Хүннү шавар ваар

The Fine Arts Zanabazar Museum
4 min readAug 13, 2024

--

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн Эртний урлагийн танхимд хадгалагдаж буй Хүннүгийн шавар ваар

Хүн төрөлхтний түүхийн сүүлийн хэдэн мянган жилийн тэртээх хоол хүнсийг шавар савгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд шавар саванд хүнсээ буцалгаж, болгож боловсруулж хэрэглэдэг байсан нь археологийн малтлага судалгаагаар нотлогдож байна. Мөн өнөөг хүртэл шавар ваар саванд хоол хүнс, үр тариа, шингэн зүйл хадгалахад өргөн ашигласаар байна. Түүхийн эрин үеүддээ өөр өөрийн хэв маяг, хэлбэр төрөх, онцлог шинж чанар, бүтэц найрлага, үйлдсэн арга технологи, нийгмийн үүрэг, гоёлын хээ угалз, чимэглэлтэй байдаг. Археологийн малтлага судалгаагаар шавар ваар, ваарын хэлтэрхий хамгийн түгээмэл олддог учир тухайн үеийн нийгэм, урлаг, соёл, аж ахуй, эдийн засаг, шашин шүтлэг, улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлоход чухал тулгуур хэрэглэгдэхүүн болдог.

Хүннүгийн шавар ваарыг ерөнхийд нь хоёр төрөлд хуваадаг. Бутан “амсар нь бага, цээл нь бүдүүн томоохон шавар ваар сав” нарийн ширхэгтэй шавраар хийдэг. Бутан ваарт үр тариа, шингэн зүйл хийх зориулалттай. Хотго “шавраа шатааж үйлдсэн шавар ваар сав” ваар нь элсэрхэг бүдүүн ширхэгтэй шавраар хийдэг том задгай амтай ваар юм. Энэ төрлийн ваарыг тогооны зориулалтаар гал дээр шууд тавьж хоол хүнс боловсруулах зориулалтаар ашигладаг.

Бутан ваар

Бага арцат, Өвөрхангай аймаг, Хархорин сум.

Хотго ваар

Элст Ар, Булган аймаг, Дашинчилэн сум

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн Эртний урлагийн танхимд хадгалагдаж буй шавар ваар нь НТӨ III — НТ II зуунд хамаарч буй бөгөөд мөр, гэдсээрээ цүлхгэр, ёроол хэсэг рүү шувтан бор саарал өнгөтэй, хавтгай ёроолтой. Ваарыг хийхдээ тусгай эргэх хүрдээр урласан ажээ. Шавар ваарын хажуугийн доод хэсэг буюу суурь, ёроолоос 2см дээр 1см голчтой нүхтэй байна. Төв Азийн өргөн дэлгэр нутагт шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн хөгжсөн тариалан, түүнтэй уялдан шавраар элдэв ваар, сав суулга урлах ухаан нь хүрэл зэвсгийн үеэс дамжин Хүннүгийн үед өндөр хөгжилд хүрчээ. Шавар ваар, саванд будаа тарианы зүйл чанаж мөн хадгалж байсан нь тодорхой бөгөөд эртний Хүннүчүүд үр тариа агуулах, дарс бэлтгэхэд зориулан шавар ваарын доод хэсэгт том жижиг нүх гаргадаг байв.

Төв аймаг Борнуур сум

Дүрслэх Урлагийн музей, эртний урлагийн танхимын үзүүллэгт буй шавар ваар, Өндөр 47.7 см, голч 70 см, Амсар голч 27.5 см, ёроол голч 22 см

Төв аймгийн Борнуур сумын нутгаас анх олж илрүүлэн, хожим Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт уг үзмэрийг 1993 онд тухайн үед 5000 “таван мянган” төгрөгөөр худалдан авч сан хөмрөгөө баяжуулж байж ээ.

Археологийн малтлага судалгаагаар олж илрүүлсэн ижил төстэй хүннүгийн үеийн шавар ваар савнууд.

Тамирын Улаан хошуу, Архангай аймаг,Өгийнуур сум, өндөр 31.8

Хүннү нарын шавар ваар сав хийх технологи: Шавраар ваар сав хийхэд үндсэн гурван дамжлагаас бүтнэ “Шавар сонгох“ голын эрэг, жалга, довын орчимд байгаль дээр элбэг тохиолддог шар шавар нь ваар сав хийх үндсэн материал юм. ”Хэлбэрт оруулах“ бэлтгэсэн шавраа усаар зуурч хэлбэрт оруулна, хэлбэрт оруулах үйл явцыг хоёр хуваана гараар хэлбэрт оруулах(туузан цагариг давхарлах), эргэх хүрдээр хэлбэрт оруулах энэхүү арга нь их эртнээс одоог хүртэл ашиглагдаж байгаа арга юм. Эргэх хүрд ашиглах нь зуурмаг хатахаас сэргийлэх, зөв хэлбэр гаргах, том хэмжээтэй ваар сав олноор үйлдвэрлэх олон боломжуудыг бий болгосон байна. ”Шатааж бэхжүүлэх“ шавар эдлэлийн ерөнхий хэлбэрийг бий болгосон хойно гадаргууг өнгөлөх, зураг хээ тавих, хусаж өнгөлөх, дагтаршуулах ажлууд хийгдсэн хойно шатааж бэхжүүлснээр бэлэн бүтээгдэхүүн болдог ажээ.

Эрт үед ваар савыг задгай галд шатааж бэхжүүлдэг байсан бол хөгжлийн явцад тусгай зориулалтын зуух бий болжээ. Ердийн ваар савыг шатаахад 500–700oC дулаан хэрэгтэй бөгөөд битүү орчинд мод шатаахад ийм хэмжээний дулаан гаргах боломжтой ажээ.

Бороогийн суурин шавар жигнүүрийн хэлтэрхий. Сэлэнгэ аймаг, Мандал сум.

Ашигласан материал

Ц.Төрбат нар. Монголын археологийн өв VI-Боть Монголын эртний шавар сав. УБ., 2016

Ч.Амартүвшин нар. Монголын археологийн нэвтэрхий толь. УБ., 2021

Г.Эрэгзэн нар. Дуурлиг нарсны хүннү булш. БНСУ., 2009

Э.Түвшин Хүннүгийн шавар сав суулганы туршиц судалгаа. Бакалаврын судалгааны ажил. УБ., 2016

Б.Баяртөр ДУМ RCH бүртгэл 1225ДҮМ00055

Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1966

Нийтэлсэн: Эрдэм шинжилгээний ажилтан М.Тулга

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог