Наймдугаар Богд Жавзандамба Хутагт Агваанлувсанчойжинямданзанваанчүг (1869–1924)

The Fine Arts Zanabazar Museum
5 min readDec 4, 2020

--

Балдуугийн Шаравын бүтээл “VIII Богд” хөрөг зураг нь XX зууны Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийн нэгэн билээ.

Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.

Наймдугаар дүрийн Богдын намтар түүхийн тухай товч

“Манзушри язгуурын дандар”-д “Тэнгэр хйигээд орон хэмээхийн Цастын дотор оршсон хэмээн” бошог үзүүлсэн их орон ялгамжтай хэтэрхий Лхас хэмээх нийтэд алдарсан хутагт хонсим бодьсадвагийн бэлгэ билгийн гэгээнээс бүтсэн орд харшийн Уй-н газрын хувьд Төвдийн хүний дөрвөн угсааны доторх Жидшод Дэвадон хэмээхийн язгуурт мэндэлсэн болой. Халхын хаад ноёд ихэс хийгээд шанзав нараас Банчин Богд, Далай лам хийгээд Ламо чойжингуудад бошог айлтгасанд Жавзандамба, ринбүчигийн хувилгаан эндүүрэлгүй мөн хэмээн тодруулж айлдсан. Халх нийтээр Богдыг залж ирэхийн үед Далай ламын гэгээнээс сайн галавын мянган бурхны долоодугаар Равсал бурхны хувилгаан Ари ринбүчи Хайдүвданзинчойжиням-ыг Богдын Ёнзон болгож зарлиг буув. Түүнээс гэнэнгийн санваарийг зооглосоноор Агваанлувсанчойжиняиданзинванчүг хэмээх алдар өргөсөн буй.

Наймдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямаданзанванчүг бээр шарагчин могой жил буюу 1869 онд намрын сүүл сард Төвдийн Лхаст түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ. Банчин Богд Дамбийваанчүг болон XII Далай лам Пэрэнлэйжамц нар түүнийг наймдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт мөн хэмээн тодруулжээ. 5 настайд нь ширээнд залав. Тун удалгүй 1874 оны 10 дугаар сард VIII Богд Жавзандамба хутагтыг Хүрээнд угтан авч, халх дөрвөн аймгийн хан ван гүнгүүд цуглаж, Богдын ширээнд залжээ. Монголын төрөөс Шашны тэргүүнээр Богдыг өргөмжилж, түүнд аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань Очирдара цол олгожээ.

VIII Богд гэгээнийг 1911 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголд улсын шашин төрийг хослон баригч , хэмжээгүй эрхэт хаанд өргөмжилж тэр жилийнхээ өвлийн дунд сарын шинийн есөнд (1911.12.16) хаан ширээнд залах ёслол Их хүрээнд болж энэ өдрөөс эхлэн “Олноо өргөгдсөн он” хэмээх шинэ тоололтой болж, Олноо Өргөгдсөн Монгол улс байгуулсныг албан ёсоор тунхаглав. Ийнхүү шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр сэргэсэн. Олноо өргөгдсөн Монгол улс нь хаант засаг бүхий улс байсан. XV жарны цагаан бичин жил Монгол улсын Богд хаан, тахиа жил буюу 1921 онд Монгол улсын хэмжээт цаазат хаанд өргөмжлөгджээ.[1] VIII Богд Жавзандамба хутагт 55 насандаа жанч халжээ.

XX зуунд Монгол урчуудын бүтээж ирсэн Богд Жавзандамба хутагтуудын хөрөг

Нэр нь үл мэдэгдэх бүтээлч. Бага хөсөг зургийн хэсгээс.

XX зуунд Монгол урчуудын бүтээж ирсэн Богд Жавзандамба хутагтуудын хөрөг шүтээн зурагт богдуудын дүрслэгдэн ирсэн хувцас хэрэглэл, арслант ширээ, бадам цэцэг, харсил, сэтгэчлэн бүтэх эрдэнэ, бадар аяга, эрхи зэрэг тэргүүтэн тэдгээрийн бэлгэдлийн тухай товчхон өгүүлье.

Богд хаант Монгол улс тогтсон 1911 оноос хойш Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль”-аар журамлажээ.

VIII Богд гэгээн нь ламын хувцаснаас гадна хаан эзний ямбаны төрийн ёслолын хувцас өмсөж байлаа. Хааны зуны малгай алтан очир жинстэй, алтан хоргой оройтой, өнгөт тотго бүхий таван тал хар хилэн саравчтай титэм бөгөөд өвлийнх нь алтан очир жинс бүхий алтан хоргой оройтой, хар үнэгээр үсэлсэн дөрвөн тал саравчтай титэм болно.

Хааны дээл хүрэм нь шар өнгийн их магнаг дээл, алтан хоргой морин (ураг) хүрэм байв. Хүрэмний өмнө хойно, баруун зүүн хоёр мөрөн дээр фүс тэмдэг хадна. Энгэрийн фүс нь алтан хорол эргэн тойрон эрдэнийн дүрсээр (хаан бугуйвч, хатан сүйх, зоосон хээ, заан соёо, загасан нуруу, үнэтэй, шүр, уул, усны дүрсээ) хүрээлсэн дугариг хүрээнд гуутай соёмбо хийсэн байдаг. Тэрхүү соёмбоны дээдэх галын дөл хөх, нар нь шар, сар нь улаан, түүний доодох гурвалжин хөх, гонзгой дөрвөлжин нь шар, дундах гачил (бас зөрсөн хоёр загас ч гэдэг) -ын баруун гар тал цагаан, зүүн гар тал улаан, түүний доорх хөндөл ногоон, гурвалжин нь цагаан, хоёр хажуугийн босоо шулуун хар өнгөтэй байдаг.

Энэ нь эртний Энэтхэгийн шидэт арван үсгийн чуулган болсон Намжүвандан хэмээх хураангуй номноос үүсэлтэй болохыг харуулж байгаа юм. Мөнөөхөн соёмбо дороо олон бадмын чуулган болсон нацагбадам хэмээх суурьтай байна.

Богд хаан эртний Энэтхэгийн Махасамади хааны адил олноо өргөгдсөн загарварди (хүрдэн эргүүлэгч) хааны хувилгаан гэсэн утгаар тэрхүү Загарварди хааны сүлд хорлыг (хүрдийг) Богд гэгээний энгэрийн фүс болгосон бөгөөд Жавзандамба хутагт нь Монолын анхдугаар Богд Өндөр гэгээний хувилгаан мөн гэсний учир Занабазарын зохиосон бэлгэдлийн ном соёмбын дүрийг ийнхүү авч хааны арын фүс болгожээ.

Хааны баруун мөрөнд зэндмэнэ, өлзий, хас зэргээр хөвөөлсөн хүрээнд дугараг алтан наран дэвсгэр дээр соёмбо үсгээр “нар” хэмээх үгийг санскрит хэлээр “сурь-яа” гэсэн хоёр үсэг болгон алтан саагаар үйлджээ. Зүүн мөрөнд нь дээрхтэй ижил хүрээ дэвсгэр дээр “сар” хэмээх үгийг санскрит хэлээр, соёмбоор “чан-дара” гэсэн хоёр үсэг болгон алтан саагаар хийжээ. Соёмбо үсэг нь угтаа эртний Энэтхэгийн нагар ланз үсгээс эх авсан арга билэг хоёр буюу нар сарыг бэлгэдсэн дууны хөрөг “авиан тэмдэг” болохыг илэрхийлэхийн хамт Монгол орон Чин улсын ноёрхлоос ангижирч үндэсний тусгаар улсыг байгуулан өөрийн хаантай болсноор номын төр, ертөнцийн төрийг хослуулан улс гүрнийг удирдах хоёр ёсыг эрхэмлэн хөгжүүлсэн эртний монгол хаадын зарим бэлгэдэлт зураг дүрсийг ийнхүү хааны фүсэнд шингээжээ. Үүнээс урьд манжийн үед фүснээ 5 хумст лууны дүрсийг дөрвөнтөө үйлдэн хэрэглэж байсныг ийнхүү 1911 оноос хойш халан өөрчилсөн байна. Хааны биед асаах “өмсөх” ямба ёслолын үндсэн хувцас нь энэ бөгөөд бас ямбаны том сувдан эрихийг хүзүүндээ зүүдэг байжээ.

Балдуугийн Шаравын “VIII Богд” хөрөг

Балдуугийн Шаравын бүтээл “VIII Богд” хөрөг зураг нь XX зууны Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийн нэгэн билээ.

“Марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав VIII Богдын энэхүү хөргийг гэрэл зурагнаас харж бүтээсэн түүхтэй. VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчуг (1869–1924) шар цамц, хүрэн эмжээртэй шар цоохор донгог, хүрэн орхимж асаан, баруун гартаа эрих барин үүл, луун хээтэй түшлэгт олбог дээр заларна.

Түүний өмнөх хээтэй гоёмсог жижиг ширээн дээр цацагтай даржин бүхий дамар, очир толгойтой мөнгөн хонх тавьжээ. Ширээний хоёр талд тогосны өдтэй ариун усны бумба, тагтай мөнгөн багвар байна.

Богдын баруун талд дөрвөлжин орос цаг есөн цагт гурван минут дутуу байгааг заажээ. Өмнөх ширээн дээр нь мөнгөн таг, суурьтай шаазан аяга, хөөрөг байна. VIII Богдын дээр улаан, ногоон цацаг бүхий жанцан унжлага байна.

Ашигласан материал:

Агваанпэрэнлэйжамц. VIII Богдын намтар. Bogd archive 5. Орч. Б.Няммягмар. УБ.2020

О.Батсайхан. IX Богд Жавзандамба хутагт амьдрал ба цаг хугацаа. УБ.2015

Зара Флеминг, Ж.Лхагвадэмчиг. Монголын бурханы шашны урлаг. 2011

Х.Нямбуу. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн ёс, ёслол.УБ.1993

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet