Боржигон хийцийн нэгэн эмээлийн талаар

The Fine Arts Zanabazar Museum
3 min readApr 8, 2019

--

Монголчуудын түүхийг морьгүйгээр, эмээлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

Н.Саруул, Эрдэм шинжилгээний ажилтан

Дүрслэх урлагийн музейн ардын урлагийн танхимд буй XIX зууны үед холбогдох боржигон хийцийн эмээл

Эр хүний сүр жавхаа, ганган хээнцэр байдлыг морь, эмээл хоёроор л төсөөлнө. Тиймдээ ч уран чамин хийцтэй алт, мөнгөөр урласан морины тоног хэрэгсэл нь эртнээс соёлын нандин өв болсоор иржээ. Монгол нутаг дахь хүрэл зэвсэг, Хүннү гүрний үеийн хадны сүг зураг болон археологийн олдвороос морины тоног хэрэгсэлтэй холбоотой олдвор нэлээдгүй олдсон байдаг.

Тухайлбал: 1929 онд Оросын эрдэмтэн М.М.Грязновын малтсан Пазырикийн 1-р булшнаас (НТӨ 5–4 зуун) эмээлтэй морины дүрс олсон байна. Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш уул, Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан усны хадны зургаас морь хөлөлсөн тэрэгний зураг, Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дахь Хүннү булшнаас эмээлтэй морины дүрс олдсон зэргээс үзвэл Монголчууд энэ талаар арвин баялаг сантай.

Дүрслэх урлагийн музейн ардын урлагийн танхимд XIX зууны үед холбогдох боржигон хийцийн нэгэн эмээл хадгалагдаж байдаг. Боржигон нутаг нь одоогийн Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Сүхбаатар, Өмнөговь нутгийн зарим хэсэг багтдаг. Энэ хийцийн эмээлийн онцлог гэвэл гонзгор нарийн бүүрэгтэй, богино хавтастай байдаг байна.

Энэхүү эмээл нь өндөр нимгэн хяр, тавиу суудалтай, дунд гарын мөнгөн чимэглэлтэй байна. Суудал нь улаан тэрмэн олонцогтой. Эмээлийг голцуу найман завхай чимэг буюу баавраар тоноглосон байдаг ба том жижгээс хамаараад их, бага, дунд гарын мөнгөн чимэгтэй хэмээн ярьдаг. Харин эмээлийн гөлмийг шар нанжин гахайн арьсан дээр ногоон сарьс хавчуулан хар сайраар шивүүрдэж оёсон угалз хээтэй урлажээ. Гөлөм өөрийн гэсэн хэлбэр, хэмжээтэй. Түүний ухаж нарийссан хэсгийн хээг тахилзуур угалз түүнээс доош жирмэн угалз үргэлжлэх ба доод хэсгийг хормойн угалз хэмээн нэрлэдэг. Энэ мэтээр өнгө дагнаас, хээ угалзыг тааруулан оёсон эмээлийн гөлөм тун сайхан харагддаг гэдэг.

Эмээлийн салшгүй бүрдэл хэсгийн нэг нь дөрөө юм. Төмрөөр цутгаж хийсэн энэ дөрөөний тавганд ханан хээ маягтай цоолбор гарган, хоёр хавиргыг цулгуй орхисон байна. Эдэлгээний хувьд удаан болохоор нь төмөр, гангаар дөрөө дархлан хэрэглэж иржээ.

Ер нь эмээл болон түүнд холбогдох тоног хэрэгслийг иж бүрдэл маягаар эзэн хүний сонирхол, онцлогт тохируулна

Мөн морины тоног хэрэгслийн тоонд хазаар, хударга, чөдөр, ташуур багтдаг. Тэдгээрийг сураар хийн, мөнгөөр тоноглодог. Ийнхүү урласныг мөнгөн хазаар хэмээн нэрлэнэ. Хазаар, хударгын тоногийг янз бүрийн хээ гарган хийх ба манай музейд хадгалагдаж буй хазаарын тухайд голдоо таван дэлбээт цэцэг бүхий угалз хээгээр цоолборлосон олон товруудын хооронд хоёр хос бөгж оруулан гоёлжээ. Толь нь том хэмжээтэй, ган төмрөөр утас сүлжиж буй мэт чандмань эрдэнэ дүрслэн дээр нь алтаар шарсан байна.

Ер нь эмээл болон түүнд холбогдох тоног хэрэгслийг иж бүрдэл маягаар эзэн хүний сонирхол, онцлогт тохируулах бөгөөд хударга нь эмээлийн хавтасны хойд талд уях хэсгээрээ хазаартай адил бол морины сүүлэнд тогтоох бэхэлгээг улаан хамба хилэнгээр хоёр талруу нь гурав гурван хэл гарган оёжээ.

Монгол хүн морио дээдэлж, морины эмээл, хазаар, тоногийг ёс горимтой урладаг уламжлалтай. Тухайлбал: бүргэд, тас зэрэг эрэлхэг шувуудыг ихэд эрхэмлэн үзэж, унасан морио хүч чадалтай байг хэмээн эмээл хазаарын товруу, оломны толгойд бүргэд дүрслэх ба хээг ч олон янзаар урласаар иржээ.

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet