Б.ШАРАВЫН ЗУРСАН “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ЗУРГАН ДАХЬ ГЭРТ ХОЛБОГДОХ ЗАН ҮЙЛИЙН ТУХАЙ

The Fine Arts Zanabazar Museum
5 min readDec 14, 2021

--

Эрдэм шинжилгээний ажилтан П.Баасанцэрэн

Монголчууд бид өнөө дэлхий дээр нүүдлийн соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа ард түмэн билээ. Нүүдэлчин монголчуудын бүтээсэн соёлын нэгэн үнэт зүйл бол монгол гэр юм.

Эртний хүмүүсийн гэр сууцын үүсэл нь газар оромж, нүхэн сууц, хадны агуй зэргээс үүдэлтэй. Гэр орон сууц нь хөгжлийнхөө явцад Агуйгаас-Урц-Ханат гэрт шилжсэн хэмээн судлаачид үзсээр байна. Монголчуудын өвөг дээдэс бүр 2000 жилийн тэртээ эсгий гэрт сууж байсан түүхэн мэдээ буй бөгөөд түүх шаштирт “эсгий туургатан”, “монгол туургатан” хэмээн алдаршжээ. Монголчуудын эртний гэр, сууцны хөгжил, өөрчлөлтийг нотлох хадны зураг, эртний сурвалжийн мэдээ, гадаадын жуулчдын тэмдэглэл зэрэг баримт цөөнгүй үлдсэн нь бий. Тухайлбал Монголын нууц товчоонд”… Бодончор мунхаг тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув., “…Тэр _цагт Ван хан’’алтан тэрэм босгож хуримлан байжээ.,” “…Ван хааны суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож.,” “…Илахугийн энэ авчирсан нүүдлийн харш, аяга сэлтийг Толун чи автугай хэмээж зарлиг болгов” гэх мэтээр олон түүхэн үйл явдалтай холбоотой баримт дурдагдаж байгаа нь нөгөө талаар тухайн үед олон төрлийн гэр сууц буй болсны баталгаа юм.

1911–1912 он буюу олноо өргөгдсөний дараахан Б.Шаравын аж байдлын сэдвээр туурвисан “нэгэн өдрийн явдал” хэмээх зурагт зулхайн мушгиа, арагтай тэмээгээр зөөх, зулхай хийх, сүрших, эсгий бөмбөрдөх, эсгийн мялаалга, эсгий хийх, татах, гэр бүрэх зэрэг манай ард түмэн төрийн үйл ажил гэж үзэж ирсэн үйлдвэр, үйлтгэл, гэртэй холбоотой бүхнийг багтаан монгол түмний өвөрмөц зан үйл амьдрал хөдөлмөрийн онцлогийг харуулахдаа зураач монгол угсаатны зүйг сайтар мэддэгийн хэрээр тэр болгоныг үйл явдлаар хуулбарлан тоочсонгүй, нэгтгэн дүгнэж зарим онцлогоос цомнон үзүүлсэн байна. Тухайлбал тарвагачилж амьдардаг хар гэртэй ядуу айлыг онцгойлон цухуйлгасан нь зохиомжид содон сонин харагдаж байна.

1. Цээж буюу хатгуур гэрийн талаар

Зургийн зүүн доод хэсэгт монгол гэрийн хажууд байрлах монгол гэр сууцны төрөл болох Хатгуур гэр буюу цээж гэрт жирэмсэн эх хүүхдээ төрүүлж байгаа харагдана. Гэр сууцнаас урц, жолом, хатгуур зэргийг отор, нүүдэл суудалд өргөн хэрэглэж иржээ.

Зураг 1. Б.Шарав /1869–1939/. “Монголын нэг өдөр” зургийн хэсэгт цээж гэрт эх хүн амаржиж буй байдлыг дүрсэлжээ.

Баруун монголчуудын хатгуур гэрийг амьдрал ахуйдаа түгээмэл хэрэглэж иржээ. Хатгуур гэрийг “гэрийн цээж” хэмээн хүндэлдэг. Тиймдээ эртнээс хатгуур гэрт хуримаа хийдэг заншилтай байж. Залуусыг хатгуурт гэрлүүлээд 2–3 жил болсны дараа амьдрал ахуй нь дээшилсний дараа гэр барьж өгдөг уламжлалтай байжээ. Зарим нь 5–10 жил ч хатгуурт амьдрах нь түгээмэл байсан юм. Жирэмсэн эх хатгуур гэрт хүүхдээ төрүүлээд хэсэг хугацааны дараа гэрт нь оруулдаг ч ёс байсан нь энэхүү зургаас харагдаж байна. Мөн Халхчууд тогтдоггүй, энхрий хүүхдийг цээж гэрт өсгөх нь өлзийтэй хэмээн үзэж энхрий хүүхдээ цээж гэрт өсгөдөг заншилтай байжээ./Баатархүү Б., Одсүрэн Д.2019/

Хатгуур болон цээж гэрийн талаар дэлгэрэнгүй өгүүлэхэд гэрт чулуун, бас шалдан тулга байсан. Авдрын оронд үхрийн арьсан уут байдаг. Түүнийг “улсан уут- гэж нэрлэдэг. Нэг айлд тийм уут хоёр ширхэг байх ба нэг уут нь хатгуур гэрийн хойморт, нөгөө нь хатгуур гэрийн эмэгтэй хүний хэсэг болох зүүн талд байдаг. Хойморт байдагт нь аль олигтой хувцас хунараа хадгалдаг. Зүүн талд байдаг уутанд нь хоол ундны аяга сав, мөн зарим хүнсний зүйлээ хийж хадгалдаг байна. Эр, эм хоёр гэрийн зүүн талд унтдаг. Хатгуурын баруун талд хүүхдүүд, мөн зочин, өндөр настантай айл бол тэр хөгшин мөн баруун тад унтана. Эр, эм хоёрт нэг л дэвсгэр байна. Тэр нь даавуугаар гадарласан эсгий байна. Дэвсгэрээ улаан, хар өнгөөр гадарладаггүй бөгөөд харин улаан, хөх, ногоон даавуугаар чимхдэг /чимдэг Б.Б/. Зарим үед хоёр дэвсгэр давхарлан дэвсдэг бөгөөд доод талынхыг ногооноор, дээд талынхыг улаанаар эмжиж хийдэг. Харин хүүхдүүд ямаа, хонины арьс дэвсдэг. Дэр нь түнтэг дэр байжээ. Түүний дотор цайны шаар, “зэрлэг бор” гэдэг өвсний навч хийдэг байна. Өвөл, зун ялгаагүй дээлээ нөмөрч унтана. Хэрвээ зочин хүн зүүн талд унтах тохиолдол гарвал баруун ханцуйгаа дэрлэж унтдаг. Баруун талд унтвал зүүн ханцуйгаа дэрлэдэг заншилтай байжээ.

Хатгуур гэр нь хаалга, тооно, унь, дээвэр өрхнөөс бүрдэнэ. Тэрэмгүй. Унины бөгс матигар, голдуу хөрөнгө чинээ муутай айлууд хэрэглэдэг байжээ. Хатгуур нь барьж буулгах, нүүхэд авсаархан, цас борооны ус тогтдоггүй, салхи шуурганд тогтвортой. Унаа ачлага муутай хүмүүс өөрсдөө үүрээд ч нүүх нь бий. Хатгуур нь дугуй эсвэл дөрвөлжин тоонотой, урт шулуун болон бөгтөр хоёр янзын уньтай, өндөр хаалгатай хаалганы унь нь богинохон байдгаараа онцлог. Бөгтөр уньтай хатгуур нь уужим багтаамж ихтэй, унины доод хэсгийг сураар холбож барина. Хатгуурыг барихад хаалга голлох үүрэг гүйцэтгэнэ.

Захчины “Найман тивтэй сүмбэр уул” дуунд:

Хатгуур гэрийн барина гэдэг нь

Хаалганы сайнаар барина

Хаад ноёдоо хүндэлнэ гэдэг нь

Ухааны сайнаар хүндэлнэ /Баттулга.Т., 2004:36/ гэж гардаг нь үүний баталгаа юм. Дээвэр нь оноотой. Энэ оноо нь хаалганы хатавчийг бүрнэ. Хатгуур нь гаднаа эсгий үүдтэй дотогшоо онгойдог хатавчин хаалгатай байжээ.

Судалгааны баримтаас үзэхэд Халхын Дорнод нутагт хэлхээ буюу сархинаг тоонот гэртэй малчид нүүх үедээ түр хоноглох буудалд цээж гэр барьдаг байсан ажээ. Цээж гэрийн яс модны их багын хэмжээ /унь урт, тооно том/ хийцийн онцлогоос хамаарч босоо эрстэй цээж гэр, хэвтээ эрстэй цээж гэр гэж ялган нэрлэж байжээ. Тооно жижиг, унь урттай бол босоо эрстэй цээж гэр, харин тооно том, унины урт дунд зэрэг бол хэвтээ эрст цээж гэр болдог юм. Үүнээс үзвэл хэлхээ тоонот гэрийн модоор цээж гэр барих, түр зуурын орон гэр хийх нь тооно, унь саланги гэрээс хялбар ажээ. Ер нь цээж гэр бол тооно, унь саланги байх, эсвэл үргэлж хэлхээтэй байх гэж 2 янз байсан бололтой. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд унь, бүр түрүү үеийнх, харин унь, тооно хэлхээтэй болсон нь хожмынх гэж үзэж байна.

Ном зүй

1. Б.Баатархүү, Д.Одсүрэн “Монгол гэр өв соёл” 2019 он Улаанбаатар

2. Б.Баатархүү, Д.Одсүрэн “Монгол гэр тайлбар толь” 2015 он Улаанбаатар

3. С.Бадрал Их зураач Шаравын сэтгэлгээний онцлог. УБ., 2001.22

4. Л.Батчулуун “Марзан Шаравын туурвил зүй” 2009 он Улаанбаатар

5. Л.Батчулуун “Монгол эсгий ширмэлийн урлаг” 1999 он Улаанбаатар

6. Л.Батчулуун Л.Сономцэрэн, “Монголын дүрслэх урлагийн товч түүх” Улаанбаатар 1989

7. Л.Батчулуун Монголын уран зураг. Монголын түүх, соёлын дурсгалт зүйлс. УБ., 2005

8. Б.Баяртөр Аж байдлын монгол зураг. УБ., 2001.

9. Ц.Дамдинсүрэн Зураач Марзан Шарав. Уран сайханчдад тусламж. УБ., 1953. 3(23)..

10. Ц.Дамдинсүрэн Зураач Шаравынзарим бүтээлийн тухай. “Утга зохиол урлаг” сэтгүүл. 1971.21

11. Ц.Дамдинсүрэн Уран зураач Шарав Утга зохиол урлаг. 1969.21.

12. Д.Дашбалдан Марзан Шаравын бүтээлийн маргаантай асуудалд. Ил товчоо.

13. Ү.Дашням Б.Шаравын нэгэн зургийн тухай. Музей судлал (Studia museologica) 3. УБ., 1977

14. Б.Дашцэрэн, Н.Ренчин “Монгол гэр сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцсэн илтгэлүүдийн эмхэтгэл” 1989 он Улаанбаатар

15. Г.Ловор Л.Золбаяр “Монгол туургатны аман зохиолын чуулган” 2009 он Улаанбаатар

16. С.Лувсанвандан “Монгол зургийн уламжлал, шинэчлэл” Улаанбаатар 1982

17. Д.Майдар, Л.Дарьсүрэн “Гэр орон сууцны түүхэн тойм” 1976 Улаанбаатар

18. “Монгол улсын Угсаатны зүй” III боть

19. МҮМ “Монгол гэрийн өв соёл” 2019 он Улаанбаатар

20. Т.Намжил“ Монгол гэрийн ёс уламжлал” 1999 он Улаанбаатар

21. Д.Сандагдорж Марзан Шарав. Утга зохиол урлаг. 1989.52

22. Л.Сономцэрэн “Орчин үеийн монголын дүрслэх урлаг”Улаанбаатар 1976

23. Л.Сономцэрэн “Уран зураач Б.Шарав” Улаанбаатар 1969

24. Л.Сономцэрэн. Монголын дүрслэх урлаг. 1921–1940 УБ.

25. Л.Сономцэрэн Балдуугийн Шарав. УБ., 1969. с.5.

26. Г.Сүлд-эрдэнэ “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” 2014 он Улаанбаатар

27. Б.Цэрэнсодном “Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг” 2012 он Улаанбаатар

28. Ц.Эрдэнэцог Уран зургийн өнгө. УБ., П999

Ц.Эрдэнэцог XX зууны монголын уран зургийн өнгө зохицол. УБ., 2006

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet