Палеонтологи Дүрслэх Урлагийн Огтлолцол: Үхээрийн Эзэн Ситипати

The Fine Arts Zanabazar Museum
7 min readAug 17, 2020

--

Палеонтологийн шинжлэх ухаан болон дүрслэх урлаг хоорондоо хэрхэн холбогдож ирсэн бэ, бид үүний тухай хэр ихийг мэдэх вэ?

А.Дуламжав, Урлагийн түүхч.

Буддын шашны догшин сахиус Үхээрийн эзний (төвөд: Дүртэддагва) шүтээн дүрслэлийн талаар дэлгэрүүлэхээр Ситипати (Citipati) хэмээх санскрит нэрээр нь Google хайлт хийхэд хамгийн эхний илэрцээр ижил нэртэй, Монголоос олдсон, 81–75 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн тухай илэрц гарч ирснээр нэгэн асуултыг тавьсан юм. Палеонтологийн шинжлэх ухаан болон дүрслэх урлаг хоорондоо хэрхэн холбогдож ирсэн бэ, бид үүний тухай хэр ихийг мэдэх вэ? Нэг нь Ситипати нэрт үлэг гүрвэл, нөгөө нь Ситипати- хэмээх Үхээрийн эзэн сахиусны үүсэл гарвалийн тухай домог, ард олны дунд тархсан итгэл бишрэл болон нутаг орны онцлогтой салшгүй холбоотой. Монголын түүх, соёлын судалгааны томоохон салбар болох палеонтологи болон дүрслэх урлагийн судлагдахууныг огтлолцолцуулж буй хоёр “Ситипати”-гийн тухай Монголын Динозавр Судлалын Хүрээлэнг үүсгэн байгуулагч, Америкийн Байгалийн Түүхийн Музейн палеонтологи​ч, доктор М.Болорцэцэгтэй хамтран бэлтгэснийг хүлээн авна уу.

Ситипати — Үхээрийн эзэн догшин сахиус

Cитипати нь санскритаар lord of the funeral pyre буюу үхээрийн эзэн гэсэн утгатай. Буддын шашинд Үхээрийн эзэн сахиус нь Эрлэг номун ханы нөхөд гэгддэг бөгөөд Махгал бурхны 75 хувилгаан дүрийн нэг. Ард олон энэхүү шашныг хамгаалагч сахиусыг бусдын эд хөрөнгийг хулгайчийг цээрлүүлдэг хэмээн итгэн тахин шүтдэг байна.

Шүтээн урлалд эр эм хоёр Үхээрийн эзэнг араг ясан биеэрээ сүлбэлдэн өрөөсөн хөлөөрөө цагаан дун, явуу дээр гишгэн бүжиглэж буй мэт дүрсэлнэ. Эм Үхээрийн эзэн нь баруун мутартаа хүний ясан бороохой, зүүндээ цуст гавал барьсан байдаг бол эр Үхээрийн эзэн баруун мутартаа рашаантай бумба, зүүндээ нэг ишнээс салаалсан эрдэнэ шишний навч барьж, хоёул тэргүүндээ хохимой толгой бүхий титэм зүүж, торгон цээживч, унжлага, хормойвч соёрхон буйгаар шүтээн зураг, бар зураг болон баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлөөр урласан байдаг.

Мөн Монгол цамын ёслолын өөр өөр төрөл дунд түгээмэл нэг дүр байдаг нь Үхээрийн эзэн юм. Төвөдийн Сакья хийдэд анх цамын ёслолд Үхээрийн эздийн дүрийг нэвтрүүлсэн нь бүхэл утгаараа театрчилсан найруулгын үндэслэлтэй бөгөөд жирийн үзэгч түмнийг баясгах зориулалттай хэмээн тайлбарладаг.[1]

Алексей Позднеевын өгүүлснээр 19-р зууны Эрлэг цамын үеэр хохимой толгойн баг зүүж, ясаар чимэглэсэн бариувтар цагаан өмсгөл өмссөн хоёр ситипати эхэнд гарч бүжнэ хэмээн тэмдэглэжээ.[2] Үхээрийн эзний гаднах байдал нь догшин дүр төрхийг илтгэх ч цамын ёслолын үеэр мөн шогч хошин дүрийг бүтээн Цагаан өвгөнөөр тоглоом тохуу хийн үзэгч олныг баясгадаг байна.

Анх 1811 онд дэглэсэн түүхтэй Их хүрээний Жахар цам эхлэхэд хамгийн түрүүнд хоёр Үхээрийн эзэн гарч ирдэг бөгөөд үүний дараа бусад дүрүүд дэс дараалан гарч ирдэг. Азар, Үхээрийн эзэн зэрэг дүрүүд нь цамын ёслолын үеэр үзэгчдийг зохицуулах үүргийг гүйцэтгэж байжээ. Үхээрийн эзэн бусад дүрүүдийг урин залж авчрахад явдаг. Цам гарах талбайн гадуур хүрээ нь үхээрийн хүрээ байх ёстой бөгөөд бурхад цамын хүрээнд орох гарахдаа үхээрийн эзнээр нь хаалгыг нь онгойлгуулж орж гарч байна хэмээх утгатай.[3]

Монголын Динозавр Судлалын Хүрээлэнг үүсгэн байгуулагч, Америкийн Байгалийн Түүхийн Музейн палеонтологи​ч, доктор М.Болорцэцэгтэй хийсэн ярилцлага

Палеонтологи​ч, доктор М.Болорцэцэг. Гэрэл зургийг Дөлгөөн Батбаяр.

Citipati, C. osmolskae хэмээх динозаврыг анх хэзээ, яаж олж илрүүлсэн бэ? Энэхүү динозаврын тухай ярьж өгөөч?

Энэ динозаврыг 1994 онд Ѳмнѳговь аймгийн Гурвантэс сумын нутгаас Америкийн Байгалийн Түүхийн Музей болон Монголын Шинжлэх Ухааны Академийн хамтарсан палеонтологийн экспедиц анх нээн олсон. 2001 онд тус хамтарсан экспедицийн эрдэмтэд судалж, Citipati osmolskae гэж шинжлэх ухааны албан ёсны нэрийг нь ѳгсѳн. Сitipati буюу Үхээрийн эзэн гэдэг нь тѳрлийн нэр, osmolskae гэдэг нь зүйлийн нэр бѳгѳѳд Польшийн алдарт динозавр судлаач эмэгтэй Halszka Osmolska нэрээр нэрлэсэн түүхтэй. Энэ динозавр нь ѳндѳг хулгайлагч динозаврын нэртэй овогт хамаардаг. Энэ овогт одоогоор Монгол болон Хятадаас олдсон 9 тѳрлийн динозавр хамаарагдаж байна. Citipati зѳвхѳн Монголоос л олддог.

Citipati, C. osmolskae. Гэрэл зургийг: Америкийн Байгалийн Түүхийн Музей.

Монголоос олдсон бусад динозавруудаас ямар ялгаатай вэ?

Монголоос олон тѳрлийн динозаврууд олддог. Энэ динозаврыг гаднах харагдах тѳрхѳѳр нь одоо амьдарч байгаа тэмээн хяруул шувууны тѳрѳл болох Кассоваритай их адилтгаж ѳнгѳ, биеийн тѳрхний хувьд дүрслэн харуулах нь бий. Гэхдээ энэ динозавр маань махчин тѳрлийн динозавр боловч онцлог нь шүд байхгүй. Бусад махчин динозавруудыг бодвол харьцангуй урт хүзүүтэй мѳн толгой нь зарим яс нь сийрэгжилттэй гадна хѳндий хоосон орон зай ихтэй. Тэгэхээр харьцангуй хѳнгѳн гэсэн үг.

Яагаад citipati (lord of the funeral pyre) гэж нэрлэх болсон бэ?

Ер нь динозавр болон бусад одоо амьдарч байгаа амьтдын шинжлэх ухааны нэрийг ѳгѳхѳд зориулсан дүрэм гэж байдаг. Тэгэхээр нэрийг ѳгѳхдѳѳ бидний овог нэр гэдэг шиг 2 нэртэй байдаг. Эхний нэр нь тѳрлийн нэр, дараагийнх нь зүйлийн нэр байдаг. Citipati бол тѳрлийн нэр зүйлийн нэр нь osmolskae гэсэн үг. Citipati нэрийг ѳгсѳн судлаач Буддын шашны бүтээл сонирхдог хүн л дээ. Тэгээд тэр үүднээсээ энэ нэрийг ѳгсѳн. Ер нь бол ихэнх динозаврын нэрүүд латин болон грек гаралтай байдаг гэхдээ зарим тохиолдолд олдсон газрын нэр юмуу эсвэл анатомын онцлог шинжээр нь нэрлэсэн тохиолдол байдаг.

Миний бодлоор Citipati нэрийн хувьд Монгол Буддын шашинтай холбоотой мѳн энэ динозавр олддог газар бол нэг ёсондоо динозавруудын оршуулгын газар юмдаа. Тэгэхээр тохирсон нэр ѳгсѳн гэж бодож байна. Тэнд олон тооны динозаврууд байгалийн гамшгийн улмаас бѳѳнѳѳрѳѳ үрэгдэн үхсэн тийм газар байгаа. Тэгээд үүнээс хойш бас олдсон зарим нэг динозавруудыг мѳн Буддын шашны бурхан сахиусны нэрээр нэрлэх хандлага бий болсон. Үүнтэй адил Монголоос олддог Мултитүберкүлат гэдэг нэртэй хѳхтѳн амьтдын тѳрлийг баатар гэж нэрийг оруулж нэрлэх болсон. Жишээ нь миний ѳѳрийн бусад эрдэмтэдтэй хамтран судласан энэ тѳрлийн хѳхтѳн амьтанд бид Мангасбаатар гэж нэр ѳгсѳн.

Citipati буюу Үхээрийн эзэн гэж нэрлэх болсон нь Буддын шашны Дүртэддагва бурхны дүр дүрслэлтэй холбоотой юу?

Яг шууд холбоо бол байхгүй.

Citipati, C. osmolskae. гавлын яс. Гэрэл зургийг: Америкийн Байгалийн Түүхийн Музей.

Монголчууд Дүртэддагва сахиус нь эд зүйлсээ хулгайд алдахаас хамгаалдаг хэмээн итгэдэг. Харин энэхүү динозаврын төрлийг анх өндөг хулгайлдаг байсан гэж үзэж байгаад хожим энэ ойлголтыг залруулсан гэж уншсан. Үүний талаар дэлгэрүүлээч?

1920 оны эхээр Америкийн Байгалийн Түүхийн Музейн зоологч Рой Чапман Эндрюс музейнхээ захирал мѳн тус музейн Сээр Нуруутний Палеонтологийн салбарыг үүсгэн байгуулсан эрдэмтэн Хенри Файрфилд Осборны дэвшүүлсэн хүний гарал үүслийг Тѳв Азиас үүсэлтэй гэсэн таамаглалын мѳрѳѳр хѳѳж судалгааны экспедицийг Монголд хийж явахдаа динозаврын ѳндѳгний үүр олсон явдал нь тэр үед дэлхийд тархсан томоохон шуугиан болсон. Энэ динозаврын ѳндѳгний нээлтээс гадна 5 шинэ тѳрлийн динозаврын тѳрлийг нээсэн байгаа үүнд ѳвсѳн тэжээлтэн динозаврууд болох Протоцератопс, Пинакозавр ба махан тэжээлтэн Велоцераптор, Овираптор, Заврорнитоид.

Citipati, C. osmolskae. Гэрэл зургийг: Америкийн Байгалийн Түүхийн Музей.

Энэ бүх нээлтийг Ѳмнѳговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газарт хийсэн байгаа. Энд 80 сая жилийн настай элсэн чулуулгаас энэ бүх олдворыг нээн илрүүлжээ. Энэ газраас хамгийн нийтлэг олдсон динозавр нь Протоцератопс байсан ба нилээд олон тооны ѳндѳг олдсон тул ѳндѳгний үүр нь энэ динозаврынх байсан байна гэж таамагласан. Хамгийн сонирхолтой нь Овираптор динозаврын араг яс нь ѳндѳгний үүрэн дээр олдсон байгаа юм. Үүнээс үндэслээд Осборн энэ динозаврын Овираптор нэрийг ѳгѳхдѳѳ энэ динозавр Протоцератопсын ѳндѳгний үүрнээс ѳндѳг хулгайлж идэх гэж байгаад харамсалтай нь байгалийн гамшигт үрэгдэн үхжээ гэсэн дүгнэлтийг хийн ѳндѳг хулгайлагч буюу Овираптор гэж нэрийг ѳгсѳн. Мѳн үүнээс хойш олдсон адил тѳрлийн динозавруудыг багтаасан овогт нь энэ нэрийг мѳн хэрэглэдэг болохоор хүмүүс Citipati бас ѳндѳг хулгайлагч гэж ойлгох нь бий. Шинжлэх ухааны таамаглал нь шинэ нээлтээр байнга ѳѳрчлѳгдѳн, шинэ таамаглалыг дэвшүүлэх эсвэл ѳмнѳх таамаглал няцаагдаж явдаг. Тиймээс 1994 онд Citipati үүрэн дээрээ ѳндгѳѳ дарсан байдалтай олдоход эрдэмтэд ѳндѳг нь 100 жилийн олдсон Протоцератопсын ѳндѳгтэй адил болохыг тогтоож, ѳндѳг хулгайлагч динозаврууд маань ѳѳрсдийн ѳндгѳѳ даран сууж байсан байна гэдгийг тогтоосон. Ѳндѳг хулгайлагч нар биш харин халамжит ээж динозаврууд байжээ гэж дүгнэлт гаргасан. Үүнийг нотолсон бас нэг олдвор бол энэ ѳндѳгний үр хѳврѳл мѳн олдсон байгаа юм. Ѳндгѳѳ дарсан Citipati олдвор ѳмнѳх таамаглалыг няцаагаад зогссонгүй цоо шинэ таамаглалыг дэвшүүлэх боломжийг олгосон тэр нь юу вэ гэхээр энэ тѳрлийн динозаврууд нь шувуу шиг ѳндгѳѳ даран суудаг байж тиймээс энэ зан тѳлѳв нь динозавраас гаралтай бѳгѳѳд шувуу нь динозавр юм гэсэн таамаглалыг бататгаж ѳгсѳн чухал нээлт болсон юм.

Таны ажилладаг Америкийн Байгалийн Түүхийн музейд хадгалагдаж буй “Big mamma” динозаврын тухай?

Big mama бол Citipati гэдэг нэрийг анх ѳгч судлагдсан олдвор нь байгаа. Энэ олдвор бол ѳндгѳѳ дарсан байдалтай олдсон.

“Big mamma” динозавр. Гэрэл зургийг: Америкийн Байгалийн Түүхийн Музей.

Палеонтологийн шинжлэх ухаанд үүнтэй адил Монголчуудын шашин, соёлын холбогдолтой нэр нэршил өгсөн сонирхолтой тохиолдол байдаг уу?

Тийм тохиолдол бий. Миний ѳмнѳ нь дурдсанаар ѳѳр бусад Монголын динозавруудыг Буддын шашны бурхны сахиусны нэрээр нэрлэсэн тохиолдол бий. Жишээ нь: Mahakala, Yamaceratops гэх мэт. Үүнээс гадна Занабазар гэж нэрээр нэрлэгдсэн Монголын махчин динозавр бий. Троодонтид гээд жижигхэн биетэй махчин динозаврын овогт багтдаг гэхдээ Занабазар энэ овог дотроо хамгийн том биетэй нь 1 метр ѳндѳр, 3 метр орчим урт. Мѳн Монголоос олдсон эртний хѳхтѳн амьтны зүйлийг бас Занабазар гэж нэрлэсэн тохиолдол бий.

Ашигласан ном

Зара Флеминг, Ж.Лхагвадэмчиг. Монголын бурхны шашны урлаг. 2011.

Ү.Ядамсүрэн. Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам. 2005.

Patricia Berger and Terese Tse Bartholomew. Mongolia: The Legacy of Chinggis Khan. London: Thames and Hudson, 1995.

--

--

The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог