Буддын шашны урлаг дахь түгээмэл 10 мутарлага

The Fine Arts Zanabazar Museum
6 min readOct 31, 2019

--

Манай музейн цуглуулгын нэлээдгүй хувийг Буддын шашинтай холбоотой бүтээлүүд эзэлдэг. Музейд зочилж байхад бурхдын дүрийг олж хараад бага насны хүүхдүүдээс авхуулаад томчуудын сонирхлыг татдаг зүйлсийн нэг бол бурхдын мутрын өвөрмөц илэрхийлэл буюу мутарлага юм. Энэ гарын байрлал ямар утгатай вэ? Яагаад ингэж гараа барьсан байна вэ ? гэдэг асуултуудыг олонтаа асуудаг.

А.Дуламжав, Урлаг судлаач.

Санскрит хэлний mudra нь mud буюу (бурхдын) таалалд нийцүүлэх гэсэн утгатай үйл үгнээс гаралтай бөгөөд тамга, тэмдэг, дохио зангаа гэсэн утгатай. Буддын шашны нэр томьёонд Будда болон бурхдын мутрын байрлал, дохио зангааг mudra хэмээн нэрлэдэг байна. Харин Монгол хэлнээ тэдгээрийг мутарлага гэх бөгөөд “гарын хүндэтгэл” буюу мутар гэдэг үгнээс үүсэлтэй.

Буддын шашин дахь Их хөлгөний уламжлалд бидний мэдэх Язгуурын таван бурхдын ( Жич: Өндөр гэгээн Занабазарын бүтээл музейд хадгалагдаж буй) тэмдэг илэрхийлэл болох таван мутарлагаас гучин зургаа болж бусад бурхдын дүрслэлд илэрхийлэгдэх болжээ.

Ингээд Дүрслэх урлагийн музейд таны түгээмэл олж харах боломжтой 10 мутарлага болон тэдгээрийн тайлбарыг хүргэж байна.

1.Заах, ‘гэгээрлийн’мутарлага (Tib. byang-chub-mchog-gi phyah-rgya; Skt. bodhyangi-mudra)

Энэхүү мутарлага нь Машид гийгүүлэн зохиогч — Вайрочана Буддагийн ялгагдах мутрын илэрхийлэл юм. Хоёр мутрыг зүрхэн тушаа барих бөгөөд зүүн мутрын долоовор хурууг гозойлгон, баруун мутрын хуруугаар атгана.

Г.Занабазар (1635–1723). Машид гийгүүлэн зохиогч (Вайрочана) (бүтээлийн хэсгээс), 17-р зуун.

2.Батлах буюу Нотлох мутарлага (Tib. sagnon; Skt. bhumisparsha)

Газарт хүрэх буюу нотлох мутарлага хэмээдэг энэхүү байрлалыг баруун мутрыг доош сунган хурууны үзүүрээр газарт хүрч үйлддэг. Энэ нь Бурхан багш Будда гэгээрэлд хүрж, бодь модны дор шулмын аймгийг дарсны нотолгоог бэлгэддэг мутарлага юм. Бурхан багшийг дүрсэлдэг уламжлалуудаас түүнийг ихэвчлэн газарт хүрэх мутарлага үйлдсэн буйгаар дүрсэлдэг байна. Мөн Язгуурын Таван Бурханы нэг болох Үл Хөдлөгч — Акчоба бурхан нь газар хүрэх мутрын тэмдэгтэй байдаг байна.

Г.Занабазар (1635–1723). Үл Хөдлөгч (Akshobya) (бүтээлийн хэсгээс), 17-р зуун.

3.Өглөгийн мутарлага (Tib. mchog-sbyin-gyi; Skt. varada-mudra)

Өглөгийн мутарлага нь баруун мутрын алгыг гадагш эргүүлэн, хурууны үеийг үл ялиг нугалж, сунгасан байрлалтай. Энэхүү мутарлага нь амарлингуй дүртэй бурхдын дунд түгээмэл юм. Суугаа байрлалтай бурхад өглөгийн мутарлага үйлдэхдээ мутраа өвдгөн дээрээ тавьж, хүсэл биелүүлэгч эрдэнийн өглөг хайрлаж буйгаар алгаа нээсэн байрлалтайгаар дүрслэгддэг.

Цагаан Дара эх, Цагаан Шүхэрт зэрэг бурхдын өглөгийн мутарлага нь алга тус бүрдээ билгийн мэлмийтэй байдаг байна. Энэ нь хамаг амьтанд үргэлжийн энэрэл нигүүлсэл хайрлахыг бэлгэддэг.

Г.Занабазарын сургууль хийц. Ногоон Дара эх (бүтээлийн хэсгээс).

4.Залбирал үйлдэх мутарлага (Tib. thal-mo sbyar-ba; Skt. anjali, kritanjali )

Хоёр мутрын алгыг хавсран зүрхэн тушаа эсвэл духандаа барих нь namaskara-mudra буюу Энэтхэгийн хамгийн эртний мутарлагын нэг бөгөөд мэнд мэдэх, бишрэл, хүндлэл үзүүлэх дохио зангаа юм. Буддын шашны уламжлалд залбирал үйлдэх мутарлагыг Жанрайсиг бурхны дүрүүд болон түүний дагалдагч нар үйлддэг. Жанрайсиг бурхны дөрөв, найм болон мянган мутартай дүрүүдийн залбирлын мутарлага үйлдэн мутрын алгыг хавсрахдаа хүсэл биелүүлэгч эрдэнэ барин буйгаар дүрсэлдэг байна.

Г.Занабазарын сургууль хийц. Чагжи Жанрайсаг (бүтээлийн хэсгээс).

5.Айх аюулгүйн мутарлага (Tib. mi-‘jigs-pa’I phyag-rgya, )

Баруун мутраар үйлдэгддэг энэ мутарлаг нь алгаа гадагш эргүүлэн, хуруунууд дээш чиглэсэн байрлалтай байна. Айх аюулгүйн мутарлага нь Буддагийн оршихуйн мөчлөгийн бүхий л аюулаас хамгаалахыг бэлгэднэ. Умард зүгийн Будда, Амогасидхи (Amoghasiddhi) бурхны онцлог мутарлаг. Эртний Христийн шашны урлагт Есүс Христ ижил гарын илэрхийллийг үйлддэг бөгөөд үүнийг magna manus хэмээн нэрлэнэ.

Г.Занабазар (1635–1723). Үйл бүтээгч (Амогасиди) (бүтээлийн хэсгээс), 17-р зуун.

6.Бясалгалын мутарлага (Tib. mnyam-bzhag phyag-rgya; Skt. dhyana-mudra)

Бясалгал, төвлөрлийн мутарлагыг зүүн эсвэл хоёр мутрын алгыг дээш харуулан, өвөр дээр тавин үйлдэнэ. Зөвхөн зүүн мутраар тус мутарлагыг үйлдэж буй тохиолдолд баруун мутраар өөр бусад мутарлаг үйлдэн хавсарсан утга санааг илэрхийлж болдог. Олон бурхад зүүн мутраараа бясалгалын мутарлаг үйлдсэн байдаг нь тэдгээрийн тэнцвэртэй байдлын бэлгэддэг байна. Хоёр мутраар үйлдэгдсэн тохиолдолд баруун мутар нь заавал дээр нь байрлана. Энэ нь билиг төгс (зүүн) чанар нь арга төгс (баруун) чанарыг түшиж байдгийг бэлгэдэл юм.

Баруун зүгийн Амитаба буюу Цаглашгүй гэрэлт бурхан бясалгалын мутарлага үйлдэн буйгаар дүрслэгддэг.

Г.Занабазар (1635–1723). Цаглашгүй гэрэлт (Амитаба) (бүтээлийн хэсгээс), 17-р зуун.

7. Ном номлох мутарлага (Tib. chos-kyi ‘khor-lo’I phyag-rgya; Skt. dharmachakra-mudra)

Ном номлох мутарлага нь Бурхан багш анх Дөрвөн Үнэний сургаалаа айлдсан буюу анх “номын хүрдийг эргүүлсэн” хэмээгдэх түүхэн үйл явдлаар үүсэлтэй. Тус мутарлагыг хоёр мутраар үйлдэх бөгөөд баруун мутрын алга гадагш эргэж, зүүн мутрын алга дотогш харна. Хоёр мутрын долоовор болон эрхий хурууны үзүүрүүдийг нийлүүлж дугуй хэлбэр үүсгэдэг нь арга билгийн нийлэмжээр хүрд үүсэхийг бэлгэднэ.

Бурхан багш, Майдар болон Энэтхэг, Төвдийн их багш Атиша, Богд Зонхов нар нь мөн ном номлох мутарлага үйлдэн буйгаар дүрслэгддэг.

Г.Занабазар (1635–1723). Зөөлөн эгшигт (Манзушир) бүтээлийн хэсгээс, 17-р зуун.

8.Баруун мутрын ном номлох мутарлага

Ном номлох мутарлагыг дан баруун мутраар үйлдэгдэж болдог байна. Баруун мутраар ном номлох мутарлага үйлдэн зүүнээрээ бясалгалын мутарлагатай хослон үйлдэх тохиолдолд энэ нь ‘эргэцүүлэх зангаа’ эсвэл ‘тайлбарлах зангаа’ гэнэ.

Нэр нь үл мэдэх бүтээлч. Майдар (бүтээлийн хэсгээс),19–20-р зууны эх.

9. Авран хамгаалах мутарлага (Tib. skyabs-sbyin-gyi phyag-rgya; Skt. sharanagamana-mudra)

Авран хамгаалах мутарлагыг баруун эсвэл зүүн мутраар үйлддэг. Дара эхүүд эсвэл Жанрайсиг бурхны дүрүүдэд түгээмэл. Тус мутарлагыг үйлдэхдээ мутрын алгыг гадагш эргүүлэн, дээш харуулах эсвэл хамгаалж буй айдсын зүгт чиглүүлэн алгыг доош харуулдаг байна. Хурууны байрлалын хувьд эрхий хурууны үзүүрийг долоовор, дунд, ядам хурууны аль нэгэнд хүргэж, дугуй хэлбэр үүсгэж харин үлдсэн гурван хурууг дээш өргөнө.

Г.Занабазар (1635–1723). Цагаан Дара эх (бүтээлийн хэсгээс), 17-р зуун.

Цагаан Дара эх нь зүүн мутраар авран хамгаалах мутарлага үйлдэн, дэлбээлж буй цэцгийн иш барьсан байдаг нь хамаг амьтныг авран нигүүлсэхийг бэлгэднэ.

10.Занах мутарлага(Tib. sdig-mdzub; Skt. tarjani)

Долоовор хурууг дээш өргөсөн занах дохио. Энэхүү занах мутарлага нь дэгээ мэт хагас атгасан мутрын зөвхөн долоовор хурууг дээш өргөн үйлдэгддэг. Догшин дүртэй бурхдын дунд илүү түгээмэл бөгөөд ялангуяа номхотгон дийлэх барьцтай хамт дүрслэгдэнэ.

Хасгомбо. Зургаан мутарт Махгал (бүтээлийн хэсгээс), 19–20-р зууны эх.

Буддын шашны урлаг дахь мутарлага болон бусад сонирхолтой бэлгэдэлт дүрслэлийн талаар илүү ихийг музейн зүгээс 2017 онд эрхлэн гаргасан дараах гарын авлагаас олж үзээрэй. Тус гарын авлага нь бүх насныханд зориулсан бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд тохирсон, ойлгомжтой дүрслэл, тайлбартайгаараа онцлог билээ.

References:

Beer, Robert. The Handbook of Tibetan Buddhist Symbols. Boston: Shambhala Publications, Inc., 2003.

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

Responses (2)