Зураач Фёдор Семенович Торхов

The Fine Arts Zanabazar Museum
6 min readMay 5, 2020

--

Тийм ээ, ихэнх хүнд Монгол бол цөл, нэг хэвийн өнгө аястай юм шиг санагддаг. Гэвч энэ бол өнгөөр маш баян орон. Өнгийг ойлгодог байх хэрэгтэй. Амьдралд бүх зүйл маш үзэсгэлэнтэй байдаг. Орчлон ертөнцийн энэ гоо үзэсгэлэн хүний оюун ухаанд хэрхэн тусаж байгааг үзүүлэх нь зураачийн үүрэг байдаг. Байгалаас илүү сайхан зүйлийг бодож олох гэсний хэрэггүй”

Д.Уранчимэг, Сан хөмрөгч.

Монгол Алтайн намар

Фёдор Семенович Торхов 1930 онд ОХУ-ын Кемеров мужийн Горная Шория тосгонд төржээ.

Тэрээр 1947–1948 онд Барнаул хотын Дүрслэх урлагийн Алтайн салбарын дэргэдэх Дүрслэх урлагийн сургууль, 1949–1958 онд Ташкентийн Бүх холбоотын уран зургийн дунд сургуульд тус тус суралцаж төгссөн байна.1958 оноос Алтайн зураачдын хамт олны дунд ажиллаж, 1964–1972 онд ЗСБНХОУ-ын уран зургийн фондын Алтайн салбарын захиралаар ажиллаж байв.1968 оноос Оросын урчуудын холбооны гишүүн болжээ.

Ф.С.Торхов

1958 оноос улсын чанартай болон бүс нутаг, хязгаарын хэмжээний, мөн гадаадын олон үзэсгэлэнгүүдэд өөрийн бүтээлүүдээр оролцож байлаа. Фёдор Торхов “Монгол Алтайгаар”, Монголын уужим тал нутагт” гэсэн нэртэй өөрийн бие даасан үзэсгэлэнгээ 1975, 1994, 2001 онуудад Москвад, 1994, 1998, 2002, 2005. 2007, 2008, 2010 онд Улаанбаатарт, 2001 онд Эрдэнэтэд, 1979, 1995, 2002 онд Баян-Өлгийд тус тус гаргажээ. Зураачийн олон бүтээл Орос, Монгол болон бусад орны музей, уран зургийн галерейд хадгалагдаж байна.

Фёдор Семенович Торхов 2005 онд анх “Монгол улс, хүмүүс ба байгаль” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээсэн юм. Үзэсгэлэнгийн дараа өөрийн 60 гаруй бүтээлийг тус музейн сан хөмрөгт бэлэглэснээр манай музейн гадаад урлагийн сан хөмрөгт түүний бүтээлүүд өөрийн орон зайг эзлэх болсон юм.

Монголд Фёдор Семеновичийг олон хүн мэднэ. 1974 онд анх Монголд ирсэн тэрээр монголын зураачидтай хамтран ажиллах болж, Монголд олон удаа ирж бүтээлээ туурвисан юм.

Фёдор Семенович Торхов бол хөрөг зураг, байгалийн сэдвээр ажилладаг реализмын аргаар бүтээлээ туурвидаг хүн байсан юм.

Аксакал Байгаж

Байгаль бол түүний уран бүтээлийн гол сэдэв юм. Фёдор Семенович өөрөө Оросын Алтайн хязгаарт төрж өссөн хүн. Тийм ч учраас Монгол Алтайг илүү сонирхон, Алтайн уулс, тэр хавийн нутгийн амьдрал ахуйг судлан өөрийн бүтээлдээ тусгасан байдаг.

Алтайн уулсын оргил, тал хөндий, гол нуурууд Алтайн уудам нутагт амьдрах хүмүүс-энэ бүхэн Фёдор Семеновичийн бүтээлийн гол баатар, гол дүрслэл юм. Баруун монголын нутгаар олон мянган километр туулж, өөрийн сэтгэгдлээ зургаар илэрхийлж дамжуулахыг хичээн үүрийн гэгээнээс үдшийн бүрийн хүртэл ажиллаж байхдаа зурсан олон бүтээлүүдэд нь энэ бүхэн тусгалаа олсон байдаг.

Тэр үеэс хойш зурсан бүтээлүүдээс 1974 онд зурсан “Дэлүүний шөнө”, 1976 онд зурсан “Алтан цөгц. Цамбагарав”, 1979 онд “Ирвэс уул”, “Хотон нуур”, “Баян-Өлгий” “Таван Богд уул”, 1981 онд зурсан “Сагсайн тэнгэр”, “Монгол Алтайн намар”/1989/, зэрэг зургууд бий.

Ирвэс уул

Фёдор Семенович Монголын байгалийг яаж ийм олон өнгөөр илэрхийлж чадсаныг үзэгчид гайхдаг юм. Зураач өөрөө энэ тухай хэлэхдээ: “Тийм ээ, ихэнх хүнд Монгол бол цөл, нэг хэвийн өнгө аястай юм шиг санагддаг. Гэвч энэ бол өнгөөр маш баян орон. Өнгийг ойлгодог байх хэрэгтэй. Амьдралд бүх зүйл маш үзэсгэлэнтэй байдаг. Орчлон ертөнцийн энэ гоо үзэсгэлэн хүний оюун ухаанд хэрхэн тусаж байгааг үзүүлэх нь зураачийн үүрэг байдаг. Байгалаас илүү сайхан зүйлийг бодож олох гэсний хэрэггүй” гэж хэлсэн байна.

Сагсайн тэнгэр

Фёдор Семенович Торховын уран бүтээлийн бас нэг сэдэв бол хөрөг зураг юм. Түүний бүтээсэн хөрөг байгалийн тухай зурагнаас тоогоор цөөн хэдий ч ур чадвар, ажлын чанараараа дутахгүй. Түүний хөрөг зургийн галерей их олон янз. Зохиолч ба малчин, жүжигчин ба гэрийн эзэгтэй, зураач ба адуучин гээд зураачид зураагүй хүн гэж үгүй, тэрээр мэргэжлийн маш өндөр чадвартай, зурж буй хүнийхээ оюуны дотоод ертөнц, сэтгэл зүй, ааш занг маш тодорхой гаргаж өгсөн байдаг.

Баяннуурын Бизахан
Ховдын театрын гоцлооч Бааст

“Аксакал Байгаж” /1974, “Ард Найдан”/1976/, “Хотын эмэгтэй” /1978/, “Адуучин бүсгүй Дэлгэрсайхан” /1982/, “Барилгачин Класбай” /1982/, “Их хурлын депутат Гомбосүрэн” /1982/, “Алтайн хөдөлмөрийн ахмад Түдэв”/1982/ “Ховдын ногоочин” /1982/ “Баяннуурын Бизахан” /1986/, “Манхан сумын сайн дурын уран сайханч”/1986/, “Ховдын театрын гоцлооч Бааст” /1986/, “Ховдын жүжигчин” /1986/, “Халх голын ахмад дайчин Аюуш”/1987/, “Ардын зураач Цүлтэм” /1997/, “Зохиолч Түдэв” /1997/, “Ахмад дайчин Түдэв” /1997/, “Гэрийн эзэгтэй Сарантуяа” /2004/, “Монголын охин Наранцэцэг /2004/ зэрэг олон хөрөг зураг бүтээжээ. Зураач маань амьдралын үнэн мөнөөр дүүрэн эдгээр дүрүүдиийг зэрэг зиндаа, нийгмийн байдлыг нь ялгаварлалгүй бүтээсэн байна.

Зохиолч Түдэв
Ардын зураач Цүлтэм

Ф. С. Торхов Оросын уран зургийн реалист сургуулийн баялаг уламжлалыг үргэлжлүүлэхдээ өөрийн гэсэн тод томруун, танихад амархан, юуны түрүүнд хүрээлэн буй ертөнцийг тод өнгө, утга уянгын аясаар харсан уран бүтээлийн хэв маягийг олсон аж. Үүгээрээ ч бусдаас ялгардаг гэж судлаачид дүгнэдэг.

1980-аад оны дундуур Оросын Алтайн хязгаарын болон Монголын зураачдын 2 бүтээлч хамтлагийг Фёдор Семенович удирдан 1982–1984 онд “Алтай-Багануур-Говь”, 1986–1988 онд “Алтай бол найрамдлын уул нурууд” гэсэн сэдвээр уран бүтээлийн эрэл хайгуул хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд эдгээр аялалын үр дүн болох бүтээлүүдээс нь өнөөдөр манай сан хөмрөгт хадгалагдаж байна.

Фёдор Семенович Торхов зөвхөн Монгол Алтай гэлгүй, монгол орны тухай олон бүтээл туурвисан хүн юм. Тэрээр “Монгол бол миний хоёрдахь эх орон буюу бага эх орон минь” гэж нэрлэдэг, монгол орон түүний бүтээл туурвилын онцгой хуудас байсан юм.

“Хэнтийн зун”/1977/, “Туул голын хөндий” /1977/, “Тэрэлжийн алтан уулс”/1977/, “Багануур”/1982/, “Говийн намар”/1984/, “Говь” судалбар/1986/, “Алтайн магтаал”/1986/, Толбо нуур”/1995, “Цэнгэл сумын орой”/1995/, “Булган сумын орой”/1995/, “Баян-Өлгийн ардууд”/2000/, “Булган сумын айлууд” зэрэг бүтээлүүдийг та бүхэн харж байна.

Тэрэлжийн алтан уулс

- 2005 — “Монгол улс, хүмүүс ба байгаль”

- 2008 — “Монгол орон, миний орчин үеийнхэн”

- 2010 — “Монгол бол миний бэсрэгхэн эх орон” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ манай музейн үзэсгэлэнгийн танхимд өөрийн биеэр зохион байгуулж байв.

- 2013 онд монголын хэсэг зураачид болон Монгол дахь Оросын

Алтайн хязгаарын төлөөлөгчийн газар, Занабазарын нэрэмжит ДҮМ хамтран түүний гэгээн дурсгалд зориулан “Ф. С. Торхов ба түүний монгол нөхдийн уран бүтээл”

- 2016 — “Монгол орон-миний хайр” сэдэвт үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж үзэгч олонд хүргэсэн юм.

Фёдор Семенович Торхов бол нийгмийн зүтгэлтэн байлаа. 1979–1991 онд Ф.Торхов Алтайн хязгаарын Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийг тэргүүлж, 1981–1991 онд Алтайн хязгаараас найрамдлын нийгэмлэгүүдийн Зөвлөлтийн холбооны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж, Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн Төв захиргааны орлогч дарга байсан юм. Тэрээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл Монголын найз нөхдүүдийн нийгэмлэгийн Төв захиргааны гишүүнээр ажиллаж байсан юм.

Монголын засгийн газар, олон нийт Фёдор Семенович Торховын уран бүтээлийн болон олон нийтийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж ирсэн бөгөөд 1980 онд Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн, 2000 онд Өлгий хотын хүндэт иргэнээр өргөмжилж, 1994 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол олгож, 1998 онд Алтан гадас одонгоор шагнасан бол монгол-оросын найрамдалт харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны шагнал “Найрамдлын одон”-гоор 2010 онд шагнасан юм.

Баян-Өлгийн ардууд

Өнөөдөр уран бүтээлч маань өөрөө байхгүй ч бүтээлүүд мөнхөд хадгалагдан үлдэж, үеийн үед монгол –ороын ард түмний найрамдлын илэрхийлэл болон үзэгч олонд хүрсээр байх болно.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet