Үлээвэр хөгжмийн зэмсэгүүд
Д.Уранчимэг, Сан хөмрөгч.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсэгүүд нь ихэвчлэн шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байсан зэмсгүүд юм. Энэ удаа бид та бүхэндээ үлээвэр хөгжмийн ангилалд багтах хөгжмийн зэмсгийг танилцуулж байна.
Үлээх аргаар дуу аялгуу гаргадаг хийн эгшигтний аймгийн хөгжмийн зэмсэгийг үлээвэр хөгжмийн зэмсэг хэмээн нэрлэнэ. Тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бүрээ, бишгүүр, дун бүрээ, ганлин, гандан зэрэг нь хөгжмийн энэ төрөлд багтана.
Их бүрээ. Эрт үеэс сүм, хийдийн хурал номын үеэр ашиглаж ирсэн үлээх этгээд нарийн, доод анги бүдүүн, өтгөн дуутай үлээвэр хөгжим. Гууль, зэсээр дэлдэн үйлдэх бөгөөд үхэр бүрээ ч гэж нэрлэх нь бий. Урт учир хэд хэдэн хүн дамнаж мөрлөн тоглодог.
Бүрээ нь материалын хувьд олон янз байх бөгөөд зэс бүрээ, гуулин бүрээнээс гадна мөнгөөр урласан бүрээ ч байдаг аж. Мөн хэмжээгээрээ дунд бүрээ, үхэр бүрээ буюу их бүрээ, өчүүхэн бүрээ буюу цордон бүрээ гэх мэт уламжлалт олон зүйл бий.
Бүрээний ам өргөн бүдүүн, харин сүүл хэсэг нь нарийн байх бөгөөд гурван үе угсраа байдгийн ам тэргүүтэн, их биед буян бэлэг тэмдгийг алт, мөнгө тэргүүтнээр чимж хээлсэн байдаг. Дуугарах чимээ нь чанга сул байхын учир эр дуу, эм дуу гэж ялгадаг бөгөөд дууны аялгуу эгшиг нь адилгүй янз бүрээр нэмж гарсаар байна.
Бүрээг ихэвчлэн сахиусны хуралд ашиглах бөгөөд “Майдар эргэх”, “Цам”-ын үеэр ч хэрэглэдэг ажээ. Бүрээгээр огторгуйн зааны хүрхрэх дууг илэрхийлдэг аж.
Цордон бүрээ. Цордон бүрээ нь сүм, хийдийн хурлын үеэр үлээдэг байсан ба их бүрээг бодвол хэмжээ бага, нарийхан, гууль ба зэсээр дэлдэж хийдэг үлээвэр хөгжмийн зэмсэг. Цордон бүрээг заавал хосолж үлээдэг байжээ.
Дун бүрээ. Дун буюу лавайн бүрхэвчээр хийсэн үлээвэр хөгжмийн зэмсэг. Энэ нь цагаан өнгөтэй, уянгалаг сонсголонт дуутай. Дун бүрээ нь ялалт, сайн бүхнийг дөрвөн зүг, найман зовхисоос урин дуудахыг бэлэгддэг учраас сүм хийдүүдэд олон хуврагууд цугларч хурал хурах уриа дуудлага болон бурхад, чуулганы орныг баясгах яруу эгшиглэнт тахилын дуу тэргүүтэнд шүтэн барилдахуйн бэлгэдэлээр хэрэглэж заншсан байна.
Уриа дуудлагын эрхэм чухаг хөгжмийн зэмсэг байсан учир 1921 онд ардын хувьсгалын журамт цэрэг уриа дуудлагатаа хэрэглэсэн байдаг.
Мөн хонины хотон дун татвал хонь үрждэг, өвчин эмгэг арилдаг хэмээх малчин ардын ёс заншил байжээ.
Нар буруу эргүүлэгтэйг нь эрдэнийн чанартай гэж үздэг тул далбааг нь алт, мөнгө, зэсээр чимэх ба гөрмөл хээгээр хүрээлж, түүний дунд лууны дүрс, бусад хээ угалз товойлгон хөөж чимэглэсэн байдаг.
Бишгүүр. Бишгүүр нь үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг. “Бялар” нэртэйгээр анх хотон ястны дунд өргөн тархаж байсан. Мөн Хубилай хааны үед ордны хөгжмийн бүрэлдхүүнд орж байсан тухай мэдээ бий. Бишгүүрийн дуу нь тэнгэрийн галбингаа шувууны жиргэх аянаас авсан бөгөөд тэрхүү аяыг дууриаж тоглодог гэсэн домог яриа бий.
Монгол дархчуулын урласан хулсаар хийж, зэс, мөнгө, алт шармал зэргээр тоноглосон олон төрлийн бишгүүр уламжилж ирсний зарим нь одоо тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Ганлин ба гандан. Ганлин нь үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд шашны зан үйлд өргөн ашиглана. Анх гарсан түүх нь тодорхойгүй боловч тарнийн ёсны номлолтой хамт гарч, зөвхөн тарнийн ёсны хурлын зан үйл, лүйжин тавих, ерөөл унших үед хэрэглэж иржээ. Чөмгөн ганлинг нас барсан хүний хөлийн дунд чөмөгний ясаар хийдэг гэлцдэг. Мөн тас, бичний чөмгөөр хийсэн ганлин байх ба түүний гадуур зэс, мөнгө, арьсаар бүрсэн байдаг аж. Хүний чөмөгний ясаар хийдэг нь өөрийн цогцос, үүнд шунан тачаахын шуналыг буцаах болон үхэл, мөнх бусын номонд сануулан дуртахын тухайд хэрэглэдэг ажээ.
Ганлинг ихэвчлэн сахиусны хурлын үед хэрэглэх бөгөөд Их хүрээнд жилд нэг удаа хурдаг “Шанлан сахиус”-ыг хурах үеэр болон “Хажидын чого” хурах үед, мөн “Цам”, “Сор” залах зэрэг зан үйлийн үед хэрэглэдэг байжээ.
Гандан нь мөн хөгжмийн зэмсэг бөгөөд ганлингийн нэгэн төрөл. Тарнийн ёсны зан үйлд хэрэглэгддэг. Ганданг шашны зан үйл тухайлбал: Цамын бүжигт хэрэглэнэ. Ганданг үлээх арга олон янз байдгаас гадна зорилгоос хамааран хэрэглэх байдал харилцан адилгүй. Гандан нь өөрийн гэсэн ая дантай агаад ганданг үлээхийн өмнө амаа рашаанаар зайлна. Матар гандан, ямаан гандан, булуу гандан гэх зэрэг төрлүүд байдаг аж.