Та урлагийн бүтээлийг ажиглахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?
10 секунд, 10 минут, 10 жил?
А.Дуламжав, Маркетинг хариуцсан дэд захирал
Судлаачдын олж тогтоосноор музей үзэгчид дунджаар 15–30 секундийг нэг урлагийн бүтээлд зарцуулдаг байна.
Эдгээрээс онцлох нэг судалгааг дурьдвал, 2001 онд АНУ-ын Метрополитан музейд явуулсан судалгаагаар музей үзэгчид бүтээлийг ажиглан харах дундаж хугацааг 27.2 секунд, медиан хугацааг 17.0 секунд гэж тогтоожээ. Гэвч энэ бол ухаалаг утасны эрин үеэс өмнө, бидний анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурахаас өмнө хийсэн судалгаа хэмээн тооцвол 15 жилийн дараа 2016 онд, ижил судалгааг Чикагогийн Урлагийн Институтэд явуулсан бөгөөд үр дүн нь 2001 оны судалгаатай төстэй гарсан аж. 2016 оны судалгаагаар үзэгчид бүтээлийг ажиглан харах дундаж хугацааг 28.63 секунд, медиан хугацааг 21.0 секунд гэж тогтоожээ. Харин 15 жилийн өмнөхөөс ялгаатай нь үзэгчид ‘артис’ (arties) буюу урлагийн бүтээлтэй хамт авхуулах ‘селфи’ (selfie) зураг авхуулдаг болсон байна. Судлаачдын онцолсноор үзэгчдийн бүтээлийг ажиглаж харах хугацаа буураагүй, харин тэрхүү цагаа хэрхэн өнгөрөөж байгаа нь ухаалаг утасны эринтэй хамт хувьсан өөрчлөгдөж буйн илрэл хэмээжээ.
Өөр нэг асуулт нь, магадгүй, урлагийн бүтээлийг ойлгоход хэр хугацаа шаардлагатай бол? Музей үзэхэд бүгдийг үзэх ёстой юу аль эсвэл нэг бүтээлийг ажиглахад 20 минутыг зарцуулах нь зүйтэй юү?
Эдгээр асуултуудад зөв хариулт гэж үгүй. Зарим бүтээлд 10 жил ч хангалтгүй санагддаг.
Музейд ажилдаг бидний хувьд танхимд буй үзмэрүүдийнхээ хажуугаар өдөр бүр өнгөрдөг учир тэдгээрийг хангалттай ажигласан мэт боловч огт анзаарч харж байгаагүй деталь, өвөрмөц дүрслэлүүдийг дахин дахин өөртөө олж нээсээр байдаг нь гайхалтай. Урлаг судлаач, урлагийн түүхчид ямар ч бүтээлийг удаан хугацаагаар анхааралтай ажиглалт хийхийн ач холбогдол, “хүчийг” мэддэг. Харин ердийн үзэгч үүнийг тэр болгон мэддэггүй. Нэг бүтээл маш олон утга, санаа, бэлгэдэл, хүүрнэлийг агуулж байдаг ба 15–30 секундийг түүнд зарцуулах нь хангалтгүй мэт.
Судлаач Жеймс Павелски нь музей үзэгчдийг олон цагийн турш хэдэн зуун бүтээл үзээд гарахдаа алийг нь ч үнэхээр харалгүйгээр, сайтар ажиглалт хийлгүй гардаг гэж үзээд өөрийн оюутнуудаасаа ямарваа нэгэн байдлаар өөртэй нь холбогдож буй нэг бүтээлдээ дор хаяж 20 минут зарцуулахыг хүссэн байна. Ингэснээр үзээд байгаа тэрхүү урлагийн бүтээлээ жинхэнээсээ харж эхэлдэг гэдгийг онцолжээ. Үүнд заавал музейн хамгийн алдартай, гоц гойд үзмэр байх албагүй бөгөөд үзэгчийг юу татаж байна түүндээ энэ хугацаагаа зарцуулахыг зөвлөсөн байна. Бүтээл юуг өгүүлж байна, уран бүтээлч өөрөө юуг өгүүлэхийг зорьсон, бүтээлийн түүхэн ач холбогдол, хүүрнэл зэрэг үндсэн ойлголтуудаас гадна үзэгч юу олж харж байна буюу тухайн бүтээлээр дамжин үзэгчийн оюун санаанд ямар бодрол, яагаад төрж байна хэмээн эргэцүүлэхэд энэ нэмэлт хугацаа шаардлагатай болов уу. Бүтээл нь үзэгчид юу өгч байна гэдгээс гадна, бүтээлийн тусгалд буух дотоод бясалгал нь өөрөө урлаг яагаад бидэнд тийм их нөлөө үзүүлж чаддагийн нэгэн тайлал байх.
Мэдээж 20 минут гэдэг бол богино хугацаа биш. Музей үзэхдээ ганц бүтээлд байгаа бүх цагаа зарцуулбал алдагдсан боломжийн өртөг нь хэт их санагдаад, үзэгч бүрэн дүүрэн сэтгэл ханамж авч чадахгүй байх. Гэхдээ бүгдийг үзсэн ч өөрт юу ч авч үлдэхгүй байх нь бас нэг л хоосон. Иймд үзэгч та дараагийн музейн “марафоноо” хийх үедээ аль нэг бүтээл дээр ердийн үед зарцуулдаг хугацаанаас аль болох удаан зогсоод, тогтож ажиглаарай.