Очирваань Зээгт Наамал

The Fine Arts Zanabazar Museum
4 min readMay 25, 2019

--

XIX зууны сүүл үед зээгт наамлын аргаар бүтээгдсэн дөрвөн монументаль бүтээл Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг билээ. Эдгээр бүтээлүүдийн талаар болон хэрхэн дэлгэж, зургийг нь авч баримжуулсан талаар өгүүлэх цуврал нийтлэлийн хэсгээс хүргэж байна.

Г.Лхагвадулам, Эрдэм шинжилгээний ажилтан

“Очирваань” зээгт наамлыг дэлгэж буй

Урлагийн Гавъяат Зураач Д.Дамдинсүрэнгийн “Хүрээ цам” зурагт цам харайх ёслолын үед “Очирваань” бурханыг хойд зүгт харуулан тусгайлан зассан тээглүүр хүрээнд тогтоож байсныг тодорхой зурсан байдаг. Одоотой зүйрлэвэл орчин цагийн дөрвөөс таван давхар байшингийн өндөртэй тэнцэх лугаа адил юм.

Хүрээний Тойсүмлин аймгийн бурханч Цэндийн эх зургаар урласан энэхүү бүтээл нь эргэн тойрон улаан ба шар торгон хүрээтэй, хөх торгон захтай. Улаан хүрээ, их бүтээлийг цагаан гурамсан зээгээр холбон, хөх захыг эргэн тойрон улаан хүрэн бөсөөр бүрсэн 4 давхар эрчилсэн олсоор тойруулан бэхэлж хүрээлсэн байдаг. Бүтээлийн урд нүүрэнд хөндлөн 85–220 см-ийн зайтай 10 олсон бэхэлгээг оёж, ар талдаа босоо 33.5–60-см-ийн зайтай 4 эгнээ олсон бэхэлгээг оёж тогтоожээ. Улбар шаргал даавуун ар, мөн даавуун шалхавчтай. Бүтээлийн арын дээд гол ирмэгт цагаан даавуун дээр хар бэхээр “Очирваань” гэж төвд үсгээр бичиж хадсан бөгөөд 1110 х 1420 см-ийн хэмжээтэй. Хүрээ торгоны хамт 1800–2000 см урт болдог юм.

Очирваань. 19-р зууны сүүл, зээгт наамал.

Бүтээлд дүрслэгдсэн бурхадыг нар зөв тойруулан нэрлэхэд: баруун дээд буланд “Аюуш”, оройн голд “Занабазар”, зүүн дээд буланд “Доржнамжим”, голын дүрийн зүүн хажууд уул, хүрхрээ, цэцэг жимст мод, шувууд, буга согоог, зүүн доод буланд “Намсрайн нярав Ножиндагдаа”, доод голд “Дамдинчойжоо”, баруун доод буланд “Намсрай”, баруун хажууд гөрөөс, хонь, цэцэг жимст мод, хүрхрээт уулыг урлан, Намсрай ба Дамдинчойжоо бурхадын дунд “Өлзийт 8 тахил”, Дамдинчойжоо ба Ножиндагдаа нарын дунд “төрийн 7 эрдэнэ”-ийг тус тус дүрсэлжээ.

Энэхүү бүтээлийн гол дүрийг монголоор “Очир атгагч”, төвдөөр “Базарваань”, санскритаар “Vajrapani” хэмээн нэрлэдэг. Очирваань бурхан нь гал хуй бадарсан орон зайн төвд, бадамлинхуа цэцэгт наран мандал дээр баруун бойвыг нугалан, зүүнээ жийсэн байдлаар, баруун мутартаа тавин хорыг дарагч таван билиг төгссөн, таван үзүүрт очир атган огторгуй өөд далайн, зүүн мутрын долоовор ба эрхий хуруугаар тэрсүүтний аймгийг занан зангасан чагчаа хийж, гох дэгээ барин зүрхэн тушаа авсан, хар хөх өнгөтэй, намхан бүдүүн лагшинтайгаар босоо оршино.

Тэрээр уур хилэнгийн хорыг номхотгохын билэгдэл болсон хорт могой хүзүүндээ чимэг болгон зүүж, догшин барын нойтон арьсан шантав (хормогч) өмсөн, таван дэлбээт алтан титэм (Рэн-аа) өмссөнөөр дүрслэгджээ. Нигуур нь маш ихээр уурлан хилэгнэж буй байдлыг илтгэсэн, цус хурсан улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмий, хурц дөрвөн цагаан соёо, гал бадарсан хөмсөг сахалтай, амаа ангайн, аймшигтай чангаар хашгирч буй байдлаар түүний дотоод зан чанарыг харуулсан байдаг.

