Марзан хочит Б.Шаравын “Үрс гарч байгаа нь”
Энэ жилийн Долоодугаар сард онцлох үзмэрээр “ Үрс гарч байгаа нь” бүтээлийг онцлон сан хөмрөгөөсөө гаргасан билээ. Ингэснээр Монгол зургийн томоохон туурвилд тооцогдох тус бүтээлийг эх болон хуулбар зурагтай нь харьцуулан харах шинэ өнцгийг харуулахыг зорисон билээ.
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй тус бүтээл нь 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар № 241 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ-оор Монгол Улсын Хосгүй үнэт бүтээлд бүртгэгдсэн. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 1969 оны 4-р сарын 3-ны өдрийн ДУМ-н 45-р тогтоолоор бүртгэгдэн хадгалагдаж байна.
Үрс гарч байгаа нь хэмээх бүтээл нь Балдуугийн Шаравын XX зууны эхэн үед зурсан “Намар-Зун” хэмээх цуврал зургийн нэг “Зун” хэмээх бүтээл бөгөөд бүтээгдсэнээс хойш “ Үрс гарч байгаа нь”, “ Айрагийн баяр ”, “Гүүний үрс гаралт”зэрэг нэрээр нэрлэгдэж ирсэн байна. Бүтээлд Монголын хөдөө нутгийн нэгэн малчин айлын зун цагийн ажил үйлс хийгээд, амьдралын үйл явдлыг өргөн дэлгэр хамран харуулжээ. Б.Шарав тус бүтээлдээ малчин хүний дүр, нүүдлийн аж ахуйтны хөдөлмөрийн өвөрмөц онцлогийг цомнож үзүүлсний томоохон нь “ Гүүний үрс гаргах ёсон” билээ, эртний домог зүйн улбаатай, жавхлант сүргийн сүр жавхааг уран дүрслэлээр үзүүлсэн төдийгүй түмний аж амьдралыг яруу тод дүрслэн харуулснаараа онцлог юм.
Бүтээлд XX зууны ард түмний аж амьдралыг дүрслээд, айраг сархад ууж, дуу хуур үүсгэн наргиж, наадаж байгаа язгууртан дээдэс, баяд, ноёд, лам нарын дүр, дүрслэлийг гүү мал сааж, ноос савж, аргал түлээ түүж буй малчин ардын дүртэй харьцуулан харуулсан нь бие биеэ тодотгосон эерэг, сөрөг дүрийг арга билгийн гүн утга санааг илэрхийлжээ. Эдгээр бүх дүрийг далд ёгт утга агуулсан хошин дүрээр илэрхийлсэн байна.
Үрс гарч байгаа нь бүтээлийг хуулбарласан нь
Балдуугийн Шарав (1869–1939)–ын зурсан “Үрс гарч байгаа нь” (1912–13) бүтээлийг 2001 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс /Соросын сан/ ивээн тэтгэсэн Монголын нэг өдөр төслийн хүрээнд Монгол Улсын Соёлын өвийн төв, одоогийн Соёлын Өвийн Үндэсний төвд хуулбарласан. Тус бүтээлийг хуулбарлах ажлыг Соёлын Өвийн Төвийн захирал асан, ерөнхий сэргээн засварлагч Д.Хишигбаяр, сэргээн засварлагч-зураач Г.Соёл-Эрдэнэ, С.Ганзам, зураач Ж.Дүүрэнтөгс нар хийж гүйцэтгэжээ. Монгол Улсын Хосгүй Үнэт бүтээлийг хуулбарласнаар уг эхийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх хийгээд хадгалах, хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор хийж гүйцэтгэжээ. Тус бүтээлийг өдгөө музейн Монгол зургийн танхимд дэлгэн үзүүлдэг болно.