Нөгөө ертөнцийн тухай төсөөллөөс үүдэлтэй Галбингаа хэмээх хүн-шувуу
Х.Цэрэнбямба, Эрдэм шинжилгээний ажилтан
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд VII зууны үед холбогдох нэгэн сонирхолтой бунхант оршуулгаас илэрсэн эд өлгийн зүйлс бүрэн эхээрээ дэглэгдсэн байдаг. Энэхүү иж бүрэн хэмжээний оршуулгын дурсгал нь Төв аймгийн Заамар сумын нутгаас олдсон аж. Уг бунхан нь Уйгур угсааны Пугу аймгийн тэргүүн Иту Шое-гийн бунхан гэдэг нь бунхант булшинд дагуулсан бичээсэнд нэн тодорхой өгүүлсэн байна. Энэхүү дурсгалаас олон арван сонирхолтой олдвор илэрсний нэг нь Галбингаа хэмээх амьтан юм. Энэхүү амьтныг модоор сийлж, өнгө будгаар ялган будсан байжээ. Уг амьтан нь хүн цээжтэй шувуун бөгстэй, урт нарийн хөлтэй, дээш ээтэн, саглагар сүүлтэй аж.
Бунхант булшнаас олдсон галбингаа нь хүн цээжтэй шувуун бөгстэй, урт нарийн хөлтэй, дээш ээтэн, саглагар сүүлтэй цээжиндээ шулуун захтай буруу энгэртэй, богино өргөн ханцуйтай дээл өмссөн, хоёр гараа тохойгоор нь нугалан дээш өргөж, гараа бага зэрэг атган, зүүн гарын долоовор хуруугаа гозойлгосон, их биеийн хоёр талд эм углуурга гаргаж гар, далавчийг нь хөдөлгөөнтэй байхаар зохиомжлон, бөгсөн биеийг нь улаан хүрэн будгаар будаж, дээрээс нь хар будгаар том дугуй цэг тавьж өд сөдийг нь онцлон гаргаж, босоо зогсож буйгаар ихэд бодит байдлаар урласан байна.
Ийнхүү галбингаа шувууг модоор уран нарийн сийлж бунхант оршуулгад дагалдуулсан нь энгийн хэрэг биш бололтой. Нөгөөтээгүүр оршуулгын зан үйлд ямар нэгэн эд зүйл дагалдуулахдаа хамаа замбараагүй тавьдаггүй, тогтсон зан үйлийн дагуу, тогтсон байрлалд, тодорхой зан үйл, нөгөө ертөнцийн тухай төсөөллийн үүднээс тухайн эд өлгийн зүйлийг дагуулан тавьдаг нь нэгэнт тогтсон ойлголт юм.
Галбингаа нь Энэтхэгийн Хинди шашнаас үүсэлтэй аж. Галбингыг дэлхийн олон улс орон эртнээс эрхэмлэн шүтэж иржээ. Хятадад jilingbinjiа, Энэтхэг, Тайланд, Камбожид kinnari, Японд karyobinga буюу keman Вьетнамчууд kinnara гэж хэлдэг байна.
Энэтхэгчүүд галбингаг тэнгэрийн цэргүүд бөгөөд Буддаг аглагт даяан хийж байхад нь эргэж тойрч байдаг ба олон тэнгэрсүүдийн адил Гималай ууланд амьдардаг гэж үздэг.
МЭ 8-р зууны үед хамаарах Индонезийн Ява арал дээрх Павон сүмийн ханан дээр эр, эм хос галбинга амьдралын ариун модыг хамгаалж буйг дүрсэлжээ. Эл галбингыг үсээ овоолж чимэг зүүлтээр чимсэн, цээжин бие нүцгэн боловч мөн зүүлт чимгээр гоёсон, гар, бугалга зэрэгт зүүлт чимэгтэй, эм галбинга нь ямар нэгэн хөгжмийн зэмсэг гартаа барьснаар дүрсэлжээ.
Галбингатай холбоотой олон төрлийн домог байдаг. Тухайлбал: “Эрт галавын үед манай дэлхий одоогийнх шиг хөрс шороо, хад чулуу байхгүй харин усаар бүрхмэл байсан гэнэ. Тэр үед Хурмаст тэнгэр нэгэн түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гурван түмэн настай Галбингаа шувууг дэлхий рүү явуулжээ. Галбингаа шувуу эх дэлхийг тойрон явж байгаад өндөглөх болж гэнэ. Тэгээд үүр засаж өндгөө гаргах гэтэл ямар ч хуурай газар байхгүй тул арга буюу өд сөдөө зулгаан усан дээр үүр засаж, тэр зассан үүрэн дээр хумхын тоос буусаар байгаад дагтаршин газрын хөрс үүссэн гэнэ. Ингэж хөрст дэлхий тогтсон” тухай өгүүлнэ.
Буддын шашны утга зохиолд аглаг өндөр ууланд амьдарч, бурхны хэлээр дуулдаг, сайн сайхан үйлс дэлгэрэхэд үзэгддэг, аз жаргалын дууч шувуухай хэмээн өгүүлнэ. Галбингаа шувуу тэнгэрийн амьтан гэдгийг энэ домгоос харж болохын зэрэгцээ тэнгэрийн орноос хөрст дэлхийд ирээд буцсан гэсэн санаа харагдана. Заамарын шороон бумбагар хэмээх бунхан оршуулгаас илэрсэн галбинга нь ерөнхийдөө Азийн бусад орныхтой ойролцоо боловч хувцас хэрэглэлээрээ орон нутгийн онцлогийг хадгалсан, эр дүрслэлтэй бөгөөд Монгол нутгаас илэрч олдоод буй хамгийн эртний галбингын дүрслэл юм.
Оршуулгын зан үйл нь хүний ертөнцийн хамгийн эрхэм бөгөөд эмгэнэлтэй зан үйл агаад хүн төрөлхтөн энэ зан үйлийг эртнээс гүйцэтгэж ирэхдээ, хүмүүн ертөнцийн мөнх бусыг үзсэний дараа сүнс нь дээд тэнгэрт /үхэгсдийн орон, нөгөө ертөнц/ очиж мөнхийн амьдралтай болон үр ач, хойч үеэ ивээн тэтгэж байдаг гэдэгт итгэдэг байжээ.
Харин тэнгэрт буюу амар амгалангийн оронд өөд болоочийн сүнсийг галбингаа шувуу хүргэж өгнө хэмээн төсөөлж галбингаа шувууны дүрсийг модоор сийлэн бунханд дагуулан хийсэн бололтой.
Энэхүү шувууны бэлгэдэл нь Буддын шашны дэлгэрэлтийг дагаж, Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Кампучи зэрэг Зүүн болон Өмнөд Азийн орнуудад ихэд түгж, бурхан бодисадва нарын дэргэд тахил өргөн дуулж, хөгжимдөж буй байдлаар дэлхийн олон улс орон өөрсдийн урлаг, уран сайхны сэтгэлгээ, гоо зүйн таашаалд нийцүүлэн түүхэн цаг үе бүрт харилцан адилгүй дүрсэлж ирсэн ч нийтлэг дүрслэл нь цээжин бие нь хүнийх, хөл болоод бөгсөн бие нь шувуутай адил өд сөд, хайрсаар бүрхэгдсэн, далавчтай, урт сүүлтэй байна. Энэ амьтан нь ихэвчлэн эр, эм хосоороо дүрслэгдэх бөгөөд сүм хийдийн ханан туурга, байшин барилгын чимэглэлд амьдралын ариун мод хамгаалсан, үнэт эрдэнэстэй сав, хөгжмийн зэмсэг, хундага, бумба зэргийг барьсан байдлаар дүрслэгдэхийн зэрэгцээ огт юм бариагүй дүрслэгдэх нь ч бий.