Номын барын түүх буюу Монголчуудын эртний ном судрын нэгэн дурсгалаас
Монголчууд олон зуун жилийн турш “модон бар” –аар ном хэвлэжээ. Тэдгээр ном судар өдгөө бидний туулж ирсэн түүх, хөгжил, соёл зан суртахууныг хойч үед нь тусган харуулах толь болж үлдсэн байна.
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан
Монголчууд модон бараар ном хэвлэсэн байдлыг аваад үзвэл монгол аймгууд X зуунаас эхлээд, өргөн дэлгэрээр XIII зуунаас ном хэвлэж эхэлжээ.
“Монгол хэлнээ хөрвүүлсэн ном судрын дотор зөвхөн шашны агуулгатай төдийгүй, өөр ёсны шинжлэх ухааны чанартай зохиол багагүй байсан ба тэдгээр нь их бага алин боловч монгол хүний оюуныг нээгдүүлэх үйлдлийг үзүүлсэн байна” гэж Ш.Нацагдорж тэмдэглэжээ.
XVII-XIX зуунд хэвлэгдсэн шашны бус ном, тухайлбал түүх, хууль цааз, засаг захиргаа, одон орон, анагаах ухаан, толь бичиг, хэлний зүй, тоо бодлого, цаг тооны бичиг, үлгэр, шүлэг, сургаал, ёс суртахууны судар, номын тухай хэвлэгдсэн он дарааллыг баримтлан утга агуулгыг нь нээж иржээ. Зүүнээс баруун тийш, дээрээс нь доош мөрлөн бичдэг дэлхийн бусад орны бичигтэй огт ижилгүй , хэлбэрийн хувьд хосгүй содон үсэгтэй монгол хэлний үгийн сан асар баян юм. Хятад, Төвд, Энэтхэгийн олон номноос орчуулахад үг дутахгүй. Энэ бол монголчууд асар эртний бичгийн соёлтой, олон зуун жилээр ном бичдэг байсныг харуулж байна. Монгол үндэстэн XX зуун гартал модон бараар ном хэвлэж соёлын түүхээ бүтээжээ.
Эртний Монголчуудын дотор ном уншдаг хүмүүс аажмаар олширч, бичмэл ном олны хэрэгцээ хангахгүй болсон учраас XII зуунаас модон бараар ном хэвлэдэг дорно дахины нэгэн аргыг эзэмшжээ. Өнө удаан хугацааны туршид хүрэл бар, чулуун бар, модон бараар ном, судар хэвлэв. Бидний үед уламжилсан номыг аваад үзвэл гаднах байдлаараа дэлгэрэнгүй судар, дундаж судар, хураангуй судар гэж гурван янз байжээ. Дэлгэрэнгүй судар нь олон мянган хуудастай том өргөн хуудсан дээр хэвлэдэг байлаа. Судар ном сэдвийн хувьд янз янз байх ба дорно дахины таван ухаан, бага таван ухааны судрыг эмхэтгэн Ганжуур, Данжуур, засаг төрийн ёсыг өгүүлсэн “Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл, шастир”, одон орон зурхайн ухааныг өгүүлсэн “ Солбицон барихын бодрол”, манж, хятад, монгол, төвд хэлний “ Дөрвөн зүйлийн үсэг хавсарсан толь” зэрэг бусад олон дэлгэрэнгүй судар ном хэвлэсэн байна. Монгол барчдын хэвлэсэн номын дотроос хамгийн олон нь хураангуй судар юм. Номын утга их зүйлийг хамаарахгүй болгонд хураангуй судар хэвлэдэг байжээ. “ Амгалант сугаваадын ерөөлийн хураангуй”, “ Сайн өдөр сонгож үзэх алтан толь хэмээх судар оршив” [1]зэрэг олон олон судруудыг хэвлэж байв.
Модон бараар ном хэвлэнэ гэдэг нь модыг шүүслээд сайтар хатаасан модон хавтсан дээр номынхоо үсгийг сийлээд дарна. Бэлтгэсэн модон хавтсан дээрээ бэхээ түрхэн, түүн дээрээ хуудас хуудсаар цаас тавьж олон зуун хэвлэл гарган авдаг, гар үйлдвэрийн арга юм. Модон барын хамгийн чухал ажиллагаа нь модон хавтсан дээрээ үг үсэг сийлэх үйл ажиллагаа юм. Модоо сонгохдоо нарийн ширхэгтэй, давирхай багатай хатуу хуш модыг номын бар хийхэд өргөн хэрэглэнэ. Залуу хуш модыг зун цагт нар, салхинд олон сар, жил өнжөөн байгалийн аргаар бэлтгэн банз болгон хадгалж, хатуу, нягт олон жилийн настай болгохын тулд тосонд чанаж сийлэхэд бэлтгэдэг байжээ. Бэлтгэн боловсруулсан модон хавтан дээрээ барлах зүйлээ тэг номын дагуу эсрэг тийш нь харуулан зурж сийлэх бөгөөд нэгэн жигд маш нарийн зураасан ажиллагаа гардгаараа онцлогтой. Үүний дараа сийлээгүй үлдсэн гүдгэр дээр бэх түрхэж цаасан дээр хэвлэхийг хэлнэ.
Яг энэ аргаар бүтээсэн нэгэн судар ном өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Энэ судар нь XIX зууны сүүл үед хамрагдах бөгөөд Буддын шашны ном зохиолыг олноор олшруулан хэвлэж байсан түүхтэй холбоотой. Бар нь 17.2см урт , 9.6см өндөр, 2.3см зузаан модон хавтан дээр Нэг талдаа нанжвандан үсэг, нөгөө талдаа норов эрдэнэ ачсан морь, төвд үсгийг сийлсэн номын барын үсэг хоорондын зай болон үсгийн зурлага, хэмжээ, нарийн тод бөгөөд тэгш хэмжээгээр чадварлаг сийлэн урласан байна. Модон хавтангийн хүрээг товойлгон сийлжээ. Норов эрдэнэ ачсан морийг зохиомжийн голд томоор дүрслээд дээд доод, баруун зүүн талд төвдөөр бичсэн байна.
[1] Шүгдэр.Ц. Монгол модон барын ном. УБ., 1991, 51-р тал