The Fine Arts Zanabazar Museum
1 min readNov 30, 2023

Дөрвөн үнэн: Бурхан багшийн дүр дүрслэл III

Бурхан багшийн дүр дүрслэл=Бурхан багшийн сургаал

Энэтхэгийн эрдэмтэн Ачаряа Удбхаттасиддха “ Вишешастава” зохиолдоо “Эсэргэн зүсэх хүрд, жад барилгүйгээр энэрэл нигүүслийн зэвсгээр ялагч” хэмээн бурхан багшийг магтжээ. Ямар дайсныг дарсан бэ гэвэл өөрийн муу сэтгэлийн дайснаа дарсан баатар юм. Дайсан гэдэг нь гадна орших бус харин өөрийн дотоод сэтгэлд оршдог хэмээн Буддын шашинд үздэг.

Бурхан багш, XX зуун, даавуу шороон будаг. Дүрслэх урлагийн музейн цуглуулгаас

Бурхан багш Варанасын оронд анхны таван шавьдаа дөрвөн үнэний номын хүрдийг эргүүлсэн тухай бурхан багшийн намтарт буй. Монгол урлаач урчууд бурхан багшийн дүрийг бүтээж урлахдаа түүний сургаалийг судлан суралцаж бүтээж ирсэн.

Дөрвөн үнэн буюу “Хутагтын үнэн” (англ. Noble Truth)

Бурхан багшийн сургаалыг номын гурван хүрдэнд хуваан авч үздэг. Номын хүрдэн гэдэг нь тодорхой агуулгыг бүхий л учир шалтгаан, тэдгээрээс гарах үр дүн, гарц гаргалгаатай нь иж бүрэн, цогцоор нь тайлбарлан үзүүлэхийг хэлнэ.

Анхдугаар номын хүрдэн. бурхан багш Варанасид айлдсан “Хутагтын дөрвөн үнэн” тэргүүтэй сургаалуудыг нийтэд нь анхдугаар номын хүрдэн хэмээдэг. “ Хутагтын дөрвөн үнэн сургаал”-аараа

Зовлон үнэн

Зовлонгийн шалтгаан үнэн

Зовлонгоос гарах үнэн

Зовлонгоос гарах зам мөр үнэн

хэмээн хорвоогийн жам ёсны үнэн хийгээд зовлонгоос ангижран гэгээрэл, амар амгаланд хүрэх зам мөрийг сургасан юм.

Нийтэлсэн Д.Гоомарал

Ном зүй

  • Ж. Лхагвадэмчиг. Сэтгэл тэнүүн амьдрахуй. УБ.,2023
  • Түвдэнчойсан. Цогт Наланда хийдийн 17 бандида нарын намтар. УБ.,2022
  • Дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн сан
The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог