Лхачэн Цамбагарав
Монголчууд Эсүра, зарим нь Эсран тэнгэр гэх нь бий. Төвдөөр Цанба гэсэн нь Ариун гэсэн нэр.
Арван хангал догшдын нэгэн Цамба бурхан цагаан лагшинтай, нэг тэргүүн, гурван мэлмийтэй, хоёр мутартай. Оройдоо цагаан дун буюу эрдэнийн шигтгээт титэм тэргүүндээ асаан, алтан хээтэй цагаан дээлний гадуур цагаан торгон нөмрөг давхарлан , “Хри” тарнийн үг бичсэн алтан толь зүүж, баруун мутартаа очирт илд далайж, зүүндээ туг хиуртай жад, эрдэнээр бөөлжигч хулгана, цалам барьжээ. Тэрбээр цагаан морь хөлөглөн гэрэл цахилгаан гялбуулж, их хуй салхи татуулан өнгийн дэлбээт бадам цэцгийн мандал дээр заларна. Түүний тэргүүн дээр цагаан шувуу нисэх ба өмнө нь улаан малгайтай, торгон хувцастай цагаан хүн явж, мич дагана[1].
Тэрээр зүс царай саран мэт цагаан, гурван мэлмийтэй, цагаан торгон баримтагтай, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт цэцгэн дээр ажирдаг.
Шарилын сайн муу сүнсний тэмцлийн хурц гэрлээс хордоод, дайсныг дарах бурхан болж тодорсон ажээ. Домогт өгүүлэхдээ урьд төрөлдөө тэнгэрийн убш нэрт догшин яргачин явсан гэх ба Очирваанитай хүч сорин дарагдаад, шашныг сахин хамгаалах андгай өгсөн гэдэг. Монгол Алтайн нурууны Цанбагарав уулын эзнийг Цанба сахиус гэнэ. Тэргүүн дээгүүр нь цагаан шувуу, улаан толгойтой цагаан хун, цагаан нохой дагуулсан, улаан хушуут буман бич, цагаан тэнгэр улаан, хар шулам, лус тэргүүтэн хүрээлсэн байх агаад салхи шуурах, аянга цахилгаан ниргэх аюулт үзэгдлийн дунд Цанбын зүс царай үл хувирна.
Энэ бурханыг Ловонбадамжунайтай хамт залж тахиваас хамаг үйл зуны сэрүүн тунгалаг булгийн ус мэт тасралтгүй бүтнэ гэжээ. Анхны эмч нь Цамба, анхны өвчин нь эс шингэсэн, анхны эм нь ширгээсэн ус, анхны өвчтөн нь Шидбүү хэмээх манай дорно дахинын тэжээхүй ухааны сударт гардаг Цанба бурханыг эмч хүн залж тахивал өлзийтэй сайн буй заа[2].
3.3 Цамба бурханы бэлгэдэл
Цамба нь Төвдийн уугуул нутгийн тэнгэр байсан бөгөөд хожим Соронзон Гомбо хаан, Очирваань болон Ловон Бадамжунай нар Бурханы шашинд оруулсан гэдэг. Улмаар V Далай лам төрийн сахиус болгосноор Монгол оронд ихэд дэлгэрэн шүтэх болсон.
Лхачэн Цамбагаравын уналага: Морь нь хүмүүн хийгээд, тэнгэр, газар, дэлхийн эзэд, номыг тэтгэгч сахиусууд тэргүүтэн тоолшгүй олон бурхадын эрхэм гол хөлөг нь болно.
Галуу: Энэ шувуу нь сүрэглэн явж усанд умбахдаа, талд бэлчихдээ огт дуу чимээгүй нам жим байж, сүргийн дундаас онц нэгэн галуу өмнөхийг гэтэж, хойнохын хайгуулдаж байдаг. Гэнэт нэгнээс муу байдлыг сэрж мэдрээд гоолох дуу гөмөгц ыүгдээр түрхрэн нисэж зайлна.
Лхачэн Цамбагаравын хувцас: номыг тэтгэгч сахиус, оронгийн тэнгэр, газрын эзэд, их хаан нугуудын зарим лагшинд өвч хуягийг соёрхсон. Бурхадыг бүтээсэн уламжлалыг харахад эртний Монгол дайчдын өвч хуяг лугаа бүтэц хийцийн хувьд адил байна.
Лхачэн Цамбагаравын толь: Ялж төгс нөгчсөн Бурхан бээр хамаг амьтныг бэлгэ билгийн түйтгэрээс илт хагацсан асар ариун номыг торолгүй төгс эдлэхийн шүтэн барилдлагад толийг өлзий хутгийн эд болгон адисласан болой.
Лхачэн Цамбагаравын мутрын барьц:
1. Очирт Илд: хоосон чанарыг оносон билгүүнээр мунхагийг арилган, зовлонгийн ногоог таслан зохиохыг бэлгэдэх хийгээд мөн илд тэргүүтэн найман шид бүтээл өгөхийг бэлгэдэн мутрын барьцанд таалсан болой.
2. Жад: Жадаар муу үзлийн түйтгэрийг нэвтлэн бие, хэл, сэтгэлийн гурван үүдний гэмийг дарахыг бэлгэдэн бурхадын мутрын барьцад таалмуй.
3. Эрдэнээр бөөлжигч хулгана: буюу үхэр хулгана үүнийг үзэж хүрэлцэн, сэтгэсэн бүгдийн өлсөх ундаасах үгээгүй хоосон зовлон бүгд нь түргэн амирлаж хүссэн бүгд сэтгэчлэн бүтэх хийгээд дээдийн ном бүтээхийн гадна, дотны зохилдох шлатгаан бүрдэн, сансрын хотол чуулганд тачаахын шунал буцаж, магад гарах, асрал, энэрэнгүй боди сэтгэл тэргүүтний эрдмүүд арвижин дэлгэрнэ хэмээсэн.
Лхачэн Цамбагаравын титэм: Титэм үүнийг үзсэн хүрэлцсэн бүгд бээр гадна дотны саад зэтгэр алинаар ч чадагдахгүй, бурханы зарлиг бүгдийн үг утгыг онож мэдэх ба орон алинд суувч номыг бүтээх шалтгаан бүхэн сэтгэчлэн бүтэх, бурхан боди сэтгэлтэн бүгдээр адислах тэргүүтэн тус эрдэм цаглашгүй гарах хэмээсэн. [3]
[1] Зара Флеминг , Лхагвадэмчиг. Ж. Ред. Монголын бурханы шашны урлаг. АНУ. Чикаго хот. 355-р тал
[2] Цэрэн-Очир.Ц “ Бурхад мэргэд” УБ.,2010 Т.,35
[3] Пүрэвбат. Г “Их Монголын Бурханы шашны урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн” Солонгос улс., 2016 Т., 554