Хөл хорионы үеэр хэрхэн музей “үзэх”вэ?
Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байрлах музейнүүд нэгэн сэдвийн дор нэгдэж, тухайн сэдвийн зорилтуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг онцлогтой. 2020 оны Олон улсын музейн өдрийн сэдэв “Тэгш байдлын төлөөх музей: Олон янз байдал ба тэгш хамруулах” буюу “Museums for Equiality: Diversity and Inclusion” юм.
Дэлхий дахины өмнө томоохон сорилт болоод буй COVID-19 цар тахлын улмаас энэ жилийн Олон улсын музейн өдрийн төлөвлөгөөт арга хэмжээнүүдэд томоохон өөрчлөлтүүд орж, ихэнх музей зайнаас, онлайн хэлбэрээр үзэгчдэд чиглэсэн хөтөлбөрөө хүргэх шаардлага тулгараад байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хувьд ч мөн адил үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан музейн олон нийтэд хандсан үйл ажиллагааг зайнаас хүргэж эхэлсэн бөгөөд дижитал контентын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, хөтөлбөрүүдээ онлайн хэлбэрт хөрвүүлэх зорилготойгоор эрчимтэй ажиллаж байгаа билээ. Музейд биечлэн зочлох боломжгүй байгаа энэ үед бидний зүгээс хүргэж буй дараах үйл ажиллагаатай танилцаж, удахгүй уулзах цаг мөч хүртэл музейтэйгээ холбоотой байх сувгуудыг нэр дор цогцлоон хүргэж байна.
1. Музейн вебсайт
www.zanabazarmuseum.mn
Музейн вебсайт дээрх Сан Хөмрөг хэсгээс музейн сан хөмрөг, байнгын үзүүллэгийн танхимууд болон танхим тус бүрээс онцлох үзмэрүүдийн талаар унших боломжтой.
2. Миний Дуртай Бүтээл Цуврал
Миний Дуртай Бүтээл цувралаар дамжуулан музейн байнгын үзэгч, урлаг сонирхогч, уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүд болон музейн ажилчид Дүрслэх урлагийн музейд буй өөрийн дуртай, сэтгэлд хоногшсон урлагийн бүтээлүүдээ хуваалцан тэдгээрийн талаар сонирхолтой яриаг өрнүүлдэг билээ.
3. Facebook Live Тайлбар
The Fine Arts Zanabazar Museum
Музейн танхим, сэдэвчилсэн үзэсгэлэнгийн тайлбарыг шууд дамжуулах — live video хэлбэрээр 2020 оны 1-р сараас эхлэн хүргэж эхэлсэн.
4. Instagram Trivia — Асуулт хариулт
Дүрслэх урлагийн музейн тухай мэдлэгээ сорихыг хүсвэл Instagram Stories хэсэгт явуулдаг Асуулт хариултын Trivia-д оролцоорой. Мөн өмнө бэлтгэн хүргэсэн Асуулт хариултуудтай танилцахыг хүсвэл Story Highlights хэсгээс үзэх боломжтой.
5. Google Arts and Culture — Виртуал Аялал
https://artsandculture.google.com/partner/the-fine-arts-zanabazar-museum
Google-ийн Arts and Culture сайт нь дэлхийн 2000 гаруй музей, архивтай хамтран контент бэлтгэн хүргэдэг бөгөөд үүгээр дамжуулан музей дотор виртуал аялал хийж болдогоороо онцлог билээ. Дүрслэх урлагийн музейн Зээгт наамал болон Цамын танхимуудад зочлох боломжтой.
Виртуал хэлбэрээр аялахаас гадна музейд хадгалагддаг зарим үзмэрийн өндөр нягтаршилтай зураг болон товч танилцуулгыг үзэж болдог.
6. Музейн блог
https://medium.com/@thefamuseum
Блогоороо дамжуулан музейн үзмэр, цуглуулга, урлаг, түүх болон эдгээрийн огтлолцол дээр орших өргөн хүрээний сэдвийг хамарсан нийтлэлүүдийг тогтмол бэлтгэн хүргэдэг.
7. Болор Орд — The Director’s Podcast
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяагийн хөтлөн явуулж буй Болор Орд подкастын анхны дугаарт Олон Улсын Музейн Зөвлөлийн Үндэсний Хорооны (ICOM Mongolia) тэргүүн Д. Бумаа оролцож Олон улсын музейн өдрийн талаар ярилцсан билээ. Энэхүү подкастын дараа дараагийн дугаарууд тун удахгүй та бүхний сонорт хүрэх болно.
8. Гэрээсээ музейд төсөл
https://www.facebook.com/virtualmuseum.ub/
Зориг Сан болон Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй “Гэрээсээ музейд” төслийн баг Дүрслэх урлагийн музейтэй хамтран 360 бичлэг бүхий танхимын аялал бэлтгэсэн . Мөн тус төслийн хүрээнд музейн үзмэр, үзүүллэгийн талаар сонирхолтой нийтлэл тун удахгүй UB.LIFE мэдээллийн сайт дээр тавигдаж олон нийтэд хүрэх гэж байна.
Энэ төсөлд мөн Улаанбаатар хотын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг таван музей хамрагдаж байгааг дуулгахад таатай байна.