Очирваань бурханы тухай түүхэн баримтанд дурдахдаа Монгол орныг даасан “Ядам” бурхан хэмээдэг нь дараах түүхтэй холбоотой. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны (1509–1589) заллагаар Монголд уригдаж ирсэн үед Автай сайн хаан, бараалхсан ажээ. Бараалхах үеэр Далай лам, Автай сайн хаанд “Очирваань бурхан”-ы хувилгаан, Очирай бат Түшээт хаан цол соёрхжээ.

Хожим Автай сайн хаан Төвдөд очиж, Далай ламтай дахин учрахад, Далай лам, Автай сайн хаанд бурхадын ван, лүн, авшиг хүртээгээд:

- “Хаан чи, олон бурхадын дотроос үзэж, өөрийн санаатай бурханаа залтугай” хэмээсэнд Автай сайн хаан төвдийн сүмүүдээр хэсэж, бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн үзвээс, их адистад “Очирваань бурхан” байсанд тэрээр ихэд билэгшээн:

- “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” гэж өөрийн нутагтаа залжээ.

Энэ тухай Монголын Бурханы Шашны түүх ба Өндөр Гэгээний намтар зэрэгт олон хувилбараар бичигдсэн байдаг. Дээр өгүүлснээс гадна Очирваань бурханы тухай олон домог байдгаас нэгийг дурдъя.

Эрт урьд цагт сайн цагийн 1000 бурхадын ертөнцөд доод тивийн хоёр тэрс үзэлтэн хулгайгаар очсоныг арван хангал бурхад болон дөрвөн Махранз мэдээд, хөөн зайлуулахаар зөвлөлдөж байх үеэр нөгөө хоёр тэр тэрс үзэлтэн солонгын долоон өнгөний нэгийг хулгайлжээ. Тэнгэрийн бурхад тэр явдлыг мэдээд ихэр хилэгнэхэд Бурхан багш, Очирваань бурханыг залж ирүүлэн, солонгыг буцааж авчрахыг тушаав. Тушаасан ёсоор хоёр хулгайчийг хариугүй барихын даваан дээр тэд “Сүн” далай руу үсрэн орчихжээ.

Очирваань бурхан ихэд уурлан, гартаа буй очироор далайг бүлэхэд, их ус нь буцалж, хоёр хулгайч шалзарч, мах шөрмөс нь зумарч, хоосон яс нь сэрийтэл гарт ирж гэнэ. Тэгээд Очирваанийн хөлд сөхрөн, ясан биеэ амь хэтрүүлэхийг гуйн, дахин хулгай хийж, нүгэл хийхгүй байхыг тангараглажээ. Ийнхүү арван хар нүгэлийн нэг болсон бусдын эс өгсөнийг авахыг болин, хулгайч нарыг цээрлүүлэн барьж байх ам тангараг өгч, нүглээ нимгэлэхийн тулд бурханы туслагч болж, Очирваань ч бурханы сүр хүчийг харуулсан гэдэг.

Түүний баруун мутартаа барьсан буддын шашны зан үйлд олонтоо хэрэглэдэг “Очир” зэмсгийн тухай сонирхуулахад бүх эрдэнийн хамгийн дээд хатуу нь “Очир” бөгөөд энэхүү эрдэнийг санскритаар “Vajra”, төвдөөр ”Базар”, монголоор “Очир” хэмээнэ. Очирыг Буддын шашны домог, ном судар, бурхадын түүхэнд номын хатуу тэвчлэг, хүч чадлын билэгдэл гэдэг. Эл зэмсгийг Ядамын бурхад болон догшид гартаа атгасан нь арга билэг, хоосон чанарыг билэгдсэн учиртай. Очир нь буддын шашны зан үйлийн хамгийн чухал зэмсэг бөгөөд мөргөл, уншлагын үед лам нар гартаа барих нь олонтоо. Төвдөөр Нацагдорж буюу Элдэв-очир нь Энэтхэгийн бурхан Индрагийн төмөр бороохойноос үүдэлтэй. Бурханы шашинд нацагдорж нь хүч чадал, эв нэгдэл, тэсвэр хатуужлыг бэлэгддэг бөгөөд ад зэтгэр, шулмыг дарж устгадаг.

Очир хонх нь бурханы шашны чухал хэрэглэгдхүүн бөгөөд очир нь арга буюу хүч чадал, хонх нь билэг буюу оюун ухааныг бэлгэддэг. Арга билгээ хослуулан гэгээрэлд хүрч чадна. Зөрсөн хоёр очир буюу нацагдорж бол юунд ч дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл юм.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet

Write a response