Гэтэлгэгч Наро Хажид
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.
Энэтхэг, Төвөдийн номын мэргэд Наро хажид бурханы дүрийг бүтээж шүтэн баясалгаж ирсэн олон зууны уламжлалтай. Монголын шашны урлагийн түүхэнд Наро хажидо бурханыг XVI зууны үеэс дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж иржээ. Очир хөлгөний ёсны Нароба-гийн уламжлалын Сарвабуддхадакини буюу Наро хажид нь хамаг амьтанд тус үйлдэх ядам бурхадын хураангуй хэмээн тэмдэглэжээ. Монголчууд Наро хажидыг шүтэн түүнд зориулсан тахил, зан үйлийн ном хурдаг хийдийг тусгайлан байгуулсан.
Тоолшгүй ялгуусанг үүсгэгч дээд эх
Хувь төгсийг Хажидод хөтлөгч замчин эх
Дээд лам лугаа ялгалгүй Богд эхийн
Өлмийн лянхуад сөгдмүй, нигүүлсэлээр дагуулан тэтгэ
Гүн ухаан, нууц тарнийн судар болох Данзинийн зохиол “Наро Хажидын үүсгэл, төгсгөлийн зэрэг”-т Хажодыг бүтээх ёст Очир егүзэр эх өөрөө богд Нарбо[1]-д бодитой номлосон. Тэрбээр Валбо памбинба ах дүүгээс Энэтхэг, Төвөд, Монголын шавь бусад хэнд ч эс соёрхосон увидас Богд[2] Сажабагын[3] алтан ном лугаа гүн ном Очир Егүзэр эх Наро хажидод алдаршсан үүсгэлийн зэрэгт шүтсэнээр энэ насанд Хажидыг бүтээх арганд нийтэд арван нэгэн егүзэр төгс бясалгал урилгын үүднээс анхааран авах ёсыг нарийвчлан номлосонууд бөгөөд нийт бус Хажидыг бүтээх гүний гүн увидас чихнээс чихэнд, амнаас аманд дамжсан анхааран авлагыг анхааран авахыг хүсвэл дэлгэрэнгүй хэлний урилга, сэлтгэлийн урилгыг гүйцээсний сүүлд хувийг хураах цагт сэтгэшгүй үүнийг анхааран авна хэмээжээ.
Цог төгс Очир дагина
Дагинсын хүрдэн эргүүлэгч
Таван бэлгэ билиг ба гурван биеийн чанарт
Амьтаныг аврагчид мөргөн магтмуй
Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Наро хажидын танка, зээгт наамал, улаан хув сийлбэр бүтээлийг танилцуулж байна.
Үл мэдэг догшин идэр залуу бүсгүйн дүртэй Наро хажид бурхан улаан лагшинтай, зүүн мутартаа очир толгойтой махир хутга барьж, гавал аяганаас цус уун бадам цэцгийн наран мандал дээр хар Бхайрава, улаан Каларатри хэмээх эмс гишгэн зогсоно. Тэргүүндээ хохимой толгойн титэм залж, лагшнаа ясан зүүлт, эрих зүүж, баруун мөр дээрээ даржинтай дамар, хадаг унжуулсан хадамгай тавьжээ. Бүтээлийн төв доор цустай гавал аяга өргөж, дэвсгэр хэсэгт нар, сар үүлс дүрсэлсэн байна.
Наро хажид бурханы энэхүү зээгт наамлыг шүр, анар, 2569 ширхэг хорхой сувд оруулан урласан байна.
Өргөн: 50см, Өндөр: 65.5см
XIX зуун, Нэр үл мэдэгдэх урлаач
Материал: торго, даавуу, шүр, анар, сувд
Бүтээлийн дээд сүмийн голд Богд Зонхов баруун зүүн талд Дэмчиг, Жадор, Жигжид тэргүүтэй сахиусуудыг дүрсэлжээ. Нарохажидыг бурханыг далан таван дагина хүрээлэн оршино. Дагинасын хөдөлгөөн, тэргүүтэн нь Нарохажид бурханы адил бөгөөд биеийн өнгө, мутрын байрлал, барьц өөр өөр аж. Бүтээлийн доод хэсэгт бодьгөрөөс дээвэртэй цэцгэн чимэглэл бүхий хийд орныг зуржээ.
Хэмжээ: Өргөн: 128.5см, Өндөр: 155см
Бүтээлч: Нэр үл мэдэгдэх урлаач
XIX зуун
Даавуу, шороон будаг
Улаан хуваар маш нарийн сийлсэн сэнтийтэй бад суурин дээр зогсож буй дугуй мөнгөн гуутай, гуун дээрээ сэнж доороо суурьтай. Энэхүү сийлбэр нь Дүрслэх урлагийн музей цуглуулга дахь хамгийн жижиг үзмэр юм.
Бүтээлч: Уран Сүрэн
Урт: 1.2см, Өргөн: 0.4см, Өндөр: 1.4см, Жин: 0.23гр,
Гуу: өн-33.3см ур-2.3см өр-1.3см 15.гр
Нийт 16.1гр
Материал: Улаан хув , сийлбэр
Ашигласан материал:
Данзин. Нарохажодын үүсгэл, төгсгөлийн зэрэг. Орч. Д.Бямбасүрэн. 2005
Зара Флеминг, Ж.Лхагвадэмчиг. Монголын бурханы шашны урлаг. 2011
Дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн сан.
1. Нарбо (1016–1100) Энэтхэгийн Наланда сургуульд суралцаж Тантар болон Иоги бясалгалд суралцаж дэг сургууль үүсгэсэн.
[2] Богд Зонхов ( 1357–1419) Буддын Гэлүг урсгалыг үндэслэгч.
[3] Сажа ёс. Түвдийн Буддын шашны урсгал бөгөөд 1073 онд үүссэн.