Дүншигийн гучин таван бурхан зээгт наамал
Б.Оюунчимэг, Сан хөмрөгч.
Зээгт наамал буюу торгон зураг нь монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур, сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн цуглуулгад хүндтэй байр эзэлдэг үзмэрийн нэг нь Их хүрээний Анду нарын аймгийн Тавхайбор, Зоогай аймгийн гавж, бурхан зураач Хасгомбын удирдлага дор, Сангай аймгийн урчуудийн бүтээсэн ”Дүншигийн 35 бурхан” хэмээх зээгт наамал юм. УГЗ зураач Д.Дамдинсүрэн агсан дурсамждаа: “Бурхан зураач Хасгомбо гуайн зохиомж бүтээл бол төвд нь Богд Зонховыг 2 шавийн хамт голлуулж, түүний хоёр захаар Дүншиг мөргөлийн 35 бурхад, тэдгээрийн хөрөг Жарав тэргүүтний зохиомжийг тохируулж, элдэв сайхан хоргой, торгоны баялаг өнгөөр ялгаж, төрийн мандалт 7 эрдэнэ, шашны өргөлт 8 тахил, амьтан ертөнцөд таван хүсэл тэр бүгд хүний ертөнцийн амьдралд бат орших эв түнжин, бадран дэлгэрч, баясан цэнгэх, жаргалыг ерөөсөн бэлгэдэл бөгөөд эдийн хангамж нь баялаг эрдэнэс цэцгийн ургамлаар хослон чимэглэж, байгаль ертөнцийг магтан дуулсан үлэмжийн сайн чанарт хүргэж урласан үндэсний бахархал болсон сайхан уран бүтээл мөн” гэжээ. (Д.Дамдинсүрэн, 1995:68)
Дүрслэх урлагийн музейд буй энэ хэсэг нь 200x1200 см хэмжээтэй, Дүншигийн гучин таван бурханаас зөвхөн найман бурханыг л дүрсэлсэн байдаг.Тэдгээрийг баруун гар талаас дурьдвал:
- Байлдан ялагч-туг барьсан
- Машид дарагч-илд барьсан
- Хурмаст тэнгэрийн тууз- дүр барьсан
- Алдар цол дуурсгагч-мутрын тэмдэгтэй
- Сангарын цог-мутрын тэмдэгтэй
- Эрдэний цог-мутрын тэмдэгтэй
- Лянхуа гэрэл –мутрын тэмдэгтэй
- Үзэх утга төгс-мутрын тэмдэгтэй
Бурхан багшийн арын дэвсгэрийг бурхад бодьсадва нарын нэгэн адилаар гэрлийн цацарагтай, шавь нарынхыг зөвхөн түшлэгтэйгээр. Бурхадын ар дэвсгэрийг хар хөх хоргойгоор хийж, тал бүрт гийх гэрлийн цацрагийг алтан саагаар самнаас гарган урлаж, шар хоргойгоор хөвөөлж, улаан зураасаар хүрээлэн урласан мөн бурхадын дүр, тахилын дүрсүүдийн хооронд цагаан, улаан, хөх торгоор дагнааслан гурвалсан жанцанг чимэг болгон байрлуулжээ.
Дүншигийн 35 бурхан хэмээх зээгт наамал нь 1969 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Монголын Дүрслэх урлагийн музейн үзмэр авах ба бүтээлийн үнэ тогтоох комиссын 45 дугаар тогтоолд “Дүншигийн бурхан” нэртэйгээр 3309–673 дугаарт музейн бүртгэлд бүртгэгдсэн түүхтэй билээ.
Дөрвөн хэсэг бүтээлийн бусад гурвыг сурвалжлан үзэхэд хоёр бүтээл нь эдүгээ Гандантэгчилэн хийдийн Жанрайсэгийн сүмийн зүүн талд байдаг “Дүйнхор”-ын дацанд хадгалагдаж, торгоны өнгө будаг нь хуучнаараа байна. Харин гурав дахь нь Бөмбөгөр ногоон театр шатах үед галд үгүй болсон гэсэн аман яриа байдаг.(Лхагвадулам Г., 2018. Дүншигийн 35 бурхан хэмээх зээгт наамлын түүх , Музей судлал, Tomus XIX-I., Fasciculus 1–25, УБ.)