The Fine Arts Zanabazar Museum
3 min readMay 27, 2021

Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ (1724–1757)

Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан

Монголын шашны тэргүүн найман Богдын эхний хоёр нь монгол хүн байсан бөгөөд Хоёрдугаар Богдын тухай энэхүү блогт товчхон өгүүлье.

ХХ зууны эхэн үеэс монголын зураачдын дунд шашны дээд хутагт хувилгаадыг бурханчлан зурах тиг ёсыг гажуудуулахгүйгээр түүний бодит дүрийг гэрэл, сүүдэртэйгээр зурах, богдуудын эрдэм үйлс үйл явдал болон өмнөх дүрүүдийг дүрсэлсэн хөрөг дүрүүд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёрдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдонмэ бээр 1724 оны луу жил Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар эцэг Эфү чин ван Дондовдоржийн хүү болж мэндэлжээ. Түүнийг 4 сүүдэртэйд нь Банчин Богд Лувсан-Иш Халхын хоёрдугаар Богдоор тодруулж 6 сүүдэртэйд нь ширээнд залав. Тэрээр 1739 онд их амгалан нууц тарнийн Жүд дацан, 1756 онд хоёрдугаар Гоман хэмээгдэх гүн ухааны Дашчойнпэл дацанг тус тус байгуулжээ. Богд 32 сүүдэр зооглож, улаагчин үхэр жил буюу 1757 оны өвлийн сүүл сарын 27-ний өдөр Их хүрээнд жанч халжээ.

“Богд Лувсандамбийдонмэй хэмээхийн хувилгаан тодорсон нь хойд зүгийн дунд Халхын их орон зүүн аймгийн Хүй мандал хэмээх газарт газрыг тэтгэгч Чингис тэнгэр угсаатай хааны язгуур удам дархан чин ван Дондовдорж хийгээд хатан Хандын алдар лугаа төгссөн хоёрын хөвгүүн болон модон эр луу жил (1724 онд) мэндэлсэн. Богд мэндлэхийн цагт солонго гэрэл таван зүйлийн хүрээ гэр барьсан мэт хийгээд сайхан үнэр ханхлах тэргүүтэн гайхамшгийн яруу болсон хэмээхийг сонссон.Түүнээс Далай лам, Банчин богд тэргүүтэн богд нар айлтгасанд Жавзандамбын хувилгаан хэмээн тодорхойлжээ. Богдыг таван настайд Дүйнхор Манзушрийн хувилгаан тавдугаар Наваанлувсандамбидомэ ёнзинд залж ирснээс гэнэнгийн санваар авсан бөгөөд Лувсандамбийдомэ хэмээх алдар өргөжээ.

Шүтээн зураг

Он цаг: XIX зуун

Материал: даавуу, шороон будаг

Арслант ширээнээ саран дэвсгэрт лянх суурин дээр номт гурван хувцас асаан,очир завилгаагаар орших II Богд Лувсандамбийдонмэ (1724–1757) баруун мутраараа ном хэлэлцэх мутарлага үйлдэн очир залсан бадам цэцгийн ишнээс чимхэн, зүүнд бадар аяга барин хонх залсан бадам цэцгийн ишийг хурууныхаа завсар хавчуулан үл мэдэг инээмсэглэжээ.

Орой дээр нь Банчин Богд цэцэгт модноо заларна. Зүүн дээр 11 тэргүүнт Жанрайсиг, баруунд Жигжид, Манзшир бурхан оршиж, төв доор өлзийт найман тахил, хүслийн таван эрдэнийн тахил тэргүүтнийг өргөжээ. Бүтээлийн доорх баруун, зүүн буланд Дамдинчойжоо, Цамба сахиус заларна.

Арын дэвсгэрт үзэсгэлэнт байгаль, уул талд II Богдын эцэг эх өргөө гэрийнхээ үүдэнд цагаан эсгий дэвсэн суусан байх ба бяцхан Богд эхийнхээ өвөрт байна. Мөн эсрэг талд бяцхан Богд лам багшдаа хүргэгдэн байгаа зэрэг үйл явдлыг дүрслэн харуулжээ. Уг бүтээлд II Богд Жавзандамбыг монгол угсааны хүн болохыг түлхүү үзүүлсэн нь онцлог юм.

Хэмжээ: 36.5 х 55см

Шүтээн зураг

Он цаг: XIX зуун

Материал: даавуу, шороон будаг

II Богд Энэтхэг орноо бурханы шашин дэлгэрэх үед бандида нугууд бээр таалан соёрхож байсан урт чихт овоодой малгай тавьж, номт гурван хувцас асаан, баруун мутраа өвөр дээрээ аван хонх бүхий бадам цэцгийн ишнээс атгангаа бадар аяга агуулан, зүүн мутраар номын хүрд эргүүлэх мутарлага үйлдэн очир бүхий бадам цэцгийн ишнээс барьжээ. Богд угалзарсан хүрээ бүхий бие, билгүүний гэрэл цацруулан, арслант ширээнээ бадам цэцгийн саран мандал дээр очир суудлаар заларна. Түүний баруун, зүүн талын хонх, очир нь Доржсэмбэ бурханы хувилгаан болохыг илтгэж байгаа бол номын хувцас асаасан нь гэлэн сахилтай хувраг болохыг харуулна. Зургийн төв дээр Дэмчиг бурхан заларчээ.

Монголд тодорсон Богдууд нь төвөдийн Бурханы шашны Жонанба ёсны алдарт эрдэмтэн Жавзан Дарнатын (1575–1634) хувилгаан дүрүүд бөгөөд анхдугаар II Богд Лувсандамбийдонмэг Дарнатын хувилгаан дүрүүдийн хамт бүтээсэн. Тэдгээрийг баруун дээрээс нар зөв тойруулан дурдвал Барвазов, Жодвадоржи, Ронсончойсан, Одсэрбал, Санжарасэн, Жамъяанцорж, Гунгаадолчиг, Живзундарнат, Занабазар, Гажидсэжон, Чойжининжид, Сангабазар, Бүрэгдэжанцан, Дармаванчог, Радэнгонбү нар болно.

Ашигласан материал

Ж. Болдбаатар. II Богдын удам гарвалын тухайд. II Богд Жэвзүндамба хутагт ЭШБХ. УБ.,2010

Ш.Сонинбаяр. Төвд хэл дээрхи II Богдын намтрууд. II Богд Жэвзүндамба хутагт ЭШБХ. УБ.,2010

Дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн сан.

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet