Урлагийн охин тэнгэр

The Fine Arts Zanabazar Museum
4 min readJun 4, 2020

--

Их охин тэнгэр Сарасвати тахихад зохист их тэвчээрт

Энэ ертөнц бүгдэд тийн зүйл, дээдийг өгөгч, их эрдэмт

Үзүүрт оршсон үзэсгэлэнт дүрва өвсөөр хувцсыг хэлхсэн,

Дүрва өвсөн хувцсыг өмссөн нэг хөлөөрөө оршигч

Тэнгэр бүгд цуглаад ийнхүү үгийг өгүүлээд

Амьтан бүгдэд ариун үгийг номло, хэлээ соёрхогтун!

Д.Гоомарал, Эрдэм шинжилгээний ажилтан.

Янжинлхам бурхныг Буддын шашинт улс орнууд дүрслэн шүтсээр ирсэн олон зууны уламжлалтай. Урлагийн охин тэнгэрийг Төвдөөр Янжанма , Янжинлхам, санскритаар Сарасвати Sarsvati, монголоор Эгшиглэнт охин тэнгэр хэмээн нэрлэдэг. Янжинлхам нь Энэтхэгийн бярман нарын гол шүтээн байсан ба Вед-ийн шашдирт Брахма тэнгэрийн охин гэдэг. Энэтхэгийн урлагийн гол шүтээн бол Төвд, Монгол орноо хэлний эрх баялгийг хайрлагч шүтээн хэмээдэг. Янжинлхам бурхны нэгэн домогт ертөнц үүсэж, анхдугаар галав тогтсон цагт арван зүгт хий босож, хот мандал үүсжээ. Огторгуйгаас булга модны чинээ зузаан алтан үүл хуралдсаар хур бороо үргэлжлэн бууж их далай тогтлоо. Тэр үеэс далайгаас машид яруу дуун дурссан бөгөөд тэр цагаас хойш Янжинлхам-ыг Брахма тэнгэрийн охин гэж нэрлэх болсон ажээ. Янжинлхам нь яруу өгүүлэхүйн ухаанд мэргэн тул билиг төгөлдөр эх хэмээн алдаршсанаар үл барам хэлний эрх баялгийг хайрлагч шүтээн болж алдаршжээ. Энэ нь Хинду шашны домог бол Бурхны шашны өөр нэгэн домогт Жанрайсэг бурхны энэрэн нигүүлсэхүйн мэлмий шүүдрээс рашааны цөөрөм үүссэний дотор ургасан лянхуа цэцгийн ишнээс салсан тоорцог цоморлогоос Дара эх, Хилэнт эх, Эгшиглэнт эх, Гэрэлт эх зэрэг дөрвөн лхам залран гарч ирсэн гэдэг.

Янжинлхам бурхан нь аливаа амьтан төгс төгөлдөр билиг оюуныг хайрлагч, мунхаг хийгээд үл мэдэхийн хамаг бүх хүлээснээс салган ханьцашгүй дээд бодь гэгээрэлд хүргэхийн бэлгэдэлтэй ажээ.

Янжинлхамын дүр нь буддын шашны сүм хийд танка зургийн дотор өргөнөөр дүрслэгддэг. Санскрит хэлнээ Сарасвати гэдэг нь усны сурвалж гэсэн утгатай. Төвд хэлэнд ламу янжима энэ нь оюун ухааныг бэлгэдэж эмэгтэй хүний дүр төрхөөр илэрдэг юм. Энэтхэгт Хинду шашинд оюун ухаан хийгээд урлагийн тэнгэр хэмээдэг. Тэр нь эмэгтэй сахиусны дүрээр Энэтхэгийн домогт Сарасватий хэмээх нэрийн тухайд Энэтхэгийн Сарасвати гэдэг голоос эхлэлтэй хэмээдэг.

Энэтхэгийн алдарт тууль (Et Maha Polo-д тэмдэглэснээр Санкстрит хэлийг бүтээсэн сахиус болсон хэмээн үздэг.

Янжинлхамын мутрын барьц болох Пипа хөгжмийг буддын шашинд дүрслэхдээ пипа хөгжмийн гогцоог дотогш харуулж дүрсэлдэг уламжлалтай харин бусад шашинд дүрслэхдээ гогцоог гадагш харуулан дүрсэлдэг онцлогтой байна.

Янжинлхам бурхны дүр нь гүн бэлгэдлийн утга агуулгатай. Янжинлхам нь ариун далайгаас гаралтай нь буян хишиг оюун ухаан хоёрыг бясалгасныг бэлгэднэ.

Ногоон навч хүрээлсэн лянхуа цэцгээс гарч буй лянхуа нь шавар балчигт ургадаг ч ариун сайхныг бэлгэддэг учиртай. Баруун зүүн хоёр талд цэцэг навч хүрээлэн угалзран ургаж буй нь хүний гэгээн ухаан дөрвөн зүгт дэлгэрч байдгийг заасан бэлгэдэлтэй бөгөөд баруун зүүн талдаа тэгш ургаж буй нь оюун санааг тэгш дүүрэн байхыг, тэргэл саран дэвсгэр нь түүний энэрэнгүй сэтгэл төгс төгөлдөр байхыг бэлгэднэ.

Түүний биеийн өнгө цагаан болор шиг тунгалаг гэрэлтэнгүй. Цагаан өнгө нь мунхгийг арилгадаг хэмээн бэлгэднэ. Эелдэг зөөлөн харц, инээмсэглэн буй дүр нь хамаг амьтнаас эс салахыг бэлгэдэж байна. Цээж биедээ сондор чимэг хадаг зүүж, бэлхүүс хэсэгтээ хувцас даавуу байхгүй байгаа нь бүх зүйлсийн хоосон чанарыг бэлгэдсэн.

Таван өнгийн цэцгээр урласан таншин өмссөн нь аливаа үзэгдэл болоод мөн чанарыг холигдошгүй таван ухааныг бэлгэднэ. Чихний чимэг болоод хүзүүний чимэг нь өглөг өгөх, сахил сахих, тэсвэр тэвчээр, бясалгах, хичээл зүтгэл, мэргэн ухаан гэх зургаан зүйлийг бэлгэднэ.

Цэцгэн титэм нь гурван ертөнцийн хамгийн сайхныг, пипа хөгжим нь бурхны шашны 84000 номлолоо гоё сайхан дуугаар дамжуулан чихэнд аятай хөг аясаар хамаг амьтанд хүргэснийг бэлгэдэн дүрсэлдэг байна.

Янжинлхам бурхныг дангаар болон Манзшир, Цогт охин тэнгэр буюу Балданлхам бурхдын нөхөр сэлт болгон дүрсэлдэг.

Балданлхам зээгт наамлын хэсгээс. Их хүрээний нэрт урчууд. XIX зуун. Торго, торгон утас, эрдэнийн чулуу.

Жишээ нь Дүрслэх урлагийн музейн хосгүй үнэт үзмэрүүдийн нэг болох Цогт охин тэнгэр болон Зөөлөн эгшигт буюу Манзшир зээгт наамал шүтээн зурагт Янжинлхам бурхныг гол дүрийн бурхны нөхөр сэлт болгон зохиомжийн доод хэсэгт дүрсэлсэн байдаг. Их хүрээний Зоогой аймгийн Хасгомбо зураачийн хар зургаар бүтсэн Цогт охин тэнгэр зээгт наамалд Янжинлхам бурхныг зүүн доод хэсэгт дүрсэлжээ.

Манзшир зээгт наамлын хэсгээс. XIX зуун. Торго, торгон утас.

Зөөлөн эгшигт буюу Манзшир хэмээх бүтээлийг XIX зууны сүүл үед Их хүрээний Зоогой аймгийн нэрт зураач Хасгомбын хар зургаар Хүрээний урчууд урласан аж. Энэхүү бүтээлийн зохиомжийн баруун доор охин тэнгэр Янжинлхам бурхныг дүрсэлсэн байна.

Ашигласан ном

1. Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар оршвой.

2. Зара Флеминг, Ж.Лхагвадэмчиг. Монголын бурхны шашны урлаг. 2011

3. Бүрнээ.Д, Энхтөр.Д.Түвд, Монгол илт өгүүлэх нэрийн толь. 2003

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet