The Fine Arts Zanabazar Museum
3 min readNov 29, 2024

Сайханы тухай үзэл ба дара эх бурхад ба хатадын дүр дүрслэх урлагт

Хүн төрөлхийн урлаг, утга зохиолын бүтээл туурвилд эрэгтэй, эмэгтэй хүнийг дүрслэхдээ тэдний биеийн ерөнхий онцлогоос эхлээд оюун ухаан, гоо сайхан, сэтгэл зүй, зөн мэдрэмжийн ялгаатай болон ижил төстэй чанаруудыг багтааж, онцлог шинж чанаруудыг товойлгон дүрслэн өгүүлэхийг эрмэлзсээр ирсэн байна. Ийнхүү дүрслэхдээ тухайн улс үндэстний соёл иргэншил, сэтгэлгээний онцлог зэргээс улбаалан дүрийг хэрхэн урлан туурвих нь мөн ялгаатай байдаг аж.

Монголын дүрслэх урлагийн түүхэнд эмэгтэй хүнийг эерэг дулаан, зөөлөн, эх, эхнэр, хатад, дагинасын дүрээр илэрхийлдэг ажээ. Энэ нь Монголчуудын гүн ухааны үзэл санаанд илэрдэг ертөнцийн юмс үзэгдлийг арга, билиг хэмээн үзэж арга буюу эр хүн хүч чадал, эр зоригийг илэрхийлдэг бол билиг буюу эмэгтэй хүн гоо сайхан, цэвэр ариуныг бэлгэддэг.

Уламжлалт ахуй амьдрал зан заншилдаа эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдлэх, ерөөс бие биеэ хүндэтгэн дээдлэх гүн нарийн сэтгэлгээг мөн эдгээр бүтээлээс харж болно.

Монгол хэлэнд өөрийн биеийг төрүүлсэн хүнийг эх гэхээс гадна эх орон, эх нутаг, эх газар гэх зэрэг газар шороо, нутаг орноо эхтэйгээ адилтган зүйрлэж иржээ.

“Ертөнцийн гурван сайхан”-д монгол эмэгтэй хүний гадаад төрхийг түүний дотоод сэтгэлийн илэрхийлэх болох инээд баяслаар илэрхийлсэн байдаг. Энэ нь монгол хүний үндэсний амьдрал ахуй, өвөрмөц үзэл санааны илэрхийлэл юм.

Эрт үеэс эмэгтэйчүүдийн дүрийг тал бүрээс нь дүрслэн өгүүлсэн байх бөгөөд гоо үзэсгэлэнт, оюун билиг төгс, сайхан сэтгэлт хатад эмэгтэйчүүд оюун санааны тусгал болж дүрслэх урлагийн хэл хэллэгт зураач бүтээлчид илэрхийлэгдэхдээ цаг үе бүрд өөр өөрөөр дүрслэгджээ.

Дүрслэх урлагийн музейн цуглуулгаас

XVII зууны Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын (1635–1723) эхийгээ зурсан хөрөг буюу Эх Ханджамцын хөрөг хосгүй үнэт бүтээл болно. Г.Занабазарын бүтээлүүдийн оргилын нэг, эхийн элбэрэл ачлалыг шүтэн хүндэтгэсний илрэл болсон эх Ханджамцын хөрөг зургийг тэрээр өөрийнхөө мутраар бүтээсэн байна.Тэр бээр өөрийн эх Ханджамцын зургийг бүтээхдээ уян зөөлөн сэтгэлтэй, эрдэм үйлс төгс эх хүний дүрийг бурхны дүрээр харуулсан байдаг.

Мөн Занабазарын дэг сургуулийн Ногоон дара цутгуур баримал, нэр нь үл мэдэгдэх урчуудын урласан модон сийлбэр, шуумал зэрэг.

Дүрслэх урлагийн музейн нэгэн өвөрмөц цуглуулга бол Хар бухын матлагаас олдсон дара эхийн шавар хагас товгор баримал юм. Хар бух балгас хэмээх эртний хотын үлдэц нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Хар бух гэдэг жижиг голын зүүн хөвөөнөө оршино. Хар бух гол нь Туул голын ай савд багтана. Хар бух голын хөндий нь эртнээс хүн суусаар ирсэн газрын нэг юм. Тиймээс энэ голын хөндийгөөс эртний чулуун зэвсгийн дээд үеэс XVII зууныг хүртэлх олон үеийн соёлын дурсгалууд олддог аж. Тэдгээр дурсгалуудаас хамгийн сүр бараатай нэрд гарсан нь Хар бух балгас юм. Энэхүү балгасыг анх Хятан улсын үед үүсгэн байгуулсан бөгөөд хожим XVI-XVII зууны үед Монголчууд Хятан нарын үүсгэн байгуулсан шавар хэрэм дотор чулуун барилгууд босгон ашиглаж байсан нь үлдэж хоцорчээ. Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 2010 оны археологийн хээрийн судалгааны ангийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор юм.

XIX-XX зууны эхэн үеийн Монголын нэрт урчуудын нэг бол “Халхын Уран Сүрэн” хэмээн алдаршсан Цээсүрэнгийн Сүрэн (1866–1940) юм. Тэр бээр ном, бурхан барлаж, яс, мод, шүр, хув зэрэг хэрэглэгдэхүүнээр бурхан шүтээн, гоёл чимэглэлийн зүйл, гэр ахуйн эд хэрэглэл, тоглоом наадгай зэргийг урладаг авьяас билигтэй уран хүн байжээ. Уран Сүрэнгийн бүтээл болох музейн цуглуулгын хамгийн жижиг хэмжээтэй улаан чулуугаар урласан Нархажид бурхан хадгалагдаж байна.

ХХ зууны эхэн үед зураач Марзан Шарав /Б.Шарав 1869–1939/ хатан Дондогдуламын хөрөг зураг байна. Жавзандамба хутагт 1911 онд Монгол улсын Богд хаанд өргөмжлөгдсөнийхөө дараахан Дондогдулам хатан төрийн тамгат “Шашин төрийг хослон баригч, түгээн дэлгэрүүлэгч Улсын Эх дагина” цол хайрласан байна. Хатан эх Дондогдуламын хөрөг бүтээлд хаан, хатны орд өргөөндөө ямбаны хувцсаа асаан, чимэг зүүлтээ зүүж, эрих, хонх, очир, барин луун хээ чимэгтэй суудалдаа залран буйгаар дүрслэхдээ тэдний эдэлж хэрэглэж буй ширээ сэнтий, цаг, аяга сав, тогосны өд бүхий бумбатай рашаан, гүц, хонх, дамар, тэргүүтэнг нэг бүрчлэн зуржээ. Энд Богд хааныг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хатныг улсын эх дагина гэсэн утгаар эрхэмлэн хүндэтгэж зуржээ.

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet