Нэгэн чулуун хөргийн тухай өгүүлэх нь

The Fine Arts Zanabazar Museum
6 min readSep 30, 2019

--

Төв Азийн өргөн уудам газар нутаг түүний дотор Монгол улсын нутаг нь нэн эртнээс хүн оршин сууж, идээшин амьдарч түүх соёлоо бүтээж буурал түүхийн хүрдэнд олон үеийн түүх соёлын арвин баялаг дурсгалыг агуулан байгаа нь гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Монгол нутгаас илэрч олдоод буй археологийн дурсгалын онцгой нэгэн төрөл бол хүн чулуун хөшөө юм. Дүрслэх урлагийн музейн ЭША Х.Цэрэнбямбын бичсэн хүн чулуун хөшөөний талаарх өгүүллийг ийнхүү блог хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.

Х.Цэрэнбямба, Эрдэм шинжилгээний ажилтан.

Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд буй чулуун хөрөг

Төв Азийн тал хээрийн бүс нутагт хүрлийн эхэн үеэс Монголын үе хүртэлх урт удаан хугацаанд байгалийн чулууг ашиглан хүний дүрстэй болон хүн төрхтөний зарим шинжийг товойлгон цоолборлон урласан дурсгал нэлээд олдож байна. Эдгээр нь тус газарт нутаглаж байсан эртний овог аймгуудын түүх, зан заншил, шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл хийгээд соёл боловсролын хөгжил, урлагийн мэдрэмжийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд буй нэгэн чулуун хөргийн хувьд анх хаанаас хэдэн онд олж музейн сан хөмрөгт бүртгэн авсан тухай мэдээлэл огт байхгүй байсан бөгөөд холбогдох он цагийг тогтоогоогүй байжээ.

Чулуун хөргийн хувьд шаргал өнгийн боржин чулуугаар босоо зогсоо хүний бүтэн сийлмэл дүрсийг маш чадмаг, нарийн уртайгаар урлажээ. Хөрөг нь хүзүү, бэлхүүс хэсгээрээ хугарч гурван хэсэг болсон байсан.

Хүн чулууны гурван хэсэг болсон байдал

Баруун гартаа цөмбөн хундага атган энгэртээ барьж, зүүн гараа доош унжуулан ташаанд зүүсэн хавтаганы дээрээс атгаснаар дүрсэлжээ. Энэхүү чулуун хөрөг нь Дорнод монголын хүн чулуун хамаарах буюу өөрөөр хэлвэл Монголын эзэнт гүрэн буюу XIII-XIV зууны үед холбогдох юм

Малгай

Хүн чулууны толгой

Нүүрний хэсэг нь ихэд илэгдсэн ч нүд, хамрыг нь товойлгон шанаархаг, өргөн царайтай, нэлээд том чихтэй хүнийг дүрсэлжээ. Бөмбөгөр оройтой, зузаан дугуй хүрээ бүхий малгайтай байсан боловч эмтэрч хоёр чихний дээд хэсэг буюу шанааны орчим бага зэрэг үлдэж хоцорсон байна. Ийм бөмбөгөр орой бүхий, зузаан дугуй хүрээтэй малгай нь XIII-XIV зууны үеийн Монгол эрчүүдийг дунд ихэд дэлгэрсэн. Ийм малгай нь XIII-XIV дүрслэх урлагийн дурсгалд нэлээд тааралдана. Биет байдлаар Өмнөговь аймгийн Цагаан ханангийн агуйн оршуулгаас илэрчээ.

Цагаан ханангийн агуйн оршуулгаас илэрсэн малгай

Дээл хувцас

Энд өгүүлэн буй чулуун хөргийн дээл нь урт нарийн ханцуйтай, нэлээд уужим дээл байгаа нь Төв Азийн нүүдэлчин ард түмний хувцас өмсгөлийн хамгийн түгээмэл шинжийг агуулсан байна. Дээлийн гадуур өмссөн зөв ташуу энгэртэй, богино ханцуйтай, хоёр ташаандаа урт оноо бүхий хувцасны хормойд долгио /усан/ хээг ихэд гүн хонхойлгон сийлсэн. Уг хувцас нь Монгол эмэгтэйчүүдийн уужтай ихэд төстэй аж.

Хөрөгт дүрслэгдсэн хувцас нь Түрэг хүн чулууны хувцаснаас эрс ялгаатай, харин XIII-XIV зууны үеийн Монгол эрчүүдийн өмсдөг хувцастай яг адил юм. Дорнод Монголын хүн чулуунд дээрхтэй адил хувцас өмссөн хүн чулуу нэлээд тааралдахын зэрэгцээ XIII-XIV зууны үеийн дүрслэх урлагийн дурсгалт ч түгээмэл байдаг. Харин ийм хувцасны гадуур бүс бүсэлсэн тохиолдол дорнод Монголын ганцхан хөшөөнд л тохиолдож байсан бөгөөд уг дурсгал нь Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг Ар улаан хэмээх газарт байдаг аж. Харин бидний өгүүлэн буй чулуун хөрөг нь Ар улааны чулуун хөргийн нэгэн адил богино ханцуйтай хувцасны гадуур таван дэлбээ бүхий цэцгэн товруутай бүс бүслүүлсэн байгаа нь ихэд сонирхолтой дүрслэл болж байна.

Уг чулуун хөргийг ихэд бодитоор, босоо дүрслэлтэй сийлэхдээ хувцасны нугалаа, бүс болон хавтаганы эмжээр хөвөө, товрууг маш гоёмсог урласан байгаа нь мэдэгдэнэ.

Хавтага болон хутга

Төв Азийн нүүдэчдийн эртний дурсгал болох буган чулуун хөшөөнд хутга, билүү, бамбай, зээтүү, нум сум, саадаг, байлдааны сүх, дэгээ зэргийг дүрлэсэн нь олонтой. Ийнхүү зэр зэвсгийг бүснээс зүүж явах нь нүүдэчин ард түмний ахуй амьдралаас үүдэн гарч ирсэн нь зайлшгүй юм. Харин хавтага сав зүүх нь Түрэг, Монгол хүн чулуун нийтлэг боловч харилцан ялгаатай. Түрэг хүн чулуунд зүүн талдаа зэр зэвсгийн зүйлс баруун талдаа дүгрэг, гонзгой, дөрвөлжиндүү хавтага зүүдэг бол Монголын үеийн хүн чулууны хоёр ташаанд том, жижиг хавтага байх ба томыг нь зүүн ташаанд, жижгийг нь баруун ташаанд дүрслэх нь түгээмэл ажээ.

Хүн чулууны зүүн ташаанд байрлах хавтага

Бидний өгүүлэн буй хөрөгт 16 см урт, 15 см өргөнтэй тэгш дөрвөлжин хавтагыг зүүн ташаанд нь урласан байна. Хавтаганы хүрээг нэг эгнээ нарийн эмжээрээр хөвөөлөн сийлж, хавтаганы их биед ромбо хэлбэрийн дүрсийг хоёр давхар нарийн зураасаар сийлэн, түүний голд найман дэлбээ бүхий цэцгэн хэлбэрийн товгор товруугаар чимсэн байна.

Мөн хавтагатай давхацуулан буюу хавтаганы цаагуур урт нарийн, шулуун хэлбэртэй эдлэл дүрслэсэн бөгөөд хавтаганы дээд хэсэгт зүүн гараар дарсан байдлаар сийлсэн нь уг эдлэлийн дээд хэсгийг дүрслэх боломжгүй болгосон байна. Гэвч үүнийг бусад хүн чулуун хөшөөнд дүрслэгдэх дүрслэвэртэй харьцуулан үзвэл дорнод Монголын хүн чулуун хавтагатай давхацуулан дүрслэгддэг уртавтар шулуун, хутгатай адил аж. Үүнээс үзвэл уг эдлэл нь хутга болох нь тодорхой юм.

МНТ 80-р зүйлд “Тэмүүжин тэргүүн өндөрийн шугуйд шургаж… нийт ёсөн хоног хоол ундгүй ажээ. Нэргүй хэрхэн ингэж үхнэ? Гаръя хэмээж амсар бөглөн унасан гэрийн чинээ цагаан гүрийг тойрон гаръя хэмээтэл, үл болох тул сумч хутгаараа мод огтлоод, морио халтичуулан гарахын хамт түүнийг сахиж байсан Тайчууд барьж авч одов хэмээн өгүүлдэг. XIII зууны үед Монгол эрчүүд биедээ байнга “сумч хутга” авч явдаг байсныг чулуун хөрөгт сийлэн үлдээсэн байна.

Хундага

Баруун гартаа атгасан хундага

Хүн чулууг урлан бүтээхдээ гарт нь хундага сав бариулж дүрсэлдэг нь нийтлэг шинж бөгөөд тэр нь тухайн үеийн хүмүүсийн хойт насанд итгэх сүсэг бишрэлтэй холбоотой юм. Түрэг, Монгол хүн чулуунд гарт нь сав суулга бариулан дүрслэх нь тогтсон дүрслэл боловч Түрэг хүн чулуунд аяга савыг ихэвчлэн эрхий, долоовор хуруугаар дороос нь дэмнэн барьсан байдаг бол харин Монголын үеийн хүн чулуунд ихэвчлэн баруун гарт нь ганцхан төрлийн буюу урт иштэй, цөмбөгөр хундага урлахдаа хундаганы ишийг таван хуруугаараа бүтэн атгасан байдлаар сийлдэг. Бидний танилцуулан буй чулуун хөрөг нь зүүн гартаа 22 см өндөр хундаганы ишийг таван хуруугаараа бүтэн атгасан байдлаар дүрсэлжээ.

Гутал

Түрэг хүн чулуун хөшөөнд гутал дүрслэх нь бараг тохиолддоггүй, харин дундад зууны монголын хүн чулуунд шөвгөрдүү буюу мухар хамартай, заримдаа үзүүр нь яльгүй ээтийсэн гутал дүрсэлдэг

Хүн чулууны гутал

Хөрөгт дүрслэгдсэн гутлын ул нь нэлээд зузаан байгаа нь давхар уллагаатай гутал байж болох юм. Нөгөөтэйгүүр чулуун хөргийн гутлын хоншоорт товойлгон сийлсэн эвэр угалз хээ нь ихэд сонирхолтой юм. (зураг-13) Монголын үеийн хүн чулуунд сийлсэн хээ угалз нь Монголчуудын уламжлалт хээний дотор зонхилдог ургамал, амьтны дүрст болон байгалийн элдэв дүрслэл, мөн геометрийн дүрс бүхий хээ байдаг.

Сариг хайрханы хүн чулууны гутал

Судалгааны материалаас үзвэл үүнтэй ижил гутлын хоншоорт угалз сийлсэн хүн чулуун Монгол улсын нутагт ганцхан тохиолдол бүртгэгдсэн нь Дундговь аймгийн нутаг Сариг хайрхан уулын хүн чулуу юм. Уг хөрөг нь Дундговь аймгинй ОНС музейд хадгалагдаж буй.

Уг хөргийн хөлд угалз хээ бүхий давхар ултай гутал дүрсэлсэн нь хэлбэрийн хувьд цамын гуталтай тун адил гэж эрдэмтэд үзжээ. (зураг-14) Сариг хайрханы хүн чулууг XIII-XIV зууны үед холбогдоно хэмээн үзсэн байна.

Уг хүн чулуунд хүний дүр, эдлэл хэрэглэл, дээл хувцасны нуглаас зэргийг тун нарийн чадмаг сийлэн байгаагаас ажиглавал уг дурсгал нь тухайн нийгмийн өндөр дээд албан тушаал бүхий сурвалжит нэгний чулуун хөрөг бололтой.

Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд буй чулуун хөрөг

Хүн чулуунд дүрслэгдсэн хувцас, гэзэг, зэр зэвсэг, гоёл чимэглэл ба ахуйн хэрэгцээт зүйлс нь тэдгээрийн холбогдох он цаг болоод түүх-соёлын хамаадлыг тодруулах найдвартай түүхэн сурвалж болохыг зэрэгцээ тэдгээрийг нарийвчлан судлах нь эртний нүүдэлчдийн хувцас хунар, эдлэл хэрэглэл, аж ахуйн онцлог, угсаатны бүлгийн онцлог, холбогдох түүхэн он цагийн баримжаа тогтооход чухал ач холбогдолтой юм. Мөн уг хүн чулуунд хүний дүр, эдлэл хэрэглэл, дээл хувцасны нуглаас зэргийг тун нарийн чадмаг сийлэн байгаагаас ажиглавал уг дурсгал нь тухайн нийгмийн өндөр дээд албан тушаал бүхий сурвалжит нэгний чулуун хөрөг бололтой.

Энэхүү хүн чулуун хөрөг нь гурван хэсэгт хугарч хуваагдсан байсныг Соёлын Өвийн Үндэсний Төвтэй хамтран сэргээн засварласан бөгөөд өдгөө Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд байрлах бөгөөд үзэгч олны анхаарлыг ихээхэн татдаг үзмэр билээ. Тус сэргээн засварлалтын ажлын талаар бид дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet