Цаст Төвөдийн Нийслэл Лхас Хот
Лхас зураг бол Б.Шаравын уран бүтээлийн явц дахь хувьслын илрэл, баялаг туурвилын сангийн томоохон төлөөлөл билээ
А.Дуламжав, Эрдэм шинжилгээний ажилтан.
XIX-XX зууны монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч Марзан хочит Б.Шарав Цаст Төвөдийн нийслэл Лхас хотыг нүдээр хараагүй атлаа хотын эргэн тойрны байдлыг өндөрлөгөөс харж буй мэт зохиомжлон гарамгай дүрсэлсэн байдаг. Тус зурагт XIII Далай лам Түвдэнжамцын (1876–1933) үеийн Лхасд болж буй шинэ жилийн баяр ёслол өрнөнө. Лхас хотод өдгөө байрлах мөн устаж үгүй болсон томоохон сүм, барилга байгууламж, хотын зохион байгуулалтыг тодорхой харуулахаас гадна тухайн үеийн Лхас хотын оршин суугчдын амьдралыг нарийн тоочиж дүрслэн харуулснаараа энэхүү зураг тун онцлог.
Зургийн гол хэсэгт Далай лам нарын ордон улаан, цагаан өнгөтэй Потала (Бодала) ордон байрлана. Төвөд оронд анх Буддын шашин дэлгэрэхэд Их нигүүлсэнгүй Жанрайсиг бурханы сургаал болон шүтээн дүрийг залсан гэдэг. Потала гэдэг нь Жанрайсиг бурханы орны нэр бөгөөд Жанрайсиг бурханы хувилгаан дүр Далай лам нарын ордонг ийн нэрлэсэн аж. V Далай лам Наваанлувсанжамц (1617–1682) одоогийн Потала ордныг барих ажлыг 1645 онд эхлүүлжээ. Ордны улаанаар дүрсэлсэн хэсэгт Далай лам нар оршин суудаг байсан бол цагаан хэсэгт Төвөдийн төр засгийн удирдлага байрладаг байж. Ордны өвөрт зассан асар майханы дунд цамын ёслол явагдана.
Потала ордноос зүүн доош уруудан XIII Далай лам Түвдэнжамц жууз дамнуурган дээр морилон, гудамны хоёр талаар эгнэн зогссон лам хувраг, шүхэр баригч, хөгжимчдийн дундуур залран ордны хэрэмнээс гарч морилон буй үйл явдал харагдана. XIII Далай ламыг урт сахал, оводой малгайтай зэрэг гэрэл зурагт мөнхөрсөн хөрөг дүртэй нь ихээхэн дөхөм байдлаар, бусад дүрүүдээс хамгийн тод томруун, танигдахуйц дүрсэлжээ. Түүний урд талд тод өнгийн туг дарцагтай намируулсан хувцастай Далай ламын төлгөч Нэчүнг залрана.
Далай ламын ард талд байрлах шонгоос Потала ордон хүртэл холбосон нарийн олсон дээр нэгэн хүн байх бөгөөд тэрээр доош уруудаж буй хачирхалтай үйл явдлыг харуулсан байна. XIX-р зуунд Төвдөд зорчсон аялагчдын тайлбарласнаар энэ нь нэг төрлийн акробат үзүүлбэр, дасгал бөгөөд тус үйлд Төвөдийн Зан мужийн хүмүүс илүү гарамгай байсан гэж тэмдэглэсэнтэй Шаравын зурган дээрх энэхүү деталь тохирч байгаа юм.
XIII Далай ламын доод хэсэгт Рамоче сүм байрлана. Тус сүмийг VII-р зуунд Соронзонгомбо хааны хоёр хатны нэг Вен Ченг бариулсан бөгөөд түүний Төвдөд авч ирсэн, Төвөдийн хамгийн нандин шүтээн болох Шагжамуни Буддагийн залуу дүрийн баримал тэнд байрладаг байж. Хожим тус баримлыг Жохан сүмрүү нүүлгэсэн. Жохан нь Лхасын хурал ном хурах гол сүм дуган бөгөөд Б.Шаравын зурагт Жохан сүмийг зорих мөргөлчдийн урт цуваа үүссэнийг мөн харуулжээ. Сүмийн хашаан дотор лам нар цуглан Богд Зонховын (1357–1419) уламжилсан “Их Ерөөл” номыг хурж буйг дүрсэлсэн байна. Жохан сүмийн зүүн талаар үргэлжлэх урт гудам бол Бархор худалдааны гудамж. Мөргөлчид мөргөл үйлдсэний дараа тэнд очиж худалдаа наймаа хийнэ.
Зургийн баруун доод буланд Төвөдийн гурван их хийдийн нэг болох Ганданг дүрсэлсэн бол зургийн баруун дээд хэсэгт Сэра, зүүн дээд хэсэгт Брайбүнг тус тус байрлуулсан байна. Эдгээр гурван хийдийг Богд Зовхов болон түүний шавь нар 15-р зуунд үүсгэн байгуулсан бөгөөд Монгол лам нар шавилан суудаг байж. Шарав тус гурван их хийдийг дүрслэхдээ Брайбүнг хийдийг Потала зэрэг байгууламжийн адил нэгэн өнцгөөс харан зурсан бол Гандан болон Сэра баруун дээд өнцгөөс харж буй мэтээр өөр перспективтэй зурсан нь сонирхолтой.
Инесса Ломакинагийн үзсэнээр Б.Шарав “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь”, “Ногоон ордон” зэрэг алдартай бүтээлүүдээ 1912–1915 онуудад туурвисан бол “Лхас” зургийг эдгээр зургуудаас хойш зурсан хэмээх санааг дэвшүүлсэн байдаг. Тэрээр мөн Шарав зургийг нь зурах даалгавар авсан газраа биеэр очиж үзээгүй тул Лхасын гэрэл зураг мөн XIII Далай ламын гэрэл зураг зэргийг үзэхээс гадна зургаа зурахдаа ашигласан байж болохыг онцолсон байдаг.
Нүдээр хараагүй газар, тэр дундаа барилга хот байгууламж тэдгээрийн байршил зэргийг ингэж нарийн тоочиж зурахад үнэхээр Лхасын гэрэл зураг эсвэл ижил төстэй зураг дүрслэл ашигласан болов уу. Лхас зургийг Шаравын бусад бүтээлтэй харьцуулан үзвэл урт босоо зохиомж, өнгөний сонголт зэргээрээ ялгаатай ч нөгөө талаараа гэрэл зургийг хөрөг зурахдаа ашиглах, өөрийн нүдээр хараагүй орчныг төсөөлөх чадвар зэрэг нь түүний туурвил зүйн онцлогтой нийцэж байгаа юм. Иймд Лхас зураг бол Б.Шаравын уран бүтээлийн явц дахь хувьслын илрэл, баялаг туурвилын сангийн томоохон төлөөлөл билээ.
Ашигласан материал:
Berger, Patricia and Terese Tse Bartholomew. Mongolia: The Legacy of Chinggis Khan. London: Thames and Hudson, 1995.
Ломакина И.И. Марзан Шарав. Москва: Изобразительное искусство, 1974.
Н.Нанзаддорж, Н.Амгалан. Мэлмийгээр Болгоогч Хутагт Жанрайсиг. Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд, 2015.
Н.Саруул, Ж.Мөнхзул нар. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэлгэрэнгүй mайлбар. 2012.