндөр, догшин борооноос хамгаалагч, оюун мэдрэлийн саад тотгорыг арилгагч, аливаа өвчнийг эдгээх, насны цөвийг арилган чадагч хэмээн шүтдэг.

-Хатан эрдэнээр эгэл ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй, мэргэн цэцэн хүнээр төлөөлдөг.

-Түшмэл эрдэнээр тэнгэрийн билгийн мэлмийтэй, мянган бээрийн хол дахийг нэвт үздэг, үнэнч шударга занг төлөөлдөг.

-Заан эрдэнэ болбоос хүчээрээ мянган заантай тэнцэх, уул мэт хөдөлшгүй бат байдлыг төлөөлдөг.

-Хөлөг эрдэнэ нь хөлгийн гучин хоёр сайн билэг шинжийг бүрдүүлсэн гэдэг.

-Жанжин эрдэнэ нь жаран дөрвөн байлдааны арга ухаанд мэргэшсэн, үнэн ёс, шударга үйлсийг эрхэмлэгчээр төлөөлдөг.

Хүслийн таван эрдэм

Очирт хөлгөний Бурханы шашинд хүслийн таван эрдмийг тахил барьсан таван дагина болгож бүтээсэн байдаг.

-Жижиг мөнгөн толь нь найман хигээст алтан хүрдээр харааны сэрлийн эрхтэн нүдийг бэлгэддэг. Толь нь сайхан муухай юу тусгалаа ч толь ерөөсөө шүүдэггүй. Толинд илэрсэн бүхий л дүрс үнэн оршихоор хоосон, мөн чанараар хоосон байдаг.

-Хөгжим буюу хос цангаар яруу эгшгийг таалан сонсох сонорын эрхтнийг зүйрлэнэ.

-Хүж, үнэртэн агуулсан лавай бүр үнэрийн сэрлийг төлөөлж байдаг.

-Шинэ жимсийг амтны сэрлийн тахил болгон өргөдөг. Ихэнхдээ гурван зүйлийн бөөрөнхий жимсээр гурвалжин хэлбэрийг бүтээн зурдаг.

-Өнгөт сайн мяндсан торго бол хүрэлцэх сэрлийг төлөөлж байдаг.

Хүслийн таван тахил бол Язгуурын таван бурхантай холбоотой. Үүнд:

-Маш гийгүүлэн зохиогч Намнан бурхан “дүрс”-ийг төлөөлөх учир харааны мэдрэл толь нь түүний бэлгэдэл болно.

-Эрдэнэ гарахын орон Раднасамбава бурхан “дуу”-г төлөөлөн хуур, цан түүний бэлгэдэл болдог.

-Цаглашгүй гэрэлт Амитаба бурхан “үнэр”-ийг төлөөлөн үнэртэн дүүргэсэн лавай түүний бэлгэдэл болно.

-Тусыг бүтээгч Амогхасида бурхан “амт”-ыг төлөөлөн жимс бол түүний бэлгэдэл болно.

-Үл хөдлөгч Агшобхи бурхан “хүрэлцэхүй”-г төлөөлөн торго, дурдан түүний бэлгэдэл болно.

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet