The Fine Arts Zanabazar Museum
4 min readOct 27, 2021

ЦАМЫН ДЭЭЛ

Н.Саруул, Эрдэм шинжилгээний ажилтан

Энэтхэгийн бурхны шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай “Цам”, “Гарчам” нь Төвөдөөр дамжин XVIII зууны дунд үеэс Монголд дэлгэрсэн гэж үздэг. Цам нь дотроо олон төрөл байдаг бөгөөд Хүрээ цамын баг хувцас, дэгийг 5-р далай ламын зохиосон журмаар бүтээдэг байжээ. Цам бүжгийн дээл нь монголчуудын үндэсний дээлтэй ижил загвартай хэдий ч язгууртан, энгийн хүмүүсийн өмсөх дээл, шашны холбогдолтой дээлийн хэв загвар, хийцүүд хоорондоо бага зэрэг ялгаатай. Ихэс дээдэс болон цамын дээлийг торгоны хаан гэгдэх манног торгоор урладаг байна.

Мөн дээлийн ханцуй нь үзүүр хэсгээрээ маш өргөн, гурвалжин хэлбэртэй болсон нь Төвөдөд буддын шашныг устгах бодлого барьж байсан бол шашинтан Ландарм (841–901) хааны домогтой холбоотой гэж үздэг. Ханцуйг өнгө алаглуулан хошоолж гоёно. Энгэр хормойг дагуулан хохимой толгойн дүрсээр чимэглэхийн зэрэгцээгээр мөр, ханцуйн үзүүрт тэмээний ясаар үйлдсэн эрхэн сийлбэртэй рүүжин хэмээх ясан сүлжээ чимгээр чимэглэн төгсгөл бүрд нь жижиг хонх зүүнэ. Сугыг онгорхой хийдэг нь өмссөн хүний хөлсийг хатаах, сэрүүцүүлэх зориулалттайн дээр хоёр талд нь бүч хадан багасгаж, ихэсгэдэг аж. Харин дээлийн хормойг бүжгийн хөдөлгөөн чөлөөтэй гаргахад тохируулан нэлээд сарвагар хийдэг нь тухайн дүрийг илүү сүрлэг жавхлантай харагдуулах ба ийнхүү урласан дээлийг “Агуу ханцуйт хэвнэг дээл” хэмээн нэрлэдэг байна.

Цамын дээл XIX зуун

Бурханы шашин олон улс оронд түгэн дэлгэрэхийн сацуу цам бүжиг ч бас тухайн орны ёс зашил, хэв маягийг шингээн дэлгэрсэн байдаг. Монголчууд 2000 гаруй жилийн өмнөөс “Торгоны их зам” буюу эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань хотоос эхэлж, Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб зэрэг орнуудаас торго дурдан, шүр, сувсыг авдаг байжээ. Харин ХIX зууны эхээр Хятад, Оростой илүүтэй харьцаатай байсан тул тухайн үед гараар нэхэж, хээ хуарыг хатгаж шагласан хятад торгыг хэрэглэж байсан.

Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй энэхүү дээлийг хати манног торгоор хааш хааш нь өргөн тавиу, ташаа оруулж эсгэсэн. Ухмал дугуй зах, битүү энгэр, гурвалжин ханцуй, өргөн дэлбэгэр хормойтой. Ухмал дугуй захыг шар өнгийн торгоор дан эмжсэн. Зах, суганд нэг нэг товч, шилбэтэй. Хоёр суганы хэсэг онгорхой байна.

Торгоны өнгө улаан хүрэн өнгөтэй байна. Дээлийн ханцуйн үзүүр болон бүсэлхий хавьд шар, улаан, цэнхэр өнгийн торгоор өргөн мөшгөөр тавьж эмжсэн. Ханцуйн гадна захаар хар торгон дээр хохимой толгой, очир зэргийг зээгт наамлын аргаар оёж цайвар цэнхэр торгоор тасам эмжжээ. Мөн ханцуйн гурвалжны залгаа, хормойн оруулга зэрэгт торгоныхоо усан хээг ашигласан байна. Цам бүжгийн хувцас хэрэглэлд ясан эрих голлох үүрэгтэй. Эдгээр нь дээл хувцсыг гоёмсог болгож харагдуулахаас гадна сайхан дуу, чимээ гарган үзэгчдийг татдаг. Энэхүү хувцасны ханцуйн үзүүр дээрх ясан эрхин чимэгт хоёр ширхэг цоолборлон сийлж хийсэн хоролтой. Тэдгээрийг ясан эрхээр нэг нэг тоонолжин хээ гарган холбохдоо хар өнгийн гонзгой дөрвөлжин торгонд барьж тогтоон, дээд доод захыг дагуулан гадна талаар том, дотор талаар арай жижиг эрхээр давхар хүрээ гарган хэлхээд түүнийгээ ханцуйн үзүүрт гаргасан түдүүлтэй барьж тогтоожээ. Ясан чимэг тогтоосон торгоноос дээш гурвалжилсан хоёр давхар хэлхээ гарган, ханцуйг дагуулан дээш нь мөн хоёр хоёр хэлхээ босгон, үзүүрт цагаан, ногоон, улаан өнгийн цацаг хаджээ.

Цамын дээл XIX зуун

Дээлийн энгэр, ар, хоёр мөрөнд тус бүр нэг нэг луун хээтэй. Хормойн ар болон өвөрт тус бүр хоёр хоёр луун хээг оруулж тааруулсан.

Лууг дүрслэхдээ биеийг нь “s” үсэг маягтай тахиралдуулан, дөрвөн мөчийг дөрвөн зүгт нь сарвайлган, толгойг өөд өөдөөс нь болон цэх харсан байдалтай хийгээд сахал, үс, хөмсөг нь арзайн хийссэн, бүлтийсэн нүдтэй, амаа ангайн соёо шүдээ арзайлган галаар тургин, ихэд сүр хүчийг үзүүлэн, үүлэн дунд хөвж яваа байдлаар дүрсэлжээ.

Цамын дээлийн энгэр хэсэг XIX зуун

Лууг бүхэлд нь алтан утас даруулж оёсон. Эвэр, сахал, сүүлний цацгийг цагаан өнгийн торгон утсаар шаглаж, их биеийг загасны хайрстай адил гаргасан байна. Савар бүр нь таван хумстай. Лууг тойруулан үүлэн хээ, жимст тахил, тогоруу, сарьсан багваахайн дүрсээр битүү хээлсэн.

Хормойг шар торгоор тойруулан өргөн эмжжээ. Хормойн ар, өвөр талын маннаг торгонд Сүн далай, Сүмбэр уулыг бэлгэдсэн гайхалтай хээ дүрсэлсэн. Үүнийг тодруулбал хормойн доороос цагаан, цэнхэр, улаан болон шар өнгөөр, хөнгөнөөс гүн өнгө рүү нь уусган цэнхэр-ногоон-шар, цэнхэр-ногоон-улаан гэх мэт өнгийн дарааллаар дагнааслан, монгол зурагт уулан хээг өнгийн дагнаас гарган давхарлуулан зурдагтай ижил дүрслэлтэй байна. Түүний дээр их далайн ус хөөсрөн цалгилж, том том давлагаан дундаас Сүмбэр уулын орой сүндэрлэн, далайн ус хадан хясааг цохин эргэн бууж буй мэт үнэхээр утга төгөлдөр, уран тансаг өгүүлэмжтэй. Хөөсрөх далайн мандал нар буруу, нар зөв эргэсэн улаан хас, хаан бугуйвч, эрдэнийн бумба хээг дугуйрсан давлагаан дунд хавчуулан дүрсэлжээ. Ийнхүү цамын өмсгөл дээл хувцсыг урлалын дээд хэмжээнд хийж гүйцэтгэдэг байжээ.

Ашигласан материал

Д.Гангаа. Хүрээ цам., УБ. 2003он

Хүннүгийн толь бичиг. Эрхлэн нийтлүүлсэн Ц.Төрбат. УБ., 2011он

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet