Хүн чулуун хөшөөг сэргээн засварласан нь

The Fine Arts Zanabazar Museum
4 min readApr 14, 2020

--

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхимд буй чулуун хөрөг нь Монголын эзэнт гүрэн буюу XIII-XIV зууны үед холбогддог билээ. Тус хүн чулуун хөрөг өмнө нь гурван хэсэгт хагарч хуваагдсан байсныг хэрхэн сэргээн засварласан талаар энэхүү блогтоо хүргэж байна.

Д.Уранчимэг, Сан хөмрөгч

Тус музейн сан хөмрөгт 69.42.04 гэсэн хувийн дугаартай буюу 1969 онд музейн бүртгэлд орсноос өөр ямар ч мэдээлэлгүй нэгэн хүн чулуу анх ирсэн чигээрээ л хадгалагдаж байсан юм. Жин нь ойролцоогоор 100 кг илүү гарах байх. Маш хүнд боржин чулуу болохоор бид жингээ эвдэхээс айгаад тооллогын үеэр ер жигнэж үзээгүй юм. Өмнө нь ч бүртгэлд жинг тавиагүй юм билээ. Уг чулуун хөшөөг археологич Д.Баяр агсан 2009 онд анх хараад ихэд олзуурхаж: “Ямар сонин хөшөө вэ, яах аргагүй XIII зууны үеийн дурсгал байна, судлах хэрэгтэй юм байна. Хаанаас олдсон юм бол” хэмээн ихэд олзуурхаж байж билээ. Харамсалтай нь судлаж амжаагүй юм.

Энэхүү чулуун хөшөө нь хүзүү, бэлхүүс хэсгээрээ хугарч гурван хэсэгт хуваагдсан учир судалгааны эргэлтэнд ороогүй, үзүүллэгт ч тавигдаагүй өнөөг хүрсэн байв. Д.Баяр агсны “сэргээн засаж, үзүүллэгт тавих хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу ийм хугархай чулууг нааж болох эсэх талаар Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат болон Сэргээн засварлах хэлтсийн мэргэжилтнүүдээс асууж сураглахад “бололгүй яахав” гэдэг хариуг өгч байсан юм.

Уг чулуун хөшөөг сэргээн засварлаад музейн эртний урлагийн танхимын үзүүллэгийг баяжуулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтан Х.Цэрэнбямба 2013 онд анх эл үзмэрийн судалгааг хийсэн юм. Тэрээр XIII-XIY зууны үед буюу Дорнод Монголын хүн чулуунд цөөн тоогоор тохиолдох босоо дүрслэлт бүтэн сийлмэл хөрөгт хамаарах дурсгал болохыг тогтоосон юм. Энэхүү чулуун хөргийг археологчдын өмнөх судалгааны хэрэглэгдэхүүнд бүртгэгдээд буй XIII-XIV зууны үеийн чулуун хөргүүдэд дүрслэгдсэн нэн ховор дүрслэлүүдийг нэгэн чулуун хөрөгт багтаан урласанаараа цорын ганц хүн чулуу болохыг тодорхойлж, тус музейн эртний урлагийн танхимд зайлшгүй байх ёстой үзмэр гэж дүгнэсэн юм.

Ингэснээр энэхүү дурсгалыг сэргээн засварлах зайлшгүй шаардлага тулгарч, 2015 онд яаралтай сэргээн засварлах үзмэрийн жагсаалтанд оруулснаар музейн захиргаа дэмжиж, Соёлын өвийн Үндэсний төвд хандсан билээ. Тус төвийн соёлын биет өвийг сэргээн засварлах хэлтсийн дарга Д.Нямдоржийн удирдсан баг төлөвлөгөөнд нь ороогүй боловч нэмэлт ажлаар бүртгэн авснаар 2016 онд манай музейд ирж, богино хугацаанд уг дурсгалыг сэргээн засварлаж өгсөн юм. Багийн бүрэлдхүүнд сэргээн засварлагч Н.Бат-эрдэнэ, А.Мөнгөнцоож, Э.Батжаргал нар орж, сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ингэж бид музейн эртний урлагийн танхимдаа өмнө нь олон нийтэд хүрч байгаагүй төдийгүй энэ төрлийн дурсгалын судалгаанд огт бүртгэгдээгүй нэгэн өвөрмөц уран хийц бүхий уг чулуун хөргийг байнгын үзүүллэгтээ нэмсэн билээ.

Энэ үйл ажиллагааг “Музей ба Соёлын өвийн дурсгалт газар” уриан дор зохион байгуулагдсан Олон улсын музейн өдрийг тохиолдуулан 2016 оны 05 сарын 18 ны өдөр анх удаа олон нийтэд толилуулсан юм.

Р.Чинзориг, ДУМ Сэргээн засварлагч

Бид хүн чулуун хөшөөг сэргээн засварлан музейн эртний урлагийн танхимд дэлгэн харуулах ажлыг бэлтгэхдээ чулуун хөшөөний хөлнөөс доош илүү гарсан хэсгийг нь тусгайлан бэлтгэсэн сууринд байрлуулан цутгаж, хөлнийхөө улаар энэхүү суурин дээр гишгэж байгаа мэтээр зохиомжлон суурилуулсан.

Чулуун хөрөгний доод хэсгийг сууринд бэхэлсний дараа их бие болон хөлний хэсгийг нийлүүлэхийн тулд дотор талыг өрөмдөж каркас маягаар төмөр суулгах шаардлагатай байсан. Учир нь чулуун хөрөгний их бие нь 45° налуу байдлаар хугарсан бөгөөд хүнд масстай их биеийн хэсгийг хугархай дээр тогтооход нэмэлт бэхэлгээ хийх шаардлага гарсан билээ.

Хоёр хэсэг чулуугаа бэхлэхдээ тусгай цавууг чулуун хөрөгтэйгээ ижилхэн өнгө, ширхэгтэй чулуун бэлдэцтэй хольж наасан нь хуваагдсан хэсгүүдийг наахаас гадна, дутуу, эмтэрч алга болсон хэсгүүдийг нөхсөн.

Их биеийн хэсгийг залгаж наасан байлал

Хугарсан хэсгүүдийг нийлүүлж, нөхөж наасан цавуутай хэсгийг хатсаны дараа чулуун хөшөөн дээрх хувцасны нугалаас, хээ чимэгийг үргэлжлүүлэн дууриалган цохиж цоолборлосноор чулууны гадаргын ширхэгийг нэгэн жигд харагдахуйц болгосон.

Чулуун хөрөгний салсан толгойн хэсэг дараа нь мөн ижил аргаар залгагдсан. Ингээд хамгийн сүүлд цавуутай хэсгүүдийг чулууны өнгөтэй ижил өнгөөр будаж эртний урлагийн танхимдаа дэлгэн харуулахад бэлдсэн.

Толгой хэсгийн сэргээн засварлалт
Байгалийн чулууны өнгөтэй ижил өнгөөр будаж буй байдал
Эцсийн үр дүн

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet