Манал Бурхны дүр, бэлгэдэл
Шастир лугаа үл зохилдох болбоос эл өглөгийн эзэн машид бууран болъюу
Шастир лугаа зохиолдохуй нүүрийг үйлдвээс эл садан лугаа хамт хотол төгсөюү (Данжуурын урлахуй ухааны аймгийн 211-р боть 35б)
Амарлингуй дүртэй Манал бурхан биндэръяа эрдэнийн адил хөх өнгөт лагшиндаа номын хувцас асаан, дээдийн өглөгийн мутарлагат баруун мутартаа 404 өвчнийг арилгагч тийн ялгуулсан ар үр, зүүн мутраа тэгш агуулан рашаанаар дүүрсэн бадар аяга барьж бадам цэцгийн саран мандал дээр очир завилгаа суудлаар заларна. Хөх өнгө нь мөн оршихуй, үнэн оршихуй, итгэл, цэвэр ариун байдал, амар амгалан, оюун санааны хийгээд номч хүмүүний амьдрал зэргийг бэлгэддэг бөгөөд товчхондоо бүх өнгөний хэмнэлийг ялгадаг материал гэж хэлж болохуйц өнгө юм. Эртний Энэтхэгийн Хинду шашны Индра, Вишнү, Кирашнагийн хувилгаан дүрүүд хөх өнгөөр бүтээгдсэн байдаг. Энэ нь эртний бусад шашин соёлуудад ч харагддаг бөгөөд Христосын шашны залуу хадагтай Мариа, Египетийн Амун, Шумерийн аугаа Эх Дагина, Грекийн Зевсийг хөх өнгөөр дүрсэлж байсан.
Буддын шашинд гэрэл, тэнгэрийн хөх өнгө, хөхөмдөг болон бараан өнгөнүүд нь ер бусын шид увдисыг агуулсан өнгөнд тооцогддог. Тиймдээ ч бурхдын дөрвөн үйлсийн дундаас хар өнгийг хатуу үйлийн бэлгэдэл хэмээн үздэг. Мөн хар өнгийг нэвт харагдахгүй өнгө гэдэг утгаар нь шороон махбодын бэлгэдэл болгон авч үздэг.
Хөх өнгө нь төгсөшгүй хязгааргүй зүйлийг бэлгэдлийн хувьд тэнгис далайн өнгө, тэнгэрийн өнгийг дүрслэхэд хэрэглэж ирсэн байдаг. Мөн хөх өнгийг үзүүлэхэд хагас эрдэнийн чулуу болох номин өнгийг хэрэглэдэг бөгөөд хөх өнгө нь ногоон аль эсвэл шар өнгө болон хувирахдаа хялбар байдаг гэж үздэг байжээ.
Мөн бурхны шашны урлахуйн ухаанд гүн ухаанд хөх өнгийг анагаах чадалтай, хүний биед хүчтэй нөлөө үзүүлэх чадвартай гэж үздэг байсан бөгөөд нал эрдэнийн (Lapis Lazuli) өнгөөр Оточ Манал бурхны өнгийг дүрсэлдэг байна. энэхүү нал эрдэнийг Ази, Европ дахины соёлд чимэг зүүлт болгон хэрэглэж ирсэн түүх одоо бидэнд мэдэгдэж байгаагаар 6000 жилийн тэртээ гэж тооцогддог бөгөөд Энэтхэгийн Хиндү Күш, Хойд Афкинастаны нутгаас гаралтай ажээ. Бурханы хувьд бурхан Шагжамунийн ойрын шавь болох Анандагаар дамжуулан өвлөгдсөн Оточ Маналын сударт ч энэ тухай айлдсан байдаг ажээ.
Тэнгэрээс ч үлэмж ялгаатай
Нил эрдэнийн ариун лагшинтай
Хамгийг болгоогч нигүүлсэнгүй
Хязгааргүй огторгуй мэт уужим, та
Харамгүй надад адистидаа хайрлаач
Манал бурханыг шүтэх ёс Халхад Өндөр гэгээний үеэс дэлгэрсэн. Өндөр гэгээн өөрийн багш IV Банчин Богд Лувсанчойжижалцангаас (1569–1662) шавь нарынхаа өвчин, зовлонг нимгэлэх, насан буянг уртасгахын тулд Манал бурханы үүднээс нэгэн ном зохиож өгөхийг айлтгажээ. Түүний хүсэлтээр IV Банчин Богд “Оточийн зан үйл сэтгэлчлэн бүтээгч эрдэнийн хаан” номыг зохиож өгсөн.