Монголын Дүрслэх Урлагийн Музейн Сан Хөмрөг

The Fine Arts Zanabazar Museum
5 min readAug 2, 2019

Г.Лхагвадулам, Эрдэм шинжилгээний ажилтан

Дүйнхорын Лойлин

Музейн сан хөмрөг нь үйл ажиллагааны амин сүнс, гол цөм бөгөөд тухайн музейн төрөл чиглэлийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй зохион байгуулан байнга хадгалагдах эд зүйлүүдийн нэгдлийг хэлэх ба энэ нь түүх, урлаг соёлын дурсгал, байгалийн баялагийн дээжис, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлүүдээс бүрддэг.

Манай сан хөмрөгт эртний хүмүүсийн хад чулуун дээр зурж үлдээсэн зургаас эхлэн эртний нүүдэлчин улсууд Хүннү, Түрэг, Уйгарын үеийн урлагийн дурсгалууд, XVI-XX зууны эхэн үе хүртэлх шавар, хүрэл баримал, уран зураг, шүтээн зураг, зээгт наамал, мод чулуун сийлбэр зэрэг ардын урлалын бүтээлүүд, нэр нь үл мэдэгдэх урчуудаас эхлээд Их хүрээний бурханч Хас-Очир, Жүгдэр, Гэндэндамба, уран хатгамалч Долгор, уран сийлбэрч Сүрэн, Бөөрийн Жүгдэр, Далай Чойнхорын Самбуу, С.Шарав зэрэг зураач, барималч, дархан, хатгамалч, сийлбэрчдийн бүтээсэн ур хийц, ухаан сэтгэлээ шингээсэн бүтээлүүд бий.

Эртний урлагийн танхим. 7-р зууны бунханаас илэрсэн дурсгалууд.

Эдгээр үзмэр бүтээлүүд дотроос 70 бүтээлийг “ХОСГҮЙ ҮНЭТ” дурсгал хэмээн Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан юм. Үүнээс зээгт наамал 15, монгол зураг 3, шүтээн зураг 25, цутгамал бүтээл 16, уран зураг 2, цаасан шуумал 3, ган сийлбэр 2, дардас 1, оёмол 1 бүтээлүүд тус тус багтаж байна.

Тэдгээрийн заримаас дурдвал, МЭӨ 2000 жилийн өмнө үед хүрлээр цутгаж бүтээсэн, бариулыг нь янгирын толгойн дүрсээр чимэглэсэн илд, Их хүрээний цам харайхад цамын талбайн өмнө талд дэлгэж байсан дөрвөн монументаль /16х10/ зээгт наамлууд, Өндөр гэгээн Занбазарын цутгамал бурхан “Цагаан дара эх”, “Язгуурын бурхад”, “Бодь суварга”, Их Хүрээний бурханч, лавчин Пунцаг-Осорын эрдэнийн чулуун чимгээр чимэглэгдсэн ”Намсрай”-н баг, нэлэнхүйд нь тус бүрдээ 10000, 5000 орчим шүр шигтгэж урласан том, жижиг “Жамсран”-гийн баг, олноо “марзан” хэмээн алдаршсан Б.Шаравын бүтээл “Монголын нэг өдөр”, “Гүүний үрс гаралт”, “Лхас”, “YIII Богдын хөрөг”, Орос зураач, эрдэмтэн Н.К.Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” уран зургууд, эрдэнийн чулуун чимэг бүхий “Махгал”, “Балданлхам”, “Гүнрэгийн мандал”, “Дүйнхорын мандал” зэрэг зээгт наамлууд, Далай Чойнхорын алдарт дархан Ерэнтэйн ган сийлбэр хэт хутга, мөнгөн цутгамал сангийн бойпор зэрэг олон зуун бүтээлүүдийг дурдаж болно.

Зээгт наамлын урлагийн танхим дахь хосгүй үнэт бүтээлүүд.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзмэрийн баяжилт, сан хөмрөгийн бүрдүүлэлт.

Дүрслэх урлагийн музей анх байгуулагдах үед Улсын төв музей, Богд хааны музей, Чойжин ламын сүм музей зэрэг байгууллагуудаас 90 орчим үзмэр, эд зүйлийг шилжүүлэн авч, Монголын урчуудын эвлэлийн хорооноос тухайн үеийн зураач, урчуудын уран бүтээлийг сонгон авч музейн сан хөмрөгт шилжүүлсэн байна. Тэр үеэс эхлэн музейн сан хөмрөгт үзмэр, эд зүйл цуглуулах ажлыг байнга зохион байгуулж хот, хөдөөд эрэл хайгуул хийх, ард олноос урлаг, уран сайхан, түүх, угсаатны зүйн эд зүйлсийг худалдан авах зэргээр сан хөмрөгийг бүрдүүлжээ. Сан хөмрөгийн баяжилтад онцгой анхаарч анх 1966 оны 6-р сарын 15-ны өдөр “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох” комиссын хурлын 1-р протоколоор шашны холбогдолтой XVIII-XIX зууны үеийн танка, зээгт наамал, цутгуур бурхан зэрэг нийт 29 ширхэг үзмэр, эд зүйлийг худалдан авч, анхныхаа цуглуулгыг бүрдүүлж байсан байна.

Музейн үзмэр цуглуулгыг хувь хүнээс худалдан авах, бэлэг хандив, тусгай бүртгэлээр шилжүүлж авах (Гандантэгчинлэн хийд, Сүм музей, Богд хааны ордон музей, Гаалийн хэрэг эрхлэх газар, Улсын мөрдөн байцаах газрын Хэрэг эрхлэх газар) зэргээр бүрдүүлж байжээ. Тухайлбал: 1975 оны 10-р сарын 31-ний өдөр Гандантэгчинлэн хийдээс 187 дэсийн 352 тоо ширхэг бүхий шашин номын холбогдолтой эд хэрэглэл” шилжин ирж, 1978 оны 12-р сарын 12-ны өдрийн 31-р тусгай актаар бүртгэлд бүртгэгдсэн бол 1967 оны 12-р сарын 21-ний өдөр Гаалийн хэрэг эрхлэх газраас 101 дэсийн 103 тоо ширхэг бүхий үзмэр, эд зүйл шилжин ирснийг 1969 оны 2-р сарын 17-нд Дүрслэх урлагийн музейн “Үзмэр худалдан авах үнэ тогтоох” комиссын 40-р тогтоолоор сан хөмрөгт бүртгэн авсан байна. Мөн тэр үеийн нэртэй зураач, уран бүтээлчид болох Н.Цүлтэм, О.Цэвэгжав, Л.Гаваа, Г.Одон, Ү.Ядамсүрэн, барималч н.Даваацэрэн нар өөрсдийн цуглуулгаасаа музейд бэлэглэх, худалдах ажлыг зохион байгуулснаар нэлээд үзмэр, эд зүйл хуримтлагдсан байна.

Дүрслэх урлагийн музей байгуулагдсан цагаасаа эхлэн музейн ажилчид бие дааж үзмэр, эд зүйл худалдан авч, цуглуулах ажлыг хийж байгаад 1973 онд Соёлын яамны харъяа “Музей удирдах газар” байгуулагдсанаар хайгуул цуглуулгын ажлыг өргөн хэмжээтэй зохион байгуулах болж, зөвхөн Дүрслэх урлагийн музей ч төдийггүй улсын хэмжээний, гэхдээ томоохон музейнүүдэд зориулан үзмэр цуглуулах ажлыг хийх болсон байна. Музей удирдах газар байгуулагдсанаар музейнүүд нэгдмэл нэг удирдлага доор үйл ажиллагаа явуулах болсон. Улсын чанартай музейнүүдийн сан хөмрөгт авах үзмэр, эд зүйлийг уг газрын дэргэдэх “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох” комиссын хурлын шийдвэрээр худалдан авах болжээ. Тухайлбал: Дүрслэх урлагийн музейд дүрслэх урлаг, ардын гар урлал, шашны урлаг, урлагийн түүхтэй холбоотой үзмэр, эд зүйлсийг хуваарилдаг байжээ. 1973 оноос 1977 оны хооронд нийт 457 ширхэг үзмэр, эд зүйлийг худалдан авсан бол 2008 онд Дүрслэх урлагийн музейн дэргэдэх “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комисс”-ын хурлаар нийт 16 дэсийн 17 ширхэг үзмэр эд зүйлийг худалдан авсан. Дүрслэх урлагийн музей анх байгуулагдахдаа 300 гаруй үзмэр, эд зүйлтэй байсан бол 1972 онд 2389 нэгж ширхэг, 1979–1989 оны сан хөмрөгийн тооллогоор 14475 нэгж ширхэг, 1998–1999 оны сан хөмрөгийн улсын тооллогоор 12700 нэгж ширхэг, 2007–2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоо 17840 нэгж ширхэг үзмэр, эд зүйлс тоологдсон байна.

1972–1989 онд худалдан авсан дүрслэх урлагийн бүтээлүүд нийт 14475 нэгж ширхэг буюу сан хөмрөгийн 30% -ийг эзэлдэг байсан бол 1998 онд сан хөмрөгийн үзмэр, эд зүйл 12700 нэгж ширхэг болон буурсан байна. Энэ нь 1989 онд орчин үеийн дүрслэх урлагийн 2000 гаруй нэгж бүтээлийг Монголын уран зургийн галерейд шилжүүлсэнтэй холбоотой. 2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор шинээр нэмэгдсэн нийт үзмэр, эд зүйлийн 37%-ийг эзэлж байв. Харин 2012–2013 оны сан хөмрөгийн улсын тооллогоор үзмэр, эд зүйлийн тоо буурсан нь тоон дүн гаргах аргачлал өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна.

Дүрслэх урлагийн музей нь нийт зургаан сан хөмрөг, 12 үзүүллэгийн танхимд үзмэр, эд хадгалагдаж, материалаар нь хатуу ба зөөлөн эдлэлийн, гадаадын урлагийн сан хөмрөг гэж ангилдаг.

1. Зөөлөн эдлэлийн сан хөмрөгт: зээгт наамал, хувцас хэрэглэл, шүтээн зураг, монгол зураг, дардас, зураасан зураг, судар номын эд өлгийн зүйлс.

Зөөлөн эгшигт бүтээлийн хэсгээс. Зээгт наамал.

2. Хатуу эдлэлийн сан хөмрөгт: мод, чулуу, шавар болон янз бүрийн матеал эдээс бүтээгдсэн эд өлгийн зүйлс.

Хатуу эдлэлийн сан хөмрөг

3. Гадаадын урлагийн сан хөмрөгт: Ази, Европын зарим орнуудын гар урлалын бүтээлүүд, дэлхийн сонгодог зураачдын уран зургуудын плакат зэрэг үзмэр цуглуулгаас бүрдэнэ.

Казүшика Хокусай. “Гучин зургаан байгаль цувралаас”. Модон бар (репродукци).

Дэлхийн аливаа улс орон өөр өөрсдийн түүх, ёс заншил уламжлал, ухааны үр, авъяас чадвараа бүрэн шингээсэн соёл урлагийн арвин их өв сайтай байдгийн нэгэн адил Монголчууд балар эртнээс орчин цаг хүртэлх дүрслэх урлагийн бүхий л төрлийг билэгдлийн үндэстэй, чимэглэлийн хэллэгтэй, давтагдашгүй уран сэтгэмж шингээн хөгжүүлж ирсэн бахархам соёлтой ард түмэн. Ийм л ард түмний өв болсон урлагийн бүтээл музейн үзмэрийг манай хамт олон нандигнан хайрлаж, орчин цагийн музейн стандартын горимын дагуу хадгалаж хамгаалан, судлан шинжлэж, сурталчлан түгээх, хойч үедээ өвлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ ямагт биелүүлж байна.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet

Write a response