Номын хүрд

The Fine Arts Zanabazar Museum
3 min readApr 20, 2022

--

Төрийн долоон эрдэнийн нэг бол “Хүрд” эрдэнэ билээ. Номын хүрд гэдэг нь “Дхарма-чакра” хэмээх санскрит үгний орчуулга юм. Ямагт эргэж байдаг тэрэгний дугуй лугаа адил “Номын хүрд” нь дөрвөн зүг найман зовхист эцэс төгсгөлгүй түгэн дэлгэрч буй Бурхан багшийн сургаал номын бэлэг тэмдэг болдог.

Хүрдний найман хигээс Бурханы шашны хамгийн чухал хэмээн сахиж мөрдөх ёстой хутагтын найман мөрийг төлөөлнө. Хутагтын найман мөр нь үнэн үзэл, үнэн бодол, үнэн хэл, үнэн явдал, үнэн ахуй, үнэн хичээл зүтгэл, үнэн ухаарал, үнэн бясалгал зэрэг юм. Эрт дээр үед буюу Бурхан багшийн баримал, дүрийг бүтээдэг болохоос өмнө Номын хүрдэнд мөргөдөг байжээ. Харин одоо Номын хүрдийг Бурханы шашны бэлэг тэмдэг хэмээн үзэж хэрэглэж байна.

Бурхан багш хүмүүст их нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. Хүмүүс Бурхан багшийн их нигүүлсэнгүй сэтгэлийг мэдэрч түүнд сүсэглэн биширч эхэлдэг. Сүсэг бишрэл нь гэгээрэх замд хөтлөх бөгөөд Бурханы эрдэм чадлаас амьтанд хамгийн их тустай нь ном сургаал айлдах явдал тул түүнийг номын хүрдээр бэлгэднэ. Иймээс Буддагийн сургаалаа айлдахыг номын хүрд эргүүлэх гэж хэлдэг байна. Найман хигээст алтан хүрд нь бурханы нийт бусын эрдэм чадлыг олсноор хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх чадалтай гэж үздэг тул хутагтын найман мөрөөр явснаар эгэл амьтан бурхан болон гэгээрэх болно гэж ойлгох хэрэгтэй.

Номын хүрд хэмээн анхлан хэрхэн нэрлэгдэх болсон бэ?

Будда анх таван шавьдаа сургаалаа айлдахад тэнгэрүүд гайхан биширч дуу алдсан гэдэг. Юу гэж дуу алдсан бэ гэхээр “Аяа хүний ертөнцөд гайхамшиг боллоо. Урьд хэнбугай ч гэсэн хэлж байгаагүй номын хүрдийг Будда эргүүллээ” гэжээ.

Номын хүрд гэдэг нь маш утга төгөлдөр нэр. Жиш: Хүрдэн орчуулагч хааны хүрдэн эрдэнэ гэж бий. Монголоор “Хүрдэн орчуулагч хаан”, санс нэрт нь “Чакраварди хаан”, монголчууд “Загарвардин хаан” гэдэг. Загарвардин хаан бол Авидармад номлосноор хүний нас 60 мянгаас дээш наслах үед Загарвардин хаан орчлонд бууж ирдэг. Түүнээс доош наслах үед ирдэггүй. Тэгэхээр Загарвардин хаан бол маш эртний буянтай хаан тул улс гүрнээ амар хялбар саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр төрийн долоон эрдэнэсийг эзэмшдэг ажээ. Түүний хамгийн эхний эрдэнэ нь хүрд эрдэнэ. Энэ хаан улс гүрнээ амар хялбар саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр эдгээр эрдэнэсийг эзэмшээд зогсохгүй хүрд эрдэнээрээ огторгуйгаар нэг орноос нөгөө орон руу нисээд чандын дайсныг нь дарж өгдөг хэмээнэ.

Тэгэхээр бурхан багшийн сургаалын “номын хүрд” гэдгийг Загарвардин хааны хүрд эрдэнэтэй зүйрлүүлсэн байна.

Эдгээр эрдэнэсийг бурханд өргөсөн хүн хойд төрөлдөө Загарбардин хаан болж төрөх эсвэл бурхны номыг үзэх гадаад, дотоод нөхцөл төгс бүрдсэн газар төрөх үйлийн барилдлагатай болдог гэж үзэх тул хаан төрийн долоон эрдэнийг бурханд өргөх явдал Буддын шашинтай орнууд ялангуяа Монголд ихээхэн түгээмэл байдаг.

Загарвардин хааны эзэмшдэг хүрд эрдэнэ нь 500 милийн диаметр том, 1000 хигээстэй хааны хөлөг унаа бөгөөд хаан болон түүний нөхөд сэлтийг гурван мянган ертөнцөд нэгэн өдрийн дотор саадгүй аваачдаг хэмээн сударт бичсэн байдаг. Энэхүү хааны эрх хүчний бэлгэдэл болсон алтан хүрдний очсон газар бүр хааны эрх мэдэлд ордогтой адил бурханы номын хүрд эргэх газар бүрт мунхаглал бүхэн дарагдах болно хэмээн бэлгэддэг.

Энэхүү хүрд эрдэнийг дүрслэхдээ Саран дэвсгэрт бадамлянхуа цэцгэн суурин дээр хадаг өргөн залсан байдлаар дүрсэлдэг. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа олон бүтээлүүдээс энэхүү хүрд эрдэнийн дүрслэлийг олж харж болно.

Бурхан багшийн сургаал. Токио. 2017 он

Д.Цэрэнсодном. Монголын бурханы шашны уран зохиол. УБ.2020 он

Ц.Отгонбаяр. Ногоон дэвтэр. УБ. 2013 он

--

--

The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог