Цагаан дарь эх, Зээгт наамал
Эрдэм шинжилгээний ажилтан, Н.Саруул
Дара эх гэдэг нь хорвоогийн хамаг амьтныг зовлон энэллийн далайгаас гэтэлгэн гаргагч хэмээх утгатай. Төвдөөр бол Долгор хэмээдэг. Цагаан дара эхийн авран нигүүлсэхийн их сэтгэл хорвоогийн хамаг амьтныг хамгаалж бардам зан, мунхагийн сэтгэл, өш хонзон, атаа жөтөө, буруу үзэл, мухар сүсэг, хулгай дээрэм, ядуурал хоосрол, хуурмаг сэтгэл, шунал тачаал, ад зэтгэр, айдас түгшүүрээс чөлөөлөхийн дээр мутрын алга, хөлийн тавхай, духан дээрх мэлмийгээрээ хамаг амьтныг тольдон харж зовлон шаналлаас авран хамгаалдаг аж.
Насны гурван бурханы нэг Цагаан дара эх нь тэнүүн тайван царай, машид тунгалаг лагшинтай, гил хар гэзгээ овоолон эрдэнийн титэм чимгээр чимж, торгон өмсгөл өмсжээ. Баруун мутраар дээдийн өглөгийн мутарлага, зүүн мутраар удвал цэцгийн ишнээс чимхэн авралын мутарлага үйлдэн, цагаан бадамлянхуа цэцгийн саран мандалд очирт суудлаар завилан суусан байдлаар дүрслэгддэг.
XIX-XX зууны үед нэр нь үл мэдэгдэх урлаачийн бүтээсэн энэхүү бүтээлийг зээгт наамлын аргаар урлан хорхой сувд шигтгэн, алтан утсаар даруулж оёсон. Маш энгийн товч дүрслэлтэй хэдий ч уран нарийн хийцтэй бүтээл юм. Бурхан бүтээх номын дагуу ар дэвсгэрт байгалийн дүрслэлийг ерөнхийлөн харуулсан хэдий ч алтан утсаар зээг тавьсан нь бүтээлийн гүйцэтгэлийг төгс харагдуулна. Мөн Дара эхийн найман чимэг зүүсгэл, гэрлэн биеийн цацраг, түүний залрах бадамлянхуа цэцгэн сууринд алт, мөнгөн утас өргөсөн нь зээгт наамлын урлагийн уран тансгийг илтгэнэ.
Бүтээлийг цагаан цайвар өнгийн торгоор голлон урлажээ. Тэргүүнээс цацрах гэрэлд улбар шар, тэнгэр, газрыг цайвар хөхөлбөр ногоон торгоор наан түүний дээр бараан өнгийн торгон утсаар зээг тавьсан бол биеэс цацрах гэрэл, бадамлянхуа цэцгийн суурийг цагаан өнгийн торгон дээр мөнгөн утсан зээгээр даруулан оёж гаргасан байна.
Цагаан дара эхийн чимэг зүүсгэлд алтан утсаар зээг тавин хорхой сувд шигтгэсэн. Түүний зүүсэн бугалгавч, бугуйвч, шагайвч, шагайн нөмрөг зэрэгт алтан утсыг 1, 2, 3-р даруулсан хийгээд нэг даруулахдаа хосоор нь барьж оёсон учир нийт 2–6 давхарлан нийлүүлж түүний дунд хорхой сувд шигтгэсэн нь гайхалтай. Үүнд:
Зүгдор үс 30 ш хорхой сувд
Титэм 80 ш хорхой сувд
Ээмэг 2 ш хорхой сувд
Хоолойвч 5 ш хорхой сувд
Цээжний чимэг 6 ш хорхой сувд
Бугуйвч 8 ш хорхой сувд
Бугалгавч 8 ш хорхой сувд
Шагайвч 4 ш хорхой сувд
Өлмийн нөмрөг 4 ш хорхой сувд, бүгд 147 ш хорхой сувд шигтгэжээ.
Ийнхүү бүтээсэн бүтээлийг торгоор захлаж оёдог уламжлалын дагуу цэцгэн хээтэй улаан торгоор хүрээлсэн. Зах торгыг зурагтай нийлсэн хэсгээр улаан, шар өнгийн солонгон хүрээгээр эмжиж, солонгон хүрээний завсраар бүдүүн цагаан утсан зээг тавьсан. Ногоон, шар өнгийн алаг хэл унжуулжээ.