Гэгээнээс гэгээн- Үнэмлэхүйгээс үнэмлэхүй᠄ Бурхан багшийн дүр I

The Fine Arts Zanabazar Museum
3 min readAug 25, 2023

--

Бурхан багшийг дүрслэх учир нь Бурхан багш Тоолшгүй гурван галавт хоёр чуулганыг хураасан - энэ хоёр чуулган нь буяны чуулган, билгүүний чуулган юм. -Буяны чуулганыг төгс төгөлдөр болгосны үр дүнд дүрст лагшинг олдог. Билгүүний чуулганыг гүйцээсний дүнд номын лагшинг (бие)олжээ.

Материал: Боржин чулуу, шороон будаг
 Хэмжээ: Урт: 31.5см, Өргөн: 30.5см, Өндөр: 34.1см, Жин: 37540гр

Материал: Боржин чулуу, шороон будаг

Хэмжээ: Урт: 31.5см, Өргөн: 30.5см, Өндөр: 34.1см, Жин: 37540гр

Бурхан багш зүүн гараа бясалгах мутарлага үйлдэн бадар аяга барьж баруун гараа газар хүрч буйгаар дүрсэлдэг. Энэ дүрслэл нь бурхан багшийн бясалгалын үед Мара хэмээх гарч ирж бурхан багшийг гэгээрсэн эсэхийг шалгахад бурхан багш баруун мутараа газар хүргэхэд газраас газрын дагина гарч ирж баталсан учраас түүнийг батлах буюу нотлох мутарлагтай дүрслэх болсон. Энэхүү дүрслэлийн уламжлалыг Монгол шүтээн урлаачид уламжлан хөгжүүлжээ.

Бурхан багшийг шүтээн зурагт дүрслэх хэд хэдэн төрлийн буюу мутарлага өөрөөр дүрсэлдэг бөгөөд энэхүү дүрслэл нь бурхан багшийн түүхт үйл явдлуудтай холбоотой. Их хөлгөний уламжлал дахь Монгол шүтээн урлаачид дээр дурдсан нотлох буюу батлах мутарлага мөн ном номлох мутарлага үйлдэж буйгаар, айх аюулгүйн мутарлаг үйлдсэн буйгаар дүрсэлдэг.

Материал: даавуу, шороон будаг, торго

Өргөн: 38.5см, Өндөр: 45см

Бурхан багшийн билэг тэмдэг ямар байсан тухай сударт

1. Алт шиг арьстай= болгомол алтан лагшинтай учир гэрэл цацардаг.

2. Хоёр уланд алтан хүрд байсан

3. Гар, хөлийн 10 хуруу алтан тороор холбогдсон

4. Давхар тэргүүнтэй байсан тэр нь зүгдор буюу үснэрийг хэлж байна. Эгнэшгүй ухааныг бэлгэдсэн үснэрээс нь дуу гараад номоо номлодог байсан.

5. Сангийн үс гэж байсан нь хоёр хөмсөгний голд байдаг нар зөв эргэсэн ганцхан ширхэг үс байдаг. Энэ үснээс нь Бурхан багшийг мишээх үед гэрэл цацардаг хэмээжээ.

Бурхан багш

Материал: даавуу, шороон будаг, торго

Хэмжээ:Өргөн: 37.5см, Өндөр: 53.3см,

/ Дээрээ хангарьдтай, арслантай сэнтий дээр заларсан, Бурхан багш 2 шавын хамт бүтээсэн /

Тус шүтээн зурагт тэнгэрийг бараан хөх өнгөөр илэрхийлсэн байх бөгөөд нар, сарыг алтан бронзон өнгөөр зуржээ. Зохиомжийн голд цагаан өнгийн сэнтийд завилан сууж буй, зүүн мутартаа бадар аяга барьсан, баруун мутар нь газарт хүрсэн зангаа хэлбэртэй Бурхан Багш Шакъямунийн дүрийг бусад дүрээс томоор тодотгон үзүүлсэн байна. Бурханы баруун зүүн талд түүний шавь Шаарийбуу, Монголжийбуу нарыг мөн зүүн мутартаа бадар аяга, баруун мутартаа алтан дулдуй таяг барин Бурхан багшийн зүг харан зогсож байгаагаар дүрсэлжээ. Нийт дүрийг алтан бронзоор хөвөөлж тодотгосон бөгөөд дүр бүр нь номын буюу алтан хээтэй улаан өнгийн хувцастай байна. Шаарийбуу, Монголжийбуу нарын улаан өнгийн хувцасны гадуур улаан шар өнгийн орхимж нөмрөгсөн бөгөөд тэргүүн тус бүрийн ар хэсгийг хар цагираг хүрээтэй улаан дугуйгаар, лагшин бүрээс нар цацарч байгаа мэт алтан зураасуудаар тойруулан чимж өгсөн нь гэгээрсэн хүний сайн үйлийн гэрэл асч буй мэт сэтгэгдэл төрнө. Бурхан багшийн тэргүүний ар хэсгийг хар цагираг хүрээтэй ногоон дугуйгаар, лагшингаас нь гэрэл цацарч байгаа мэт алтан цацрагуудыг цэнхэр дугуй дэвсгэр дээр дүрслэн чимж өгсөн байна. Бурхан багшийн сэнтийн аравчны чимэг зураг нь бусад дүрсээс онцгой ялгарна.

ЭША Д.Гоомарал

--

--

The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог