Нигүүлсэнгүй Жанрайсиг
Жанрайсиг бурхан: Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйн асралаар амьтныг тэтгэж, алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган, ариун бус өвчин турхан, гай зовлон , нүгэл хилэнц, ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусган эв зохисыг олох буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхий шимийн дээд утгыг мэдүүлэн шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангаргийг сахигч бурхан юм.
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.

Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар нь Монголын шашин соёлын төв болсон Их хүрээг (Ривогэжайганданшавдүвлин) үүсгэн байгуулж Богд Жавзандамба хутагт нарын үе залран суух номын их өргөө болсон юм. Өндөр гэгээн Занабазар нь Жанрайсиг бурхныг бүтээх гүн нарийн увдис бүхий “Мани дүвтав савмо” хэмээх номыг туурвисан ба тэрхүү зохиолд Төвөд, Монголын эрдэмтэн мэргэд тайлбар хийж хэдэн арван зохиол бичсэн байдаг.

Зая бандид Лувсанпэрэнлэйн (1642–1695) /gsan-yig/ Сакиягийн тойн Лувсанпэрэнлэйн хэл нугуудын нэгэн зүгт жигдрүүлсний эрхэт дөрвөн мутарт Жанрайсигийн бүтээл хот мандал бусдад туслах гэгээ гэрэл оршивой хэмээх сударт Хутагт дээд Арьяабал хэмээгч Жанрайсиг бурхны санскрит нэр нь Авалокитэшвара /Avalokiteshvara/ юм. Энэ бурхан нь энэрэнгүй үйлсийг гийгүүлэх утгыг гут гаруй дүрээр залардаг. Жишээ нь Мянган мутарт жанрайсиг, Зөөлөн цогт жанрайсиг, Хасарваань жанрайсиг, Сэтгэл амарлиулагч жанрайсиг, найман аюулаас гэтэлгэгч жанрайсиг, Мянган мэлмийт жанрайсиг , Ял цаазаас аврагч Жанрайсиг, муу заяаны амьтныг аврагч Сэнгэда жанрайсиг гэх мэт болно.
Мөн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын “Гэтэлгэгч Богд Лувсандамбийжалцангийн хэсэг бусаг зарлигийг нэгэн зүгт хураасан хэмээх оршвой” хэмээх эмхэтгэлд нийт 125 зохиолыг багтаажээ. Тус зохиолын Багш дээдэс нугуудад мөргөл үйлдэх хэсэгт буюу 45 дугаар хэсэгт Ялгуулсан бүхний таалал /Rgyal kun thugs rje ma/ хуудасны дугаарт авралыг хураасан миний багш Жанрайсиг, Ялгуулсан Дочигбал лугаа ялгалгүй юм. Багш бурхан нь өөрийн тунгалаг сэтгэлээр огторгуйн санг олсноор эх болсон хамаг амьтныг амгалан болгох болтугай хэмээжээ.
Бурхан багш Энэтхэгийн газар орших Янбаажингийн орон, Тас цогцолсон уул тэргүүтэн үйлийн дандрын гурван язгуурын лянхуан дандарт багтах Их нигүүлсэхүйн дандаруудыг номложээ. Бодалын ууланд их нигүүлсэхүй Донёд шагбагийн дандар, Энэхтхэгийн очирт сууринд Их нигүүлсэхүй Сэнгэда Жанрайсигийн бага тогтоол, Бодалын ууланд их тогтоолыг номложээ.
XV зууны үеэс Монголын ноёд бурхны шашныг дахин дэлгэрүүлж Түмэдийн Алтан хаан 1575 онд Жанрайсиг бурхны хувилгаан Содномжамц ламыг урин залж Сэнгэ Да Жанрайсиг бурхны үүднээс засал хийлгэж лам шавийн барилдлагыг бататган тогтоож Алтан хаанаас Содномжамц ламд “ Далай лам” хэмээх алдрыг соёрхож түүнээс хойш Хонсим бодисадвагийн хувилгааны төрөл үе бүхнийг Далай лам, Далай багш хэмээн хүндэтгэн залбирч, өргөмжлөн дуудах болсон.
Жанрайсиг бурхан: Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйн асралаар амьтныг тэтгэж, алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган, ариун бус өвчин турхан, гай зовлон , нүгэл хилэнц, ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусган эв зохисыг олох буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхий шимийн дээд утгыг мэдүүлэн шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангаргийг сахигч бурхан юм.
Жанрайсиг бурхны дүр байдал хийгээд дөрвөн мутрын тухай:

Үзэсгэлэнт цагаан өнгөтэй амарлингуй сайхан царайтай. Хотол баясгалангийн наран сарант гэрлийн төвд цэцгэн мандал хөл дээрээ тэгш босож, өмнөд хоёр мутраараа номын төгс утгыг хураасан тарнийн чагжа тэмдэг зохиосон хойт хоёр мутраараа амьтан болгоныг алагчлалгүй үзэх толь, рашааны шим дээж бүхий бумба барин бүхэнд туслахын амгалан тайван үйлсийг бэлгэдэн эрдэнийн дун адил цагаан баринтгийг лагшиндаа асааж таван язгуурын үзэсгэлэнт тэмдгийг тэргүүндээ өргөөд алагчлал үгүй сэтгэлийн тусыг гийгүүлэгч мишээнгүй номхон дүрээр амьтныг энэрч сайн үйлсийн хүсэл бүхнийг бүтээх шимийг болгоон ширтэж эхлэл болоод төгсгөлгүй цагийн чанад орон зайн цаглашгүйгээс энэрэл бүхнийг өршөөхүйн утгыг илт биеэсээ гэрэлтүүлэн оршино.
Ашигласан материал:
Н.Нанзаддорж, Н.Амгалан нар., Мэлмийгээр болгоогч хутагт Жанрайсиг. МБШТ Гандантэгчэнлин хийд. 2015.
Зая бандид Лувсанпэрэнлэйн “Эрхэт дөрвөн мутарт Жанрайсиг бүтээлийн хот мандал бусдад туслах гэрэл гэгээ оршвой” орч. Э.Дүүрэнжаргал. 2003.
Дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн сан.