Монгол Цам ба Монументаль Зээгт Наамлын урлагийн тухай
XIX зууны сүүл үед зээгт наамлын аргаар бүтээгдсэн дөрвөн монументаль бүтээл Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг билээ. Эдгээр бүтээлүүдийн талаар болон хэрхэн дэлгэж, зургийг нь авч баримжуулсан талаар өгүүлэх цуврал нийтлэлийн эхний хэсгийг хүргэж байна.
Г.Лхагвадулам, Эрдэм шинжилгээний ажилтан
МОНГОЛ ЦАМЫН ТУХАЙ
Цам нь VIII зуунд Энэтхэгт үүсэн, монголд Төвдөөр дамжин XIX зууны эхээр нэвтэрсэн. Тухайн жилийн гай барцадыг арилгах, сайн сайхныг авчрах зорилготой цам бүжиг уул, усны эздийг аргадан, авран хамгаалахыг гуйх шашны ёслол. Бурхны арга засал байсан цам өдгөө үндэсний уламжлал, ёс заншлыг илтгэх урлагийн төрөл болжээ.
Цамын талбайн засал, өмсгөлийг цутгамал, наамал, хатгамал, сийлбэрээр урладаг нь одоо ч хэвээр. Баг болон бусад хувцас өмсгөл нь бурхад хийгээд уул усны савдгийн төрхийг харуулах гол хэрэгсэл юм.
Буддын шашны номлолд дөрвөн үйлс гэж алдаршсан “Шижайбандангийнлай” буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүнийг бүтээгч бурхдын дүрийг эл цамын дүрээр тусгадаг ажээ.
Нутаг нутгийн шүтээн сахиус, уул, усны лус савдаг өөр байдгаас цам нь Монголд түгэхдээ онцлог шинж, дүр төрхтэй болон хөгжсөн. Хувьсгал гарахаас өмнө манай орны олон зуун сүм хийдэд Жахарын, Тахилын, Майдарын, Хангалын, Гэсэрийн зэрэг 500 төрлийн цамын дэг найруулга байсан гэдэг.
Монголд 1811–1937 он хүртэл гарсан Хүрээ цамын сүр жавхлан, хүчирхэг байдал тухайн үедээ Төвд, Энэтхэг зэрэг оронд ч алдартай. Хүрээ цам нь жил бүрийн зуны адаг сар буюу одоогийн тооллоор 7, 8 сард гардаг байж. Энэхүү цамыг үзэхээр газар газрын сүсэгтэн, мөргөлчид Их хүрээг зорин ирдэг байжээ.
Энэхүү Хүрээ цамын гол дүр болох догшид бусад дүрүүдийн бүжиглэх талбайг ёс журамтайгаар урьдчилан бэлтгэдэг. Товчхон хэлэхэд зургаан зүйлийн хамаг амьтан төрж, амьдарч, үхэх энэ орчлонг шашны ёсоор дүрслэн үзүүлсэнийг “мандал” хэмээдэг. Тэрхүү мандалыг цам харайх талбайд дүрслэхийн тулд тусгайлан бэлдсэн ясны гурил цагаан шохойгоор гадуураа дөрвөлжин тиг татаж, түүний дотор бие биедээ дотроо 6 давхар тойрог тиг зурна. Талбайн баруунаа томоохон зиндааны лам нарт, зүүн талд ноёд дээдэст, хойд талд Богд хаан хатны хамт залрах асарууд байна.
Талбайн урд талд тусгайлан бэлдсэн тээглүүр модонд нэг удаа Монгол орныг даасан “Очирваань” сахиус, нөгөө удаад нь “ЖалбаСэнги раа” голлон хоёр талд “Цагаан дара эх”, “Аюуш” бурхадыг залдаг байсан.
Эдгээр бурхадыг Хүннү гүрнээс улбаатай монгол сонгодог урлаг болтлоо хөгжсөн “Зээгт наамлын” аргаар бүтээсэн XIX зууны дүрслэх урлагийн түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн торгоор урласан хамгийн том дөрвөн бүтээл одоо манай музейн сан хөмөрөгт хадгалагдаж байна. Бүтээлээ ярихын өмнө зээгт наамдын урлагийн тухай товч өгүүлье юү.
ЗЭЭГТ НААМЛЫН УРЛАГИЙН ТУХАЙ
Төв Азийн нүүдэлчин монгол түмний амьдрал ахуйтай нөхцөлдөн үүссэн урлагийн төрөл зээгт наамал нь нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжийг өөртөө бүрэн хадгалсан байдаг. Эртний хүмүүс эсгий, арьсан эдээр хийсэн хувцас, эдлэл дээр өнгөөр ялгагдах хээ маягийн дүрс гарган хээлж чимэглэж эхэлснээр эх үндсийг тавьсан болов уу. Түүний уламжлал одоо ч гэсэн манай урчуудын бүтээлд, эгэл жирийн хүмүүсийн амьдралд үргэлжилсээр байгаа билээ.
Хүннүгийн ширмэл ширдэгнээс эхлээд монгол гүрний үед дэлгэрч байсан зээгт наамал урлаг хожуу үе хүртэл уламжлагдаж, XVIII-XIX зууны үед бурхан дүрслэлийн уран зурагтай ойртож, улмаар өрсөлдөх байдалд хүрсэн тул олон төрлийн зээгээр зээглэж, наамлын аргаар бүтээсэн бүтээлийг “Зээгт наамал” гэж нэрлэдэг юм.
Учир нь чимэглэлийн энэхүү аргаар урласан бурхны зохиомж дүрслэл, өнгө найрамж зураас бүх байдлаараа уран зурагтай яг адил бөгөөд зураачид хар зургаа гаргасны дараа будахын оронд торго, хоргой өнгө зохицуулан нааж, алт, мөнгөн саа туушингаар зээглэж, улмаар шүр, сувд, оюу зэрэг есөн эрдэнээр чимдэг байжээ. Мөн торгон утсаар өнгө солонгоруулан хатгаж урлах нь будгаар ялгасан зургаас илүү баялаг өнгөлөг, материаллаг, агаарлаг болж байсан юм.
XIX зууны сүүл үе, XX зууны эхэн үед амьдрач байсан алдарт бурханч Тавхайбор, Данжин, Цэнд, Балдангомбо, Хасгомбо зэрэг зураачид, уран эмэгтэйчүүдтэй хамтарч урласан Цогт охин тэнгэр, Шалшийн ганзай, Дөрвөн мутарт Гомбо, Жигжид, Чойжоо, Намсрай, том хэмжээ бүхий Очирваань, Аюуш зэрэг олон арван гайхамшигт бүтээлүүд монголын музейнүүдэд хадгалагдаж байдаг нь монголын дүрслэх урлагийн санд жинтэй байр, улмаар дорно дахины урлагт мэдэгдэхүйц байр эзэлдэг. Эртний Монголын хаадын орд, өргөө янз бүрийн амьтны дүрс зураг оёмол хөшгөөр чимэглэсэн байсан тухай жуулчдын тэмдэглэлд үлдсэн байдаг. Юань улсын үед барилгын багана, дотор талыг хивс, зурган хөшгөөр бүрэх заншил дэлгэрч, XIX зуун хүртэл уламжлан ирсэн нь нүүдэл, сууршил амьдрал хосолсон улс оронд торго, бөсөөр орд харш, сүм дугана чимэглэх нь хамгийн тохиромжтой төрөл байжээ. Зарим алдартай бүтээл гэвэл Их Хүрээний Цогчин дуганд олны ихийн ерөөл хурахад “Чамраа тахил” гэдэг хоёр том торгон зураг өлгөдөг байсныг 1914 оны үед Хасгомбо, Чимэд, Гэндэндамба, Жүгдэр нарын нэрт урчууд өөрсдийн сүсгээр хөрөнгөө нийлүүлж хамтран урлаж бүтээсэн түүхтэй.
Мөн Хасгомбо, Тавхайбор нарын хамтарч урласан цуврал дөрвөн бүтээл “Туваан Зонхор сүм, Жий Явсрай сүм”-ээр голлосон урт хөшгөн зурагт Дүншигийн 35 бурхадын хөрөг тэргүүтэн зохиомжийг тохируулж, элдэв сайхан хоргой торгон баян тансагаар өнгө ялгаж, төрийн мандалт найман тахил, ертөнцийн хүний таван хүслийг баялаг эрдэнэс, цэцэг навчаар чимэглэн урласны нэг нь эдүгээ Дүрслэх урлагийн музейд, хоёр нь Дуйнхорын дацанд байна.
Чамбон Пунцаг-Осор тэргүүтэн Хүрээ даяар алдаршсан Намдлингийн Юндэн, Эх дагины Самдан, Зоогойн Балдан, Дугарын Агваандандар, Тоймсүмлингийн Цэнд, Зоогойн Жүгдэр, Номчийн Лувсанцэрэн зэрэг урчууд Их Хүрээний цамын хувцас, багийг шинэтгэх үед гарсан торгон барааны үлдэгдэл өөдөс ашиглаж, арван хангалын торгон ганзай (Xангагч эрдэнэ) бүтээсэн нь одоо Дүрслэх урлагийн музей, Төв аймаг, Гандантэгчилин хийдүүдэд хадгалагдаж байна. Зээгт наамал бүтээхэд Цэрэнжид, Хишигт, Думаа, Ядамжав, Лхамжав, Должинжав зэрэг олон арван уран үйлчин бүсгүйчүүд энэхүү ажилд оролцож байжээ.
XIX зууны сүүлчээр бүтээсэн хамгийн том (монументаль) зээгт наамал болох “Очирваань”, “Цагаан дара эх”, “Жалба сэнги ра”, “Аюуш” нь манай музейн сан хөмрөгт бий.
Эдгээр нь 1995 онд Засгийн газрын 241 тоот тогтоолоор хосгүй үнэт зэрэглэлд батлагдсан анхны үзмэрүүдийн нэг юм. Энэхүү гайхамшигт дахин давтагдашгүй зээгт наамлын бүтээлүүд нь музейн сан хөмрөгт олон арван жил жил хөдөлгөөнгүй хадгалагдаж байгаа хэдий ч дэлгэх байргүйн улмаас олны хүртээл болж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай байсан. Гэвч музейн захиргааны зүгээс энэ дутагдалыг арилгахын тулд 2002 оны 10 тоот захирлын тушаалаар, ЭША Г.Лхагвадулам, урлаг судлаач П.Байгалмаа, тайлбарлагч Ц.Хандмаа нар 16 метрийн өргөнтэй зүйдэлгүй зотон даавуугаар арлан, үзмэрийг хөндөлгүйгээр бэхэлгээнүүдийг дахин бэхлэн, шинээр давхар бэхэлгээнүүдийг оёсон.
Улмаар БСШУЯам, Монголын Энэрэхүйн Бурхадын төвтэй хамтран “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-д 2002 оны 09 сарын 25-д “Галадингаа 2002” шашны дуу хөгжим, бүжгийн цэнгэл ёслолын үеэр нийтэд анх удаа “Очирваань” бурханыг дэлгэн нийтэд үзүүлсэн.
БСШУЯамны захиалгаар “Буддын сан”-гаас эрхлэн гаргасан “Монголын Буддын урлаг” цуврал номонд дээрх 4 бүтээлийг оруулсан учир заавал гэрэл зурагжуулахаар болж, бүтээлүүдийг Монголын Соёлын Өвтэй хамтран, 2005 онд циркийн манежэнд хэсэгчлэн хуйлж, эгц дээрээс тал талаар нь гэрэл зургийг авч, компьютерээр бүхэл зураг болгон, анх удаа зургийг зөв ёсоор авсан.
2007 онд У.Барсболдын санаачлага, санхүүжилтээр “Монгол бөхийн өргөө”-д дэлгэсэн “Очирваань”, “Цагаан дара эх” үзмэрүүдийн тухай дараагийн нийтлэлд өгүүлье юү.