Турфаны ханын зураг ба Монгол бичгийн түүхийн тухай
Олон улсын Эх хэлний өдөрт зориулан Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд буй Турфаны ханын зураг ба Монгол бичгийн түүхийн тухай танилцуулга хүргэж байна.
Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан
VIII зуун буюу Уйгарын үед дүрслэх урлагт бурхны шашны сэдэв зонхилж, ялангуяа сүм хийдийн хана туурганы чимэг давамгайлж Турфаны нэрээр алдаршжээ. Энэ ханын зураг нь Одоогийн БНХАУ-ын Шинжиан мужид байсан хийдийн ханын зураг бөгөөд Цагаадай хааны удам угсааны уугуул эзэмшил нутаг байжээ.
Тус зургийн эх хувилбар нь Энэтхэгийн шинэ Дели музейд хуулбар нь Дүрслэх урлагийн музейд буй Турфаны ханын зургуудад Бурханы сургаалыг олон шавь нартаа номлож байгаа байдал, залбирал мөргөл үйлдэж байгаа, гашуудан эмгэнэл илэрхийлж байгаа, бясалгал хийж байгаа бодьсадва нарын дүрийг дүрсэлсэн үйл хөдлөлтэй том зохиомж зургуудаас хэсэгчлэн авсан байна. Энэхүү Монголын дүрслэх урлагийн түүхэнд бурхныг дүрсэлсэн байдлаараа эрт үеийнхэд тооцогдох Турфаны сүмийн ханын зурагт Бодьсадва болон бусад дүрийн хамт эртний уйгуржин бичгээр бичиж тэмдэглэснээрээ бусад ханын зургаас ялгаатай.
Монгол бичиг, эх хэлний үүсэл гарвалын талаар зарим судлаачид МЭӨ X зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болжээ. Дорно зүг дэлгэрсэн нь Арамей, Сири Согдоор дамжин Уйгур, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюи, Тоба, Жужан нар тусгай бичигтэй байжээ хэмээн дурдсан байдаг.
Аливаа үндэстэн шинэ бичиг үсэг боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдгийн адилаар монгол бичиг анх үүсэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн. Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр бидэнд авч ирсэн нь монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг ажээ. Хэлний олон талт судалгааны үндсэн дээр Монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй гэх баталгаа баримт бий. Монгол бичгээр уламжилсан судар шастир, намтар түүх, данс хараа, албан бичиг тэргүүтэн нь Монгол туургатны туулж ирсэн зам мөр, туурвиж бүтээсэн оюун ухаан, мандаж буурсан баримт түүхийг танин мэдэх гол түлхүүр бөгөөд Монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол хэлний авианы тогтолцоо, үгийн бүтэц хэлбэржилт, үгийн сан, үгийн гарал, түүх, өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалт, найруулгын ур маягийг гагцхүү монгол бичгийнхээ сан хөмрөгөөс тодруулах боломжтой билээ.
Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасаршгүй цутгалын нэг нь болох Согд-Уйгураас гаралтай, дээрээс доош босоо чиглэлтэй бичдэг өвөрмөц онцлог бүхий монгол бичгийн өөрсдийн хэл аялгуундаа тохируулан боловсруулж, өнөөг хүртэл хэрэглэж буй дэлхий дээрх цорын ганц үндэстэн байгаа нь бахархалтай. [1]
[1] Ш.Чоймаа. Монгол хэл бичиг, соёл судлал. Улаанбаатар.2